АНУ, Хятадын худалдааны дайнд монгол ноолуур "ялна"

Хуучирсан мэдээ: 2019.09.10-нд нийтлэгдсэн

АНУ, Хятадын худалдааны дайнд монгол ноолуур "ялна"

АНУ, Хятадын худалдааны дайнд монгол ноолуур "ялна"

АНУ нь БНХАУ-ын оёмол, сүлжмэл бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулсан нь энэ сарын эхээр хэрэгжиж эхэлсэн. Харин эсрэгээрээ АНУ нь Монгол Улсын оёмол, сүлжмэл бараа бүтээгдэхүүний татварыг тэглэсэн нь ойрын хугацаанд хэрэгжинэ гэсэн байр суурьтай байна. Энэ нь монголын ноолуурыг дэлхийн зах зээлд таниулах, экспортыг нэмэгдүүлэх маш том боломж гарч ирж байна. Гэхдээ бид нэг зүйлийг анхаарах хэрэгтэй гэдгийг Монгол-Хятадын экспоны үеэр яригдлаа. Учир нь, цахим орчинд ямааг тамлан зовоож, ноолуур бэлтгэдэг гэсэн бичлэг олон нийтэд цацагдсанаас хойш дэлхий нийт өнгөрсөн жилээс ноолуураас татгалзах хөдөлгөөн өрнөж, үүний улмаас Австралийн ноосны салбарынхан тодорхой хэмжээнд зах зээлээ алдаж байна.

Иймээс дэлхийн ноолуурын салбарын 90 орчим хувийг хангадаг Монгол, БНХАУ нь ноос, ноолуурын нэр хүндийг сэргээх, хэрхэн байгаль болон ан амьтанд ээлтэй технологийг нэвтрүүлэх, ноолуурыг хэрхэн эерэгээр дэлхийд сурталчлах зэрэг ноолуурын салбарын ирээдүйн хөгжлийн талаар Монгол-Хятадын гурав дахь экспоны үеэр анх удаа олон улсын түвшинд хэлэлцлээ. Энэ үеэр БНХАУ-ын зүгээс тавьсан илтгэлдээ ноолуурын салбарын хөгжлийг ногоон хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулах, дэлхийн улс орнууд энэ чиглэлд хамтран ажиллаж, байгальд ээлтэй орчныг бий болгох чиглэлд бодлогоо танилцуулсан юм. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо маш чухал гэдгийг цохон тэмдэглэсэн билээ. Үүний зэрэгцээ ноолуурын хөгжлийг "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд урагшлуулж, инновацииг нэвтрүүлж, нээлттэй шинэ үйлдвэрлэлийн замыг сонгох нь чухал гэв.

Харин Монгол Улсын зүгээс ноолуурын салбарт хийгдэж буй судалгааг танилцуулж, энэ чиглэлд авч хэрэгжүүлж буй бодлогоо танилцуулсан юм. Энэ талаар албаныхны  байр суурийг сонслоо.

МҮХАҮТ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ О.АМАРТҮВШИН:

-Ноолуурын салбар бол манай улсын экспортын том салбар. Монгол – Хятадын экспоны үеэр ноолуурын салбарын ирээдүйн хөгжлийн асуудлыг анх удаа олон улсын түвшинд хэлэлцэж байна. Энэ хэлэлцүүлэгт МҮХАҮТ-аас ямар асуудлыг дэвшүүлж байна вэ?

-Монгол Улс дэлхийн зах зээлийн түүхий ноолуурын 40 хувийг хангадаг боловч өнөөдөр боловсруулах үйлдвэрийн хүчин чадал 7-8 хувьтай байна. МҮХАҮТ-аас хувийн хэвшилтэйгээ хамтарч, ноолуурын салбарын стратегийг боловсруулж байна. Энэ хүрээнд дэлхийн зах зээлийн түүхий ноолуурын 40 хувийг хангадаг Монгол Улс хэрхэн 100 хувь тэдгээр бүтээгдэхүүнээ боловсруулах вэ гэдэг асуудлыг өнөөдөр олон улсын түвшинд хэлэлцэж байна. Үүний тулд бидэнд гарцаагүй гадаадын хөрөнгө оруулалт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаараа, яг энэ цаг мөчид бидэнд маш том боломж гарч ирж байна. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилж, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний татварыг тэглэх асуудлыг шийдсэн. Иймээс ойрын хугацаанд АНУ оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний импортыг татвараа тэглэнэ гэж харж байна. Үүний зэрэгцээ есдүгээр сарын эхээр АНУ нь БНХАУ-ын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулсан. Энэ үйл явц Монголын ноолуурын салбарт маш том боломж, бололцоо суурь нь болж байна.

Бид монголын зах зээл дээр эцсийн бүтээгдэхүүн хэрхэн 100 хувь үйлдвэрлэж, 20 сая ширхэг бүтээгдэхүүн экспортлох вэ гэдэг төслөө танилцууллаа. Энэ төсөл цаашид бодит ажил болоод явна гэж найдаж байна.

-МҮХАҮТ-аас энэ чиглэлд ямар ажил хийж хэрэгжүүлж байна вэ?

-Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь МҮХАҮТ-ын хувьд маш чухал. Үүний тулд бид хүссэн, хүсээгүй гадаадын хөрөнгө оруулалт татах ёстой. Мөн хамтарсан үйлдвэр байгуулах зэргээр энэ салбарыг төрөөс бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага байна. Ингэсэн цагт бид технологи шилжүүлэлт, мэдлэг, боловсон хүчний шилжүүлэлт хийж чадна. Дэлхийн зах зээл дээр өнөөдөр дангаараа ажиллах ямар ч боломжгүй. МҮХАҮТ-аас Монголын экспортын 500 бүтээгдэхүүнийг танилцуулаад явж байна. Ирэх аравдугаар сарын 20-ны үед интернэт экспортын нээлтийг хийнэ. Энэ бол маш том үүд хаалгыг монголын хувийн хэвшлийхэнд олгож байна гэсэн үг юм.

-Ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортлох нь хэр нэмүү өртгийг бий болгох вэ?

-Ноолуураар эцсийн бүтээгдэхүүн хийх процесс өөрөө маш олон нэмүү өртгийг бий болгодог. Малчдаас ноолуур авна түүнийгээ угаана, самнана, ээрнэ, гэх мэт тав зургаан үе шат дамжина. Тэгэхээр бид зүгээр угаагаад гаргах бус, энэ бүх шат дамжлагыг дамжаад, 20 сая ширхэг цамцыг дэлхийн зах зээл дээр гаргаж чадах юм бол өнөөдрийн олж буй орлогоос дөрвөөс тав дахин орлого олох боломжтой. Өөрөөр хэлбэл, эхний ээлжийн тооцоогоор 1.7 тэрбум ам.доллар зөвхөн ноолуураас олно. Үүнийг бодит ажил болгохын тулд дэлхийн өндөр түвшний технологи, инновацийг энэ салбарт нэвтрүүлэх ёстой. Үүний зэрэгцээ, ноолуур нь шат дамжлага бүртээ ажлын байрыг бий болгож байдаг.

-Саяхан цахим ертөнцөд ноолуурын эсрэг маш хүчтэй сурталчилгаа явлаа. Улмаар дэлхий нийтэд ноолуураас татгалзах хөдөлгөөн өрнөлөө. Энэ үзэгдэл манай экспортод тодорхой хэмжээнд нөлөөлнө. Энэ чиглэлд өнөөдөр юу хийж байна вэ?

-Тийм ээ. Яг энэ асуудлыг өнөөдөр Монгол-Хятадын экспоны үеэр анх удаа олон улсын түвшинд хэлэлцэж байна. Ноолуур бол хүн болон байгальд ээлтэй гэдгийг судалгаагаар тогтоосон. Тодруулбал, ноолуур хүний биеийн чийгийн балансыг тэнцвэржүүлдэг. Энэ судалгааг бид дэлхий дахинд таниулах, маркетинг, пи-ар сурталчилгаандаа зайлшгүй ашиглах хэрэгтэй байна. Ингэснээр Монголын бүтээгдэхүүн дэлхий эерэгээр танигдах боломжтой.  Дээрх судалгааг бид ирэх аравдугаар сард олон нийтэд танилцуулна.

-Өнөөдрийн байдлаар Монгол Улс хэдий хэмжээний ноолуурыг боловсруулан гаргаж, хэчнээн хэмжээний орлого олж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар Монголчууд нийт 10 мянган тонн ноолуур боловсруулж, 400 гаруй сая төгрөгийн орлого олж байна. Эцсийн бүтээгдэхүүн болгож хоёр сая гаруй цамцыг үйлдвэрлэж байна. Гэхдээ үүнийгээ төдийлөн экспортолж чадахгүй байна. Өнөөдөр энэ салбарт 300 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа ч нэгдэж чадахгүй байна. Тус тусдаа үйл ажиллагаа явуулсаар байна. Хэрвээ бид дэлхийн зах зээлд 20 сая эцсийн бүтээгдэхүүн экспортлохийг хүсвэл хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай.  Дэлхийн нийтийн чиг хандлага ч төрөлжиж байна.

ЖДҮХС-ГИЙН ЗАХИРАЛ Б.БАТЦЭЦЭГ:

-Өнөөдөр Монгол-Хятадын экспоны үеэр анх удаа ноолуурын салбарын асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэж байна. ЖДҮХС-гаас энэ салбарт ямар дэмжлэг үзүүлж байна вэ?

-Олон улсын түвшинд Монгол Улс ноолуурын салбарт өндөр байр суурийг эзэлдэг. Энэ хүрээнд ноолуурын чанарыг дээшлүүлэх, экспортын чиг баримжаатай бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллаж байна. Цаашид ноолуурын чанарыг сайжруулах, сургалт зохион байгуулах зэргээр олон улсын түвшинд төлөвлөгөө гаргаад ажиллая гэсэн бодолтой байна. Өнөөдөр ноолуурын салбарын бизнес эрхлэгчдийг дэмжсэн санхүүжилт гэж байхгүй, ЖДҮХС-аас санхүүжилт олгох зарчимаар төслийг шалгаруулаад явж байна.

Ноолуурын салбарт том ААН-үүд суртачилгаагаа маш хүчтэй хийж байна. Нөгөө талаар, жижиг бизнес эрхлэгчид сурталчилгаагаа хийхэд нь төрийн зүгээс ямар дэмжлэг үзүүлж байна вэ?

Жижиг бизнес эрхлэгчид өрхийн үйлдвэрлэлийн шинж чанартай байдаг. Гадаад зах зээл дээр гарах, зах зээлээ хөгжүүлэх чиглэлд тэдэнд мэдлэг чадвар дутмаг байдаг. Иймээс ЖДҮХС олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, гадаад зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлж байна. Бид энэ онд ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжээ АНУ, Канад, Японд экспод оролцоход нь тодорхой хэмжээний зардлыг нь хариуцах зэргээр дэмжлэг үзүүлсэн.

ХХААХҮЯ-НЫ ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ДАРГА Б.БАТХҮҮ:

-Дэлхий нийтэд өнөөдөр ноолуурын эсрэг сөрөг сурталчилгаа явж, тодорхой хэмжээнд ноолуурын нэр хүнд унах төлөвтэй байна. Ноолуур бол Монгол Улсын экспортын гол салбар. Энэ чиглэлд төрөөс ямар арга хэмжээ авч байна вэ?

-Энэ асуудал өнгөрсөн жилээс тулгамдаж эхэлсэн. Дэлхийн янз бүрийн олон нийтийн байгууллагууд ноолуурын эсрэг кампанит ажил өрнүүлж байна. Үүний эсрэг бид ямар арга хэмжээ авах вэ? Цахим орчинд түгээж буй мэдээлэл хуурам ч уу, үнэн үү? гэдэг асуудлыг Монгол, Хятад хоёр улс хэлэлцэж, хэрхэн эерэгээр сурталчлах вэ гэдгийг хэлэлцэж байна. Дэлхий нийтийн худалдан авалтын чиг хандлага байгальд ээлтэй, мал амьтны эрх ашгийг хамгаалах чиглэлд явж байна. Монгол Улс ноолуурын үйлдвэрлэлийг энэ чиглэлд хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий болж байна. Үгүй бол ноолуурын борлуулалт зогсчих эрсдэлтэй. Өнөөдөр Монгол-Хятадын гуравдахь удаагийн экспод анх удаа ноолуурын салбарын асуудлыг хэлэлцэж байна. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр дэлхийн зургаан дизайнерийн, 30 гаруй компанийн оролцоотой "Зөөлөн алт" загварын шоу болж байна. Энэ арга хэмжээ ноолуурыг дэлхийн нийтэд сурталчлах том боломж гэж харж байна.

Тайлбар: Монгол-Хятадын гурав дахь удаагийн экспо 2019 он. "Зөөлөн алт" ноолууран бүтээгдэхүүний загварын шоу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж