Хоолны газрын үйлчилгээг эрхлэх шинэ стандарттай болж, ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Орон сууцны нэг давхарт хоолны газар ажиллуулахгүй, шаардлага хангаагүй бол хаах шаардлагатай хэмээн албаныхан үзэж буй. Гэвч энэ нь үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийн эсэргүүцэлтэй тулгарч буй. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанарын стандартын улсын ахлах байцаагч О.Нямдаваагаас тодрууллаа.
-Шинэчилсэн стандартыг мөрдөж эхлэхээр орон сууцны нэг давхарт хоолны газар нээж болохгүй гэсэн ойлголт иргэдийн дунд байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-“Хоолны газрын ангилал, зэрэглэл, хэрэгцээ, ерөнхий шаардлага” стандарт 2005 онд батлагдсан байдаг. Энэ стандартыг 14 жилийн дараа, өнгөрсөн долдугаар сард шинэчлэн баталсан. Стандарт аравдугаар сарын 1-нээс мөрдөгдөнө. Стандартад мэргэжлийн хяналтын байгууллагад иргэдээс ирсэн нийтийн хоолны газруудтай холбоотой гомдол, санал зэргээс боломжтой зүйлсийг тусгасан. Стандартад орон сууцны зориулалтыг өөрчилж хоолны газар төлөвлөхгүй гэсэн заалт шинээр оруулсан. Энэ мэдээллийг зарим хэвлэл мэдээлэл сөргөөр ашиглаж байна. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа газрууд болон, хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ явуулахаар зураг төсөл нь зохиогдсон газрууд үүнд хамаарахгүй. Харин орон сууцны зориулалтыг өөрчилсөн ч журам шинэчлэгдэн батлагдахаас өмнө үйл ажиллагаа явуулж байсан газруудад стандартын шаардлагыг чанд биелүүлэхийг шаардана. Мөн актлагдсан барилгад үйл ажиллагаа явуулж буй газруудын тусгай зөвшөөрлийг сунгахгүй.
-Хоолны газрууд нь хелико бактерын “үйлдвэр” болоод байгаа. Энэ байдлыг яаж зохицуулсан бэ?
-Хүн амын дунд хелико бактер маш их байгаа. Энэ нь хоолны газрууд аяга, тавгаа бүрэн гүйцэт ариутгаж, халдваргүйжүүлэхгүй байгаатай холбоотой. Тиймээс хоолны газрууд нь аяга, таваг ариутгах автомат машинтай байх стандарттай болж байгаа.
-Стандартад тусгагдсан шинэ журмуудаас онцолж сонирхуулахгүй юу?
Хогоо ангилан ялгахыг шаардаж байгаа. Ангилан ялгасан хогийг хогны машин тодорхой графикийн дагуу ирж, ачиж явах юм. Ингэхээр хоолны газар нь төрөлжсөн хогийн савтай байх шаардлагатай болж байгаа. Мөн хоолны цэсэнд хоолны шим тэжээлийн үзүүлэлт, илчлэг, давс сахарын агууламжийг заавал тавих шаардлагатай. Түүнчлэн үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлж байгаа иргэн нь мэргэжлийн эсвэл мэргэшсэн байхыг шаардаж байна. Эрүүл ахуйн болон хөдөлмөрийн аюулгүй байдлын зохистой дадлын зөвлөмж, дүрэм, зааврыг хатуу мөрдөж ажиллах зэрэг заалтуудыг шинээр тусгасан байна.
-Стандартыг зөрчсөн газруудад ямар хариуцлага тооцох вэ?
-Стандартыг зөрчсөн, мөрдөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.15, 11.1, 11.2-дугаар заалтаар шийдвэрлэнэ. Зөрчлийн тухай хуульд зааснаар дээрх стандартыг зөрчвөл иргэнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна.
Холбоотой мэдээ