Спортын холбоодын талцал хэзээ төгсөх вэ?

Хуучирсан мэдээ: 2019.09.10-нд нийтлэгдсэн

Спортын холбоодын талцал хэзээ төгсөх вэ?

Спортын холбоодын талцал хэзээ төгсөх вэ?

Чөлөөт бөхийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ буюу “Нур-Султан-2019” есдүгээр сарын 17-нд Казакстан хотод болно. Монгол Улсын эрэгтэй 10, эмэгтэй 10 тамирчин есдүгээр сарын 12-ны өдөр ДАШТ-д оролцохоор тус улс руу хөлгийн жолоо залах юм. Гэсэн ч “Токио-2020” зуны олимпийн наадмын эрхийн төлөө хүч үзэх үндэсний шигшээ багийн тамирчдыг багагүй хэл ам дагуулаад байна.

Учир нь, Казакстан хотыг зорих байсан 18 настай тамирчин М.Пүрэвтунгалагийн оронд Олон улсын хэмжээний мастер Э.Сумъяа явах болсон талаар залуу тамирчин гэр бүлийн хамт өчигдөр/2019.09.09/ мэдээлэл хийсэн нь нийгэмд “сенсаци” тарив.  М.Пүрэвтунгалагийн хувьд өсөх ирээдүйтэй залуу тамирчин бөгөөд энэ жил залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медаль, насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлээд мөн алтан медаль авч /ДАШТ/ явах батламж эрхээ авсан байна. Харин Э.Сумъяагийн хувьд 2013 онд Унгарын нийслэл Будапешт хотноо болсон ДАШТ-ээс 51 кг-ийн жинд өрсөлдөн, мөнгөн медаль, 2018 онд Индонезийн Жакарта болон Палембанг хотод болсон Азийн спортын XVIII их наадмаас хүрэл медаль хүртсэн аж.

М.Пүрэвтунгалагийн аав н.Мөнхбат эсэргүүцлэээ илэрхийлж буй нь

Товчхондоо бол М.Пүрэвтунгалаг эрүүл мэндийн шалтгааны улмаас тэмцээнд явж чадахгүйд хүрчээ. М.Пүрэвтунгалагийн аав н.Мөнхбат “Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга Э.Сумъяаг оролцуулахын тулд башир арга хэрэглэсэн, охиныг минь дарамталсан. Үүний улмаас охин минь ДАШТ-д оролцох боломжгүй болчихлоо. Зунжин бэлтгэл хийсэн охин маань тэмцээндээ орох гэсэн боловч эмчийн магадалгаанаас болоод хасагдчихлаа.Есдүгээр сарын 3-нд шинжилгээнд ороод эв эрүүл гарсан байхад маргааш нь акт бичиж өгсөн. Гэтэл долоо хоногийн хугацаатай байсан акт нь 14 хоног болж сунгагдсан” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

53 КГ БОЛ ОЛИМПИЙН ЖИН, БИД ОЛИМПИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ЯВЖ БАЙНА

Харин дасгалжуулагч Б.Баттулга “УАШТ-ийг зургадугаар сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулсан. М.Пүрэвтунгалагийн хувьд зургадугаар сарын 27-нд шигшээ багийг цуглуулахад чих, өгзөг, гар зэрэг гурван газраа хатигтай байсан. Багийн эмч бүтэн сарын хугацаанд эмчилгээ хийгээд эмчилсэн. Долдугаар сарын 22-ны өдөр тамирчны цусанд шинжилгээ хийлгүүлсэн. Шинжилгээний бичгийг манай эмч нар хараад бэлтгэл хийх боломжгүй маш олон үзүүлэлт сөрөг гарсан байна гэж хэлсэн учраас бид есдүгээр сарын 4-ний өдөр ДАШТ рүү явах тамирчдын нэрийг сольж, дараагийн тамирчны нэрийг явуулсан. Өмнөх сургуулилтын барилдаанд Э.Сумъяатай барилдуулахад барилдааны тооны харьцаа 30:0. М.Пүрэвтунгалаг нэг ч ялж чадаагүй. УАШТ-ий дараа сэргэлтийн бэлтгэл, өндөр ачаалалтай бэлтгэл гэсэн шат дараатай байдаг. Энэ хугацаанд М.Пүрэвтунгалаг акттай байсан учраас өндөр ачаалалтай бэлтгэл хийж чадаагүй. 53 кг бол олимпийн жин. Бид олимпийн эрхийн төлөө явж байна” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Тэрбээр яриандаа “Томоохон  уралдаан тэмцээнд явах болгонд хэсэг бүлэг улсууд биднийг хоорондоо хэрүүлтэй хагаралтай байгаа мэт харуулах акц явуулдаг юм. Энэ жилийн хувьд ч мөн адил хэрүүл гаргаж ирлээ. Бид гурван хоногийн дараа Казакстан улс руу явна. Дээрх хэрэг бол чөлөөт бөхийн холбоог хэрүүлтэй байгаа мэт харагдуулах гэсэн жижиг башир арга” хэмээн дурдаад өнгөрсөн нь яахын аргагүй сонирхол татна. 

Тэрбээр шулуухан хэлж чадаагүй ч спортын  холбоодын хэрүүлийн талаар ярьсан  бололтой. Монголчуудыг олон жил доош чангааж байгаа дуусашгүй их хэрүүл тэмцэл, спорт дахь талцал бидэнд хэзээ ч сайн зүйл авчраагүй. Чөлөөтийнхнийг хар л даа. Монголын Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд сандал ширээгээ булаацалдсанаас болж, тамирчид нь хүртэл минийх, чинийх гэж хоёр хуваагдаж талцаж байсныг бид мэднэ. Өөрөөр хэлбэл, сөргөлдөгч талууд нөгөө талынхаа тамирчдыг хавчин гадуурхах, шагнал урамшуулал өгөхгүй байх, бэлтгэл хийх боломжийг нь тасалдуулах хүртлээ тэмцэл хурцдав. Тухайлбал, Риогийн олимпийн өмнө хэрэлдэж, хэрэлдэж байгаад л явсан. Эрэгтэй баг нь холбоо биднийг дэмжсэнгүй гэж гомдоллох. Харин холбоо нь аль, алинд нь адилхан ханддаг хэмээн биеэ өмөөрсөөр байгаад олимп хүргэсэн. Үр дүнд нь олимпийн наадмаас ганзага хоосон ирсэн.

Үндэсний бөхийнхөн бас л сүүлийн хэдэн жил хэрэлдэж муудалцлаа. Хэдэн удаа хоорондоо цаас шидэлцэж, хэчнээн ч удаа шүүхдэлцсэн юм бүү мэд. Үүний балгаар хэдэн бөхчүүдээ хоёр хувааж, нөгөө талынхаа зохион байгуулсан барилдаанд очиж барилдахгүй байхыг сануулдаг, энэ жил бүр улсын наадмын түрүү бөх нь допинг хэрэглэсэн хэмээн цолоо хураалгах эсэх маргаан одоо ч үргэлжилж байна. Эцэс сүүлдээ олон хүний хандив тусламж, хөдөлмөрийн үр дүнд боссон бөхийн өргөөгөө төрд алдах дээрээ тулж ирэв. Хамгийн харамсалтай нь монгол эр хүний үлгэр дуурайл гэгдсэн бөхчүүдийн нэр хүнд олны дунд навс унаж, бөхөө дээдэлдэг монголчуудын урам хугарлаа.

Талцсан, хуваагдсан холбоод үүгээр дуусахгүй. Сагсан бөмбөгийн холбоо хоёр хуваагдаад олон жилийг үдлээ. Улстөрчид спортын холбоодыг удирдах, тэнд эзэн суух санаархал нь мэргэжлийн тамирчдыг хоёр хувааж, хохирогч болох эрсдэл спортын бүх холбоодод байна. Энэ мэтчилэн дотроо маргаантай байгаа холбоодууд учраа үл ойлголцож, багагүй будилааны хамгийн гол хохирогч нь тамирчид болон үзэгчид.

Өнөөдөр хоёр хуваагдаагүй, талцаж, тэмцээгүй спортын холбоо Монголд нэг ч алга. Бүгд дор бүрнээ хоёр удирдлагатай, хоёр тал болсон, албан болон албан бус хоёр тамгатай. Энэ хэрээр үзэгчдээ хуваах, олон мянган тамирчдын хөлс хөдөлмөрийг үнэгүйдүүлж, итгэл найдварыг бөхөөж байгаа нь үнэн. Спорт бол улс төрөөс ангид, хүч, хөдөлмөр шингэсэн олон хүмүүсийн итгэл найдвар. Тиймээс энэ холбоодоо эмх цэгцэнд нь оруулж, хэрүүл талцлаа хэзээ зогсоох вэ.

М.Пүрэвтунгалаг охиных шиг ийм зүйл жил бүр л яригддаг, ярьсан нь буруудаж, тамирчны замналаа өндөрлүүлж, эсвэл амаа үдээд тэсээд өнгөрдөг нь ч олон. Эсвэл дуугарлаа хэмээн дарамт шахалтад ордог гээд ам дамжсан яриа олны дунд түгсээр ирсэн. Олны яриа ортой ч байж болох. 

Та бүхний талцлаар спорт холбоодын удирдлагын эрх мэдэл, ямба хямдхан олддог байж болох ч Тамирчны алдар хямдхан олддоггүй юм шүү!

       Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж