АТГ "ялаа агнадаг" ажилтай болов

Хуучирсан мэдээ: 2019.09.10-нд нийтлэгдсэн

АТГ "ялаа агнадаг" ажилтай болов

АТГ "ялаа агнадаг" ажилтай болов

Авлигатай тэмцэх газар /АТГ/ “ялаа  агнасан” бичлэг цацдаг л ажилтай боллоо.  Хэдэн сарын өмнө УИХ-ын төвшинд "Төрийн өндөр албан тушаалтнууд /бар/ нэр холбогдсон томоохон хэргүүд илрэхгүй, дарагдаж байна” гэх шүүмжлэл өрнөж, удирдлагыг нь өөрчилсөн. Гэтэл шинэ удирдлагатай болсон АТГ-ын цацсан хоёр бичлэг нь хоёр жил гаруйн өмнө үйлдэгдсэн гаалийн байцаагч, мэргэжлийн хяналтын хурган дарга гэсэн олон улсын нэршлээрээ бол “ялаа” нартай холбоотой авлигын бичлэг л олон нийтэд ил болсноос цааш зиндаа ахисангүй.

Учруулсан хохирлын хэмжээ, ёс зүйг бодсон ч төрийн өндөр дээд албан тушаалтнууд нэр холбогдсон хэргийг харин ч бүр сайн дэлгэж баймаар… Хэн нь хэн бэ гэдгийг сонгогчдод таниулах нэг том баримт. Учир нь тэд хэдэн арван сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих хэмжээний мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй байдаг. Гаалийн байцаагчийн 100 мянган төгрөгийн хахууль бол дэргэд нь юу ч биш.  Гэтэл АТГ ямар шалтгаантай болоод зөвхөн төрийн энгийн албан хаагчдын авлигатай холбоотой бичлэг цацаад төрийн өндөр албан тушаалтан холбогдсон хэргийн бичлэг цацдаггүйн  учрыг олохгүй юм. Бичлэг байдаггүй юм бол ядаж баримтыг нь дэлгэж болно оо доо.

Хөндөх ёстой бас нэг асуудал нь өчнөөн ажил болж, хоёр гурван жил шалгасан хэрэг Эрүүгийн хуулийн хүрээнд хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан зүйчлэлээр торгууль төлөх эсвэл бүр цагааддаг боллоо.

Өмнө нь АТГ 10 мянган ам.долларын авлига авсан Мэргэжлийн хяналтын “хурган дарга” тэргүүтнүүд 40 сая төгрөгийн торгууль төлөөд хэргээс мултарсан тухай дуулгаж байсан бол өнөөдөр /2019.09.10/ нэр бүхий улстөрч нар холбогдсон хэрэг мөн л хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссаныг зарлав.

Хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахаас өмнө асуудлыг хөндөж болдоггүйн шалтгааныг ч бодоод олохгүй юм.

Сар бүр зарладаг хэвлэлийн хурлаар нь сэтгүүлчид төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон хэргийг түлхүү асууж, хариуцлага хүлээх эсэхийг нь лавлаад байдаг нь хуулийн цоорхойг ашиглаад хариуцлага хүлээхгүй үлдэх вий гэж болгоомжилсондоо тэр. Гэтэл өгдөг хариулт нь нэг бол хэргийг шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Эсвэл шүүх рүү хэргийг шилжүүлсэн.  Прокуророос зөвшөөрсөн хэмжээнд л мэдээлэл өгнө, түүнээс цааш ярих боломжгүй гэж бөөрөнхийлдөг.

Ийм байхад төрийн өндөр дээд албан тушаалтнууд толгой дээр гарч суухаас ч яах билээ. УИХ-д суугаа хууль тогтоогчдоос 40 шахам нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудалд нэр холбогдсон.

Жилийн гурван хувийн хүүтэй олгогддог зээлийг хамаарал бүхий компанидаа авсан нь яах аргагүй албан тушаалаа ашиглан үйлдсэн гэмт үйлдэл мөн үү гэвэл мөн. Тэр тусмаа авсан зээлээ банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж, 30 гаруй хувийн хүүтэй гаргасан бол бүр ноцтой. Өнөөх ФАТФ-ын анхааруулаад байдаг мөнгө угаах гэмт хэрэг болж хувирна.

Гэтэл өнөөдөр тэднээс нэгэнд нь ч хариуцлага тооцож чадаагүй. Энэ асуудлаар АТГ-аас хэн, хэнийг шалгаж байна, мэдүүлэг авсан бэ гэхээр хариулт өгдөггүй.  Төрийн өндөр албан тушаалтнуудын тухай мэдээллийг ийн нууцлах хэрнээ төрийн жирийн албан хаагчдын авлигын тухай бол бүр бичлэгээр цацна. Хоёр өөр нүүр гаргадаг болохоор төрийн өндөр албан тушаалтан нь нэр холбогдсон хэргээ "хэрэг биш шүү" ухааны юм ярих энүүхэнд.

Жишээ татвал, ЖДҮХС-тай холбоотой асуудлаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг “АТГ надаас нэг ч удаа байцаалт аваагүй. Асуудлыг хэт улстөржүүлж байна. ЖДҮ-ийг дэмжиж байж, Монгол Улс ажилтай, орлоготой болно.  Энэ сангаас Монгол Улсын иргэн хэн ч барьцаагаа тавьж, хариуцлагаа үүрээд зээл авч болно. Бид зах зээлийн нийгэмд амьдарч байна. Энэ нийгэмд зээл авч болохгүй гэсэн хууль хаана байна” гэдэг тайлбар хийх жишээний.

АТГ хаацайлаад тоймтой мэдээлэл өгдөггүй, прокурор нь бас энэ талын мэдээлэл өгөхийг хясан боогдуулдаг, мэдээлэл хийчихвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу нэг субьект нь бас хэргийн нууц задалсан хэрэгт уначих эрсдэлтэй гээд юм, юмаар л томчуудыг хаацайлах. Гэхдээ авлига хээл хахуулийн хэрэгтэй зоригтой тэмцье гэвэл “ялаа агнасан” бичлэг цацаж дүр эсгэхээс илүүтэй баруудыг барьж, хариуцлага хүлээлгэж гэмээнэ энэ улсын төрийн алба хариуцлагатай болно.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж