Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин зовлон залуухан хосын гэрэл гэгээтэй амьдралд дайрч, сүүдэр татуулсан юм. Гэхдээ үхэл ч тэдний хайрыг салгаж чадаагүй билээ. Магадгүй үрийн заяа түшсэнийх биз ээ. Б.Батзориг эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Түүний гэргийг А.Мөнхзаяа гэдэг. Дорнод аймгийн уугуул тэд эгэл жирийн залуу хосын л төлөөлөл. Бусдын л адил орон сууцны зээлд хамрагдаж, амьжиргаагаа залгуулж яваа энэ гэр бүл элэг бүтэн амьдралыг мөрөөддөг. Үүний төлөө ч бас өдий олон саад, бэрхшээлийг туулж хагацлын өмнө нэг бус удаа толгой гудайж үзсэн ч итгэл найдвараа огт алдаагүй байна.
Бид энэ удаа монголын мянга мянган залуу хос, гэр бүлийн төлөөлөл болсон Б.Батзоригийнд зочиллоо. Тэрбээр мужаан мэргэжилтэй, хувиараа бизнес эрхлэгч, өрх гэрийн тэргүүн, гурван хүүхдийн аав билээ. Үүдээр нь ороход л бяцхан хүүхдүүдийнх нь цангинасан инээд өөр хоорондоо хөөцөлдөж тоглох нь энэ айлын аз жаргалтай уур амьсгалыг илтгэнэ. Багачуулын нүдэнд оч гялалзаж, ээжээсээ алхам ч холдохгүй эрхлэх нь энэ гэр бүлийн аз жаргал оршиж буйн шалтгаан юм. Ууган хүү Төрболд нь энэ жил нэгдүгээр ангид элсэн орсон бол дунд охин Анударь, бага хүү Улсболд нар цэцэрлэгийн насных аж.
Айл гэрийн хос багана болсон Б.Батзориг, А.Мөнхзаяа нар туурга тусгаарлаад долоон жил болж буй. Тэд 2012 онд айлын хашаанд анхны цалингаараа гэрээ худалдан авч амьдралаа холбосон түүхтэй. Ирэх жилээс нь хашаа байшинтай, үр хүүхдүүдтэй болж бусдын адил сэтгэл тэнэгэр амьдарч байсан ч нэг л өдөр Б.Батзоригийн эхнэр хүнд өвджээ. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 оны намар бөөр нуруу нь өвдөж эхэлснээр бие нь өдрөөс өдөрт дордож эхэлсэн аж. Тэдний хувьд уулзаж үзээгүй эмч, татаж үзээгүй эмнэлгийн хаалга гэж үгүй болсон гэхэд хилсдэхгүй. Уулзсан эмч бүр өөр өөрийн арга барил, тогтоосон онош, өвчний зовиурт тулгуурлан эмчилгээ хийсэн ч онош нь тодрохгүй, бүхий л эмчилгээ нэмэр болохоос илүү нэрмээс болох их байжээ.
Учир нь А.Мөнхзаяагийн бие улам муудаж, нэг бус удаа сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан юм. Түүнийг эмч нар “найдваргүй, эцсийн эмчилгээг хийж, бүхий л хийх ёстой арга хэмжээгээ авсан” хэмээж ах дүү, гэр бүлтэй нь салах ёс хийлгэхийг нөхөрт нь дамжуулсан байна. Харин эмч нарын хэлсэн эл үгэнд Б.Батзориг итгэхийг хүссэнгүй, эхнэрээ хөл дээрээ босно гэдэгт итгэж байжээ.
Эмнэлгийн орон дээр эхнэрийнх нь бие халуу шататлаа халуурч үг хэлж чадахгүй болсон тэр үед эмнэлгээс хүүхдүүдтэй нь салах ёс хийлгэсэн үе бол 2018 он. Гэхдээ энэ уулзалт эцсийнх биш эргээд эх үрс уулзаж инээд хөөрөөр бялхах өнөөдрийн ерөөлт өдрийг бэлгэдсэн гэж хэн ч таамаглахгүй бизээ. Хүүхдүүдтэй нь салах ёс хийлгэсэн тэр өдрийн шөнө Б.Батзориг эхнэртээ “Хайрт минь энэ шөнө л тэсчих. Тэгээд удахгүй эдгэнэ, чи минь хөл дээрээ босно” гэж хэлжээ. Харин маргааш өглөөний мандах нарнаар гайхамшиг тохиож А.Мөнхзаяа амьдралд эргэн иржээ. Энэ талаар Б.Батзориг ийнхүү ярьсан юм.
БИДНИЙГ ХҮҮХДҮҮДИЙН МИНЬ ЗАЯА ТҮШСЭН БАЙХ
Б.Батзориг "Хань минь +60 хэм хүртэл халуурч, шүд нь зуураастай амнаас нь хөөс сахарч байсан. Бие дээгүүр ус шиг зүйл туурч, нэг л зүйл хэлэх гээд л хэлж чадахгүй байхыг харахад сэтгэл минь өмөрч, дотор минь харанхуйлж байлаа. Хоол идэж чадахгүй, сүвээрээ уургийн тэжээл авч байсан юм.
Хүүхдүүдтэйгээ салах ёс хийж байсан тэр мөч бидний амьдралын маш хүнд үе, хар бараан дурсамж. Хэн ч хайртай хүнээ нүдэн дээрээ алдахыг, явуулахыг хүсэхгүй. Ханийгаа шөнө нь сахиж байхдаа “Хайрт минь энэ шөнө л тэсчих. Тэгээд удахгүй эдгэнэ, чи минь хөл дээрээ босно “ гэж хэлсэн. Тэр үед бурхан биднийг дээрээс харсан уу, хүүхдүүдийн минь заяа түшсэн үү миний хань тэр шөнийг тэсч хоноод маргааш өдрөөс алгуурхнаар бие нь сайжирч эхэлсэн дээ.
Эмч нар бидэнд “залуу хүн тулдаа л тэсч, амьд үлдлээ, хурдан гадагшаа явж эмчлүүл” гэж зөвлөсөн юм. Эхнэрийгээ ухаан орсон маргааш өдрөөс нь эхлээд л өөрт байгаа бүхий л зүйлээ зарж мөнгө болгоод гадагшаа эмчилгээ хийлгэхээр эрс шийдсэн юм. Зуслангийн хашаа, багаж тоног төхөөрөмж зэргээ зарж найм гаруй сая төгрөгтэй болоод арга ядахдаа фэйсбүүкийн нүүр номоороо дамжуулан эхнэрт минь туслахыг хүсч хандив гуйсан. Гэтэл маш олон хүмүүст миний пост хүрч, олны сайхан сэтгэлийн дэм буянаар 30 орчим сая төгрөг цугларсан. Ингээд л Бээжин рүү нисч, Найрамдал эмнэлэгт эмчлүүлэхээр болсон. Тэнд онош нь тодроогүй ч эхнэр минь хөл дээрээ босч, алхдаг болсон. Тэндэхийн эмч нар бөөрний судал хүчилд хордсон гэж эцсийн онош хэлсэн. Хэдийгээр хамгийн сайн орчуулагч олсон ч эмчтэйгээ ойлголцох гэж хоёр хоносон. Эмч бидэнд онош тодруулахын тулд маш их цаг хугацаа, эм тариа, хөрөнгө зарцуулах шаардлагатай учраас Монголд очиж бөөрөө эмчлүүлэхийг зөвлөсөн. Бид бээжинд очихдоо элэг нь буруу эм тарианаас болж хатсан, артерын судасны бөглөрөлтэй, ходоод суналттай, их хордлоготой байсан. Тэнд 20 гаруй хоног эмчлүүлэхэд эхнэр маань нүдэн дээр сайжирч, алхдаг болж бид хоёр Монголдоо ирсэн. Одоо бол эхнэрээ хөл дээр нь босгосон болохоор одоогийн өвчин зовлон хүнд санагдахгүй байна, удахгүй эдгэнэ” гэлээ.
Хосууд эмчилгээний зардалд ойролцоогоор 100 орчим сая төгрөг зарцуулжээ. Өдгөө 29 настай Б.Батзориг өнгөрсөн хугацаанд эхнэрээ эмнэлэгт үзүүлэхээр авч явахдаа үргэлж үүрч, заримдаа түшиж явдаг байсан юм. Харин Бээжинд очиж эмчлүүлснээр эхнэр нь хөл дээрээ босч алхдаг болжээ.
Одоо 24 настай А.Мөнхзаяа өөрөө алхдаг болсон ч бие нь бүрэн тэнхрээгүй байгаа юм. Гэхдээ тэр удахгүй эдгэнэ гэсэн итгэл, тэвчээрээр гол гогдом өвдөлт, хүнд өвчнөө даван туулж одоо өдрийн эмчилгээндээ явж буй. Түүний хувьд бяцхан үрсийнхээ өсөж торнихыг, тэднийхээ шулганахыг сонсч буй нь л ямар ч эм тарианаас илүү эмчилгээ болдог аж.
"ЭХ ХҮНД ҮХЭХ ЭРХ БАЙХГҮЙ"
Залуу ээж А.Мөнхзаяагийн сэтгэгдлийг сонссон юм.
-Хүүхдүүд маань ээжээ зүгээр үү гэж үргэлж надаас асууна. Ээжээ та маргааш эмнэлэг орох уу, та зүгээр болсон уу гэнэ. Эмнэлэг явна гэхээр л хамт явна гэнэ. Хүн гэртээ байхдаа илүү их аз жаргалтай. Хүүхдүүдийнхээ шулганахыг сонсч бужигналдаж хамт байх шиг аз жаргал гэж хаана байх билээ. Анх өвдөж эхлэхдээ өөрийгөө хэвтэрт ортлоо хүнд өвдөнө гэж төсөөлөө ч үгүй. Жирэмсэн байхад хөл гарны шөрмөс татаж, булчин сулардаг л байсан. Тухайн үед л кали дутагдаж эхэлснийг дараа нь мэдсэн. Хяналтад байхад кали уу гэж эмч нар маань ч зөвлөж хэлж байгаагүй болохоор анзаараагүй юм. Отгон хүүгээ төрүүлснийхээ дараа удалгүй бие өвдөж эхэлсэн. Хүү маань дөрвөн кг 300 гр жинтэй төрсөн. Эмч нар төрөлтөөс болж бас өвдсөн байх магадлалтай гэдгийг хэлсэн. Эмч нарын оноштой санал нийлэх үе, санал нийлэхгүй ч үе байлаа. Уушгины артерын судас бөглөөтэй гэж оношлоход нь би итгээгүй. Энэ өвчин бол амь насаа ч алдах аюултай юм билээ. Гэхдээ зургаар нь харагдсан.
Одоо эдгэнэ гэдэгтээ өөртөө итгэлтэй байна. Тэр хүнд үеүүдийг давж гарсан болохоор одоогийн зовиур, өвчин шаналалыг ч бас давж чадна. Хөл дээрээ босно гэдэгтээ өөртөө итгэлтэй байна. Эмнэлэгт байхдаа гэр лүүгээ л их яарна. Манай өрөөнийхөн гэртээ яархаас илүү биеэ л бод гэж зөвлөнө. Ийм жаахнаасаа өвдөөд гэж уулга алдана. Залуу хүн гэхээр л өвдөх эрхгүй гэсэн үг биш.
Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг болохоор залуу хөгшин ялгарахгүй. Хүмүүс манай хүнийг хараад их магтана. “Хүн чанар муудсан ийм цаг үед чам шиг нөхөртэй хүн ховор шүү. Өвдөж зовсон хүнд хэцүү цагт хамт байх эрэгтэй хүн их ховор болсон. Чи их сайн хүнтэй сууж, сайн хань заяажээ” гэж хэлнэ. Энэ бүхэнд ч би их баярлана. Би нөхрийнхөө үнэнч зан чанар, сайхан сэтгэлд нь дурлаж татагдсан. Миний хань яриа хөөрөө сайтай, их цайлган сэтгэлтэй хүн” гэнэ. Үргэлж дэргэд минь байдаг ханиараа л их бахархдаг. Ер нь эмнэлэгт хэвтэх их хэцүү. Дуу чимээтэй, нөхөр хүүхдүүдээ их үгүйлнэ.
Гэртээ хүүхдүүдээ харж баясах нь надад эм тарианаас ч илүү эмчилгээ болдог. Одоо эм тарианаас ч хаширч айж байна. Гэхдээ эх хүн чинь үхэх эрхгүй. Одоо өдрийн эмчилгээнд явж байгаа болохоор эм уухгүй, калигаа хэрэглэж байгаа.
Өдрийн эмчилгээндээ явсны дараа нэгдүгээр эмнэлэгт хэвтэнэ. Өвдсөн үед сэтгэл санаа их хямарна, онош тодрохгүй бол сэтгэлээр унаах үе цөөнгүй. Арга ядаад лам бөөгөөр явж үзсэн. Би итгэдэггүй. Олон хүн өөр өөр зүйл ярина. Бөөд үзүүлэхээр аавын талаас чинь онгод сахиустай болохоор удмаа дагаж сахиус ав гэнэ. Үүнд нь би итгээгүй. Одоо бол бие маань сайжирч өмнөхөөсөө илүү эрүүл болсон. Өнгөрсөн хугацаанд хүнд өвчин, тэсвэрлэшгүй өвдөлт бүхнийг даван туулсан.
Өвдөж, тариа хийлгэж дусал залгуулж эмчилгээ хийлгэх бүрт юуны өмнө хүүхдүүд минь л нүдэнд харагдаж сэтгэлд бодогдох бүрт өөртөө “Хань ижил гурван хүүхдийнхээ төлөө би хөл дээрээ босч, эрүүл болно ” гэж амладаг байсан минь биелэлээ олж би хөл дээрээ бослоо, одоо элэг бүтэн аз жаргалтай байна. Эх хүн хүүхдийнхээ төлөө үхэх эрхгүй шүү дээ. Сайн хань алтан гартай эмч нарынхаа ачаар л би хөл дээрээ босч, алхдаг болсон гэж боддог гэлээ.
А.Мөнхзаяад хүнд өвдсөн үеүүд нь түүний амьдралын хар бараан дурсамж юм. Гэхдээ ханийнхаа тухай ам нээх бүрийд л харц нь гэрэлтэж аз жаргалтай болох аж. Түүний хувьд одоогоор бөөр, нуруу нь өвддөг зовиуртай байгаа тул физик эмчилгээнд явж буй. Хосуудад оношоо тодруулах нь л хамгаас чухал юм. Тэрбээр, эмч нарын хэлсэн шинжилгээг өгөх бүрт хариу нь эрүүл гэсэн оноштой атал бие нь өвддөг байжээ. Улмаар 2018 оны цагаан сараар Дорнодод очсон хойно бие нь муудаж сэхээн амьдруулах тасаг руу шилжиж байж. Үүнээс 10 хоногийн дараа биеийн байдал нь дээрдмэгц нөхөртэйгээ Шастины нэрэмжит III эмнэлэгт очиж хэвтэн эмчлүүлсэн байна. Эмнэлгээс түүнийг уушгины артерын судасны бөглөрөлтэй, бүлэн хайлуулах эмчилгээ хийсэн ч үр дүнгүй болно хэмээн оношилж, эмчилгээг явуулжээ. Золоор эмчилгээ амжилттай болсон байна. Эмнэлгээс биеийн байдал нь дээрдмэгц дүүргийн эмнэлэг рүү шилжүүлсэн байна. Гэтэл дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд бие нь муудаж сэхээн амьдруулах тасагт шилжиж эмч нар “найдваргүй” гэсэн онош хэлж байсан ч тэр амьдралд эргэн ирсэн нь энэ билээ.
Б.Батзоригийн хувьд зав чөлөө гэж үгүй. Тэрбээр өглөөнөөс үд хүртэл эхнэртэйгээ эмнэлгээр явж, эмчилгээг нь хийлгэсний дараа нь хувиараараа хөдөлмөр эрхэлнэ. Заримдаа гэртээ хонохгүй үе байх тул хоногт ихдээ л зургаан цаг унтаж амардаг байна. Энэ тухай тэрбээр “Эхнэрээ өвдсөн байхад нь ажил хийх хэцүү. Гэхдээ эхнэрийнхээ эмчилгээний зардал, байрны зээл, хүүхдүүдээ өлсгөхгүй энэ гэр бүлийг хоолтой байлгахын тулд ажил хийж мөнгө олохоос өөр аргаүй” хэмээж байв. Гэхдээ хосууд амьдралд үргэлж боломж байдаг гэдэгт итгэдэг тул өнөөдрийн тэрхүү аз жаргалтай элэг бүтэн амьдралыг цогцлоосон ч байж болох юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН
Холбоотой мэдээ