Гадаадын иргэн орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор бүртгүүлнэ | News.MN

Гадаадын иргэн орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор бүртгүүлнэ

Гадаадын иргэн орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор бүртгүүлнэ

Гадаадын иргэн орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор бүртгүүлнэ

Монгол Улсад оршин суугч болон түр ирэгч, хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэдэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг сурталчилан таниулах чиглэлээр цуврал тодруулга ярилцлагыг бэлтгэн хүргэж байна. Энэ удаад Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Н. Дуламсүрэнгээс гадаадын иргэдийн бүртгэлийн журмын талаар тодруулснаа хүргэе.

-Гадаадын иргэд ямар төрлийн зөрчил нийтлэг гаргадаг вэ?

-Гадаадын иргэн, харьяатын газар нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдэд тогтмол хяналт тавин төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулж байна. Хяналт шалгалтын явцад Зөрчлийн тухай хуульд заасан Монгол Улсад оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам, мөн бүртгэлийн журам зөрчих, визийн болон оршин суух хугацаа хэтрүүлсэн зөрчлүүд түгээмэл илэрдэг.

Зөрчилд холбогдсон гадаадын иргэдийн тоон мэдээллийг харахад 2017 онд 542 мянган гадаадын иргэн хил нэвтэрснээс 4150 гадаадын иргэн, 2018 онд 598 мянган гадаадын иргэн улсын хил нэвтэрснээс 5700 гадаадын иргэн зөрчилд холбогдож, Зөрчлийн тухай хуульд заагдсны дагуу арга хэмжээ авагдсан. 2018 оны дээрх тоон үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулахад улсын хилээр нэвтэрсэн гадаадын иргэн 10.3 хувиар, зөрчилд холбогдсон гадааын иргэн 37.3 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсад ирэх гадаадын иргэдийн урсгал нэмэгдэхийн хэрээр зөрчилд холбогдох гадаадын иргэдийн тоо өсөх хандлага байна.

Энэ оны эхний 8 сарын байдлаар 3000 гаруй гадаадын иргэн зөрчилд холбогдсон бөгөөд гаргасан нийтлэг зөрчил нь оршин суух болон визийн хугацаа хэтрүүлэх, бүртгэлийн журам зөрчих, оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам, хөдөлмөр эрхлэх журам зөрчих, паспорт, паспортыг орлох баримт бичгээ биедээ авч яваагүй гэх мэт зөрчлүүд байна.

-Бүртгэлийн журам зөрчсөн тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээх вэ?

-Аль ч улсын иргэн, ямар ч улсад зорчсон тухайн улсынхаа Иммигрейшний байгууллагад бүртгүүлдэг. Манай улсын тухайд бүртгэлийн журмыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 146 дугаар тогтоолоор батлагдсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-аар зохицуулдаг. Тодруулбал “Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн түр ирэгч, хувийн хэргээр оршин суух болон төрийн байгууллагын урилгаар ирсэн, Засгийн газар хоорондын байгууллагад ажиллах гадаадын иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газарт Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор урьж ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүртгүүлж, бүр мөсөн буцах тохиолдолд бүртгэлээс хасуулна” хэмээн тодотгож өгсөн байдаг.

Гадаадын иргэнийг уг хууль тогтоомжид заасан хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хувь хүнийг нэг зуун нэгж буюу 100 мянган төгрөгөөр, уригч хувь хүнийг хоёр зуун тавин нэгж буюу 250 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгж буюу 2 сая 500 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт бий.

Хэрэв зөрчил гаргасан тохиолдолд зөрчил гаргах болсон шалтгаан болоод түүнийг шийдвэрлүүлэхээр хүсэлтээ бичгээр гаргаж, шаардлагатай материалыг бүрдүүлж зөрчлөө арилгуулна. Торгох шийтгэлийн хэмжээг гадаадын иргэний хяналтын улсын байцаагч тогтоодог. Харин дур мэдэн торгууль төлсөн тохиолдолд хариуцлагыг хяналтын улсын байцаагч хүлээдэггүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Бүртгүүлэхдээ юуг анхаарах вэ?

-Засгийн газрын 2018 оны 146 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ын 2.4-т заасны дагуу гадаадын иргэний паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг, түүний хуулбар, 3.5*4.5 см хэмжээтэй цээж зургийг зохих мэдүүлгийн хуудасны хамт хүлээн авч бүртгэнэ. Гадаадын иргэнийг урьсан аж ахуйн нэгж, байгууллагын албан хүсэлтийг дээрх бүрдүүлэх баримт бичгийн хамт ирүүлдэг. Манай байгууллага гадаадын иргэний паспортад бүртгэлийн дугаар, бүртгүүлсэн он, сар, өдөр бүхий “бүртгэв” гэсэн тэмдэг дарж, тухайн гадаадын иргэний болон уригчийн талаарх мэдээллийг мэдээллийн санд оруулан мэдүүлгийн хуудсан дээр тэмдэглэл хийдэг.

Түүнчлэн манай байгууллагын хилийн боомт болон орон нутаг дахь салбар, нэгж нь хил орчмын нутагт зорчих үнэмлэхээр ирсэн гадаадын иргэн уг үнэмлэхэд заасан хилийн боомтоор нэвтэрч, зөвшөөрсөн нутаг дэвсгэрт зорчиж, хугацаандаа гарч байгаа эсэхэд хяналт тавин ажилладаг.

Эх сурвалж: ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mgl 2019-09-10 202.9.43.236

yasan baga torguuli tavidag yum be? udriin 250000 tug baih heregtei.

Avatar

Зочин 2019-09-10 103.26.193.194

Огт худлаа мэдээлэл. Гадныхан жуулчны визээр буюу визгүй орж ирээд (голдуу япончууд) төсөл дээр 10.000-50.000 долларын цалинтай ажил хийж байгаад л явдаг. Тэд нар огт бүртгүүлдэггүй, ажлын байрны төлбөр ч төлдөггүй. 3 сарын взгүй хугацаандаа ажиллачихаад л яваад өгдөг. Нөгөө муу нэртэй х***а, төлгүүд л албан ёсоор бүртгүлж ажлын байрны төлбөр төлдөг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж