“Монголын шигшээ багийн ур чадвар эрс сайжирсан”

Хуучирсан мэдээ: 2019.09.09-нд нийтлэгдсэн

“Монголын шигшээ багийн ур чадвар эрс сайжирсан”

“Монголын шигшээ багийн ур чадвар эрс сайжирсан”

Улаанбаатарт болж буй “Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолтын хоёр дахь тоглолт маргааш /2019.09.10/ Монгол, Тажикстаны хооронд болохтой холбогдуулан хоёр багийнхан мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-МАРГААШ МАШ СОНИРХОЛТОЙ ТОГЛОЛТ БОЛОХ НЬ ГАРЦААГҮЙ-

Энэ үеэр Тажикстаны багийн ахлах дасгалжуулагч Усмон Тошев хэлэхдээ “Киргизийн баг хүчтэй, бидэнд аз таарч хожсон. Манай F хэсэгт ижил түвшний багууд багтсан. Ганцхан Японы шигшээ Азидаа төдийгүй дэлхийд хүчтэй баг. Бусад багийн хувьд хэн нь ч хожих магадлалтай. Манай багт нэг ч орос тоглогч байхгүй. Манай баг найрсаг уур амьсгалтай, цул болж чадсан нь бидний хамгийн том давуу тал.

Би Монголд олон удаа ирж байсан тул монголчуудыг эрэлхэг, зоригтой ард түмэн гэдгийг сайн мэднэ. Хөлбөмбөгчид нь ч мөн адил байх. Мьянмарыг ялсан тоглолтыг үзсэн. Маргааш маш сонирхолтой тоглолт болох нь гарцаагүй. Тажикстаны тусгаар тогтнолын баяр өнөөдөр болж байна. Тиймээс бид энэ баяр өдрөө ялалт авч ирэхээр Улаанбаатарт ирсэн” гэв.

Тажикстаны шигшээ багийн гол тоглогч, хагас хамгаалагч Парвизжон Умарбоев “Монголын багийн тоглогчдыг сайн мэдэхгүй. Бид хожихын төлөө тоглоно” хэмээн хэллээ.

-БИД ЯЛАХЫГ ХИЧЭЭХ БОЛНО-

Харин Монголын шигшээ багийн дасгалжуулагч Майкл Вайсс “Сүүлийн үед Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ур чадвар, түвшин эрс өссөн. Би Монголд ажиллаад 2,6 сар болж байна. Энэ хугацаанд багаа хэрхэн өсөн дэвжиж байгааг өөрийн нүдээр харж байна. Гэмтэл бэртэлтэй хүн байхгүй, бүгд эрүүл саруул. Мьянмарыг ялснаар багийн сэтгэл зүй ч эерэг байгаа төдийгүй бэлтгэл хангагдсан. Тажикстаны шигшээ талбай дээрээ бараг ялагддаггүй баг. Би Филиппинд ажиллаж байхдаа нэг удаа Тажикстаны шигшээ багтай тоглож байсан. Бид ялахыг хичээх болно” гэв.

Монголын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал “Тажикстаны шигшээ баг сайн тоглодог. Би ялна гэж амлахгүй ч ялахын төлөө хичээнэ. Бид Мьянмарыг ялсан болохоор сэтгэл зүй тайван, тоглоход бэлэн байна” хэмээн хэллээ.

-ТОГЛОЛТЫГ СИРИЙН ШҮҮГЧИД ШҮҮНЭ-

Монголын шигшээ баг Мьянмарын шигшээ багийг 1:0-ээр хожиж, түүхэн ялалт байгуулсан  бол Тажикстаны баг өөрийн талбай дээрээ Киргизийн багийг 1:0-ээр ялсан. Одоогийн байдлаар тэд F хэсгийг тэргүүлж буй бөгөөд маргааш манай талбайд багууд 17.00 цагаас халз тоглоно. Энэхүү тоглолтыг Сирийн шүүгчид шүүх бөгөөд ерөнхий шүүгч нь 30 настай Ханна Хаттаб, түүнд Али Ахмад, Мазен Зазфоун нар томилогджээ. Дөрөв дэх шүүгчийн үүргийг БНАСАУ-ын Чое Кван Хон гүйцэтгэх аж.

Тажикстаны шигшээ багтай манай шигшээ баг урьд нь таарч байгаагүй. Тажикууд дэлхийн чансаагаар манай багаас 66-гаар өмнө буюу 119-д эрэмбэлэгджээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж