Сагсан бөмбөгийн ДАШТ-ий 1/4-д өрсөлдөх багууд эхнээсээ тодорч байна. Өчигдөр (9 сарын 8) Сербийн шигшээ баг Испаний шигшээ багтай тоглон 81-69 харьцаатай хожигдож, энэ удаагийн ДАШТ-ий эхний ялагдлаа хүлээлээ. Маш сайн бүрэлдэхүүнтэй, маш сайн тоглолт үзүүлж байсан Сербийн шигшээ багийг Испаний шигшээ баг буулган авсан ч хоёр баг хоёулаа 1/4 шигшээ шатанд шалгараад байна.
Хоёр баг хоёулаа 2-р шатанд Итали, Пуэрто-Рикогийн багуудтай багтаж өрсөлдөгч нараа буулган аваад, хэсгээ тэргүүлэхийн төлөө хоорондоо тоглож, Испаний залуусын ялалтаар өндөрлөсөн юм. Итали, Пуэрто-Рикогийн шигшээ баг тэмцээнээ өндөрлүүлээд байгаа бол Испани, Сербийн шигшээ багууд хасагдах шатанд шалгарч байна.
Мөн адил тэмцээний 2-р шатны I хэсэгт багтсан Польш болон Аргентины шигшээ багуудын тоглолт Аргентины шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн ч хоёр баг хоёулаа 1/4 шигшээ шатанд шалгарлаа. 2-р шатанд Польш 79-74 харьцаагаар Оросыг, Аргентин 87-67 харьцаатай Венесуэлийг тус тус хожоод байсан бол хэсгээ тэргүүлэхийн төлөө тоглосон юм.
Өнөөдөр тэмцээний 2-р шатны K болон L хэсгийн сүүлийн тойргийн тоглолт болно. Чехийн эсрэг Грек тоглох бол АНУ-ын шигшээ баг Бразилтай тоглоно. Хэрвээ Грекийн шигшээ баг хасагдах шатанд шалгарахыг хүсвэл Чехийн багийг 15 онооноос дээш онооны зөрүүтэй хожих шаардлагатай. Тэгж чадахгүй бол Грекийн залуусын ДАШТ-ий аялал өндөрлөнө. Харин L хэсэгт Франц, Австралийн шигшээ багууд дараагийн шатанд шалгарах нь бараг тодорхой болсон юм.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ