Харахад зүс минь МОНГОЛ
Хатгахад цус минь МОНГОЛ
Ханилахад сэтгэл минь МОНГОЛ
Халихад сүнс минь МОНГОЛ
Хаа ч хэлнэ би МОНГОЛ хүн
хэмээн үндэс угсаа, өв соёл, үүх түүхээрээ бахархан бахаддаг дэлгэр Монголын их цэнгэл наадам өргөн боллоо.
Өнөө жил хур татуу газар гандуу ч Хүйн долоон худгийн дэнж дөрвөн өдрийн турш хүүхдийн гийнгоо, хүлгийн үүрсээнээр халгиж цалгин өнжлөө.
АХ-ын 94 жилийн ой, төрийнхөө их баяр цэнгэл наадамд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийг танилцуулдаг уламжлалт дугаарын зочин хойморт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн ИТХ-ын дарга, “Дэлтэй цэнхэр“ МСУХ-ны нарийн бичгийн дарга, аймгийн Алдарт уяач Түдэндоржийн Болдбаатар уригдан тухаллаа. Энэ цагийн эгэлгүй хурдан буянгуудын нэг Магнай халиун азарганы эзний хийморь дүүрэн ярилцлагыг та бүхэн 4-11 нүүрнээс хүлээн авч уншаарай.
Харин дараа дараагийн нүүрнээс АХ-ын 94 жилийн ойн баяр наадамд эхний аравт хурдалсан дээд гурван насны морьдыг дэлгэрэнгүй танилцуулсан буй.
Хурдан хүлгийнхээ хиймориор жигүүрлэж, төр түмнээ цэнгүүлсэн уяачид, уралдаанч хүүхдүүд баярын сэтгэгдлээ хэрхэн хуваалцсаныг “Уяач“, “Алтан хараацай“ булангаас хүлээн авч уншаарай.
Уламжлалт “Аяны богц” буланд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын түүхт 90 жилийн ойн баяр наадмын сурвалжлага багтжээ. Сэтгүүлч А.Энхжилийн бэлтгэдэг энэхүү булан орон нутгийн уяачид, хурдан морины зүтгэлтнүүдийг алдаршуулж, баяр наадмын зохион байгуулалтын талаар мэдээлдэг билээ.
“Хийморилог зочин” буланд хагас зуун жил морь уяж, түмнээ цэнгүүлэх төрийн хэрэгт шимтэн буй Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Очирбат уригдлаа. Өдгөө нас сүүдэр 82 хүрч буй буурал уяач, монгол наадмын үнэ цэнэ, уяачийн ёс зүйн талаар өөрийн бодлоо хуваалцсан.
“Урлаг соёл” буланд төрийн наадмын түрүү, айргийн хүлгүүдийг 20 жил тосч буй Улсын Морь Баригч Ц.Баярлхагва оролцож, өөрийн ажлын үнэ цэнэ хийгээд ач холбогдлын тухай ярилцсан байгаа.
Энэ удаагийн дугаарын үүцийг задалж, мэдээллийн товчоог хүргэхэд ийм байна. Эрхэм уншигч та таалан болгооно уу?
Сэтгүүлийн шинэ дугаарыг хэвлэлийн бирж, "Интерном" дэлгүүр болон редакцийн 94012992, 94062992 дугаарын утсанд холбогдож авна уу.
Эх сурвалж: www.todmagnai.mn