Монголын интернэт сүлжээ, мэдээлэл технологийн мэргэжилтэн залуучууд анх удаагаа нэгдэж ашгийн төлөө бус mnNOG мэргэжлийн холбоог байгуулан анх дугаар форум болон мэргэжлийн сургалтуудыг хийхээр болсон байна.
Энэ удаагийн mnNOG1 арга хэмжээ нь 9-р сарын 16-д Улаанбаатар хотноо болох форум уулзалт болон 5 өдрийн сургалтуудаас бүрдэж байгаа болно.
Форумын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл: www.nog.mn вэбсайтаас mnNOG(Mongolian Network Operators’ Group) нь сүлжээний инженер, техникийн мэргэжилтнүүдийг сүлжээ, аюулгүй байдал болоод интернэт сүлжээний бусад технологиудын талаар сургалт болон мэдлэг туршлага солилцох үйл ажиллагаагаар хангах зорилготойгоор мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын мэргэжилтнүүдийн ашгийн төлөө бус нэгдэл юм.
Австрали, Япон, Сингапур, Энэтхэг, Бутан зэрэг Ази Номхон далайн бүсийн болон дэлхийн ихэнх улс орнуудын NOG(network operators group)-ууд дунджаар 10 гаруй жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулан мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг нэмэгдүүлэх замаар салбарынхаа хөгжлийг дэмждэг ажээ.
2019 оны mnNOG1-ын зохион байгуулалтыг Mobicom Networks, APNIC, NSRC, GemNET, Netcom, Skymedia, Facebook, Datacom, Kewiko, МТ Нэтворкс, ErdemNet гэх мэт интернэт сүлжээ болон үүрэн телефоны тэргүүлэх үйлчилгээ эрхлэгч, мэдээллийн технологийн чиглэлийн их дээд сургууль, эрдэм шинжилгээ боловсролын сүлжээний төв, контент хөгжүүлэгч компаниудын дэмжлэгтэй өргөн цар хүрээтэй гүйцэтгэж байна.
Багийн гишүүд: https://nog.mn/committee/
Мөн монгол инженерүүд APNIC, NSRC зэрэг олон улсын интернэтийн судалгаа, мэдээллийн төвүүдийн мэргэжилтнүүдтэй нягт хамтарч ажиллаж байгаа бөгөөд энэ нь mnNOG форумын гол зорилтууд болох салбарынхаа боловсон хүчний мэдлэг туршлагыг нэмэгдүүлэх, гадаад орнуудын инженер мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах бодит боломжуудаар хангаж дэмжихэд тогтвортой түлхэц болох юм.Цаашлаад сургалт, уулзалтууддаа олон улсын болон дотоодын өндөр туршлага мэдлэгтэй мэргэжилтнүүдийг урин оролцуулж, тэдний тэргүүн туршлагууд, сүүлийн үеийн шинэлэг мэдлэг мэдээллийг Монгол инженер мэргэжилтнүүддээ хүргэхийг зорин ажиллаж байна. Мөн mnNOG форум нь дотоод гадаадын интернэт сүлжээ, контент үйлдвэрлэгч компаниудын хоорондоо уулзах, хамтарч ажиллах бас нэгэн боломж байх болно гэдэгт итгэлтэй байна.