З.Энхболд: ЖДҮ-чин гишүүддээ хариуцлага тооцож чаддаггүй арчаагүй парламент

Хуучирсан мэдээ: 2019.09.09-нд нийтлэгдсэн

З.Энхболд: ЖДҮ-чин гишүүддээ хариуцлага тооцож чаддаггүй арчаагүй парламент

З.Энхболд: ЖДҮ-чин гишүүддээ хариуцлага тооцож чаддаггүй арчаагүй парламент

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.09.09/ Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч байгаагаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдлээ.

Албан бичигтээ “…Үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч, нэг мөр асууж шийдвэрлүүлэх ёстой…” талаар дурдаж, Ард нийтийн санал асуулга явуулах Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулснаа хүргүүлсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ ХҮРГҮҮЛСЭН АЛБАН БИЧИГ: 

Монгол Улсын Их Хурал улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хууль зүйн зөрчил, маргаантайгаар эхлүүлж, өнөө маргаашийн асуудалд хэт автсан, улс төрчдийн дахин сонгогдох явцуу ашиг сонирхлыг гүйцээн хангасан байдлаар хэлэлцэж, улс оронд бодитой оршиж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх бус, гучин жилийн хугацаанд тодорсон алдаа завхралыг үргэлжлүүлэх, ач холбогдол муутай хувилбарыг ард түмэнд тулгахаар шийдвэрлэлээ.

Миний бие Улсын Их Хурлын гишүүдийн өргөн барьсан төсөлд улс оронд үүссэн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх тодорхой ач холбогдол бүхий зохицуулалт тусгагдсан гэж үзэж, орхигдсон асуудлуудын хүрээнд өөрийн санал төслийг хүргүүлэн, хямрал, бэрхшээлийг нэг мөр хамтран шийдвэрлэхийн төлөө ажилласан боловч үр дүнд хүрсэнгүй.

Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрхийг олгох, Улсын Их Хурлын гишүүдэд сайдын ажил давхар эрхлэхийг хориглох, сонгуулийн тогтолцоог тодорхой тогтвортой болгох, тойргийн асуудалд автдаг далан зургаан гишүүний тоог нэмэгдүүлж ард түмний жинхэнэ элч төлөөлөгч байх боломжийг бүрдүүлэх, гишүүдийг улс орны нийтлэг эрх ашиг, хөгжлийн төлөө ажилладаг болгох зэрэг ач холбогдол бүхий, улс орны цаашдын амьдрал, хөгжилд жинтэй хувь нэмэр болох өөрчлөлтүүд бүгд хасагдлаа.

Иймд миний бие Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

Улсын Их Хурал Ардчилсан намын санал, шахалтаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөө ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх болсныг зөв гэж үзэж байна. Гэхдээ ач холбогдол муутай төсөл тулгах бус засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч, нэг мөр асууж шийдвэрлүүлэх ёстой. Тодруулбал Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, Парламентын засаглалтай байх уу гэдгийг ард түмнээсээ асууж шийдвэрлэх шаардлагатай байна.

Миний бие Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу энэ чиглэлээр ард нийтийн санал асуулга явуулах Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсан бөгөөд ард иргэдийнхээ өгсөн хариулт, шийдвэрийн хүрээнд шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж, нийтээр хэлэлцүүлэн батлахаас өөр аргагүй гэж үзэж байна. Ингэснээр гүйцэтгэх засаглалын тэргүүнийг улс төрчдийн барьцаа, хүлээснээс ангижруулж, улс орон тогтвортой хөгжин дээшлэх боломж бүрдэнэ.

Тиймээс Үндсэн хуулийн асуудлаар явуулах ард нийтийн санал асуулгын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн даруй Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг хүсье” гэжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулан өгсний  дараа сэтгүүлчдийн сонирхсон  асуултад дэлгэрэнгүй хариуллаа.

-Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, саналаас аль аль саналууд нь дэмжигдсэн юм бэ?

-Ерөнхийлөгчийн саналыг саналын түвшинд харгалзаж үзээд баталсан. Одоо дэмжигдсэн долоон санал бол цаашдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болоод явна. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд санал өгсөн болохоос биш  бие даасан төсөл өргөн бариагүй. Бие даасан төслийг хэлэлцэж болохгүй.  Ерөнхийлөгчийн оруулсан саналуудаас дэмжигдсэн заалтууд бол  зургаадугаар зүйлийн 2-т  оруулсан байгалийн баялагтай холбоотой “төрийн өмч гэж байсныг нийтийн өмч” гэж өөрчилсөн. Мөн намын дэгжигчдийн тоог “сонгуулийн эрх бүхий дэмжигчдийн 2.5 хувь” гэснийг “нэг хувь” болгож намын гишүүдийн тоог бууруулсан. Мөн намын хөрөнгө санхүү ил тод байна гэсэн санал нь дэмжигдсэн. Гуравдугаарт 25 дугаар зүйлийн 1.16 дээр “тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглох” тухай заалт дэмжигдсэн. Дөрөвдүгээрт,  Шүүхийн тогтолцоонд тойргийн зарчим байна гэдэг дэмжигдсэн. Мөн шүүгчийн Сахилгын хороог байгуулах тухай заалт үг үсгээрээ орсон. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг заавал харгалзаж үзнэ гэсэн эдгээр санал дэмжигдсэн. Энэ бүх саналууд үлдээд явна. Харин УИХ-аар авч хэлэлцээгүй Ерөнхийлөгчийн бусад саналуудыг татаж авч байгаа.

-Ерөнхийлөгч саналаа татаж авснаар ямар нөхцөл байдал үүсэх вэ. Төсөл задарна гэж ойлгох уу?

-Төсөл задрахгүй. УИХ Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг батлах бүрэн эрхтэй.  АН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оролцохгүй гэдгээ дөнгөж сая хэлсэн. Ерөнхийлөгч оролцохгүй. Одоо цэвэр МАН-ын хэрэг болсон. Удахгүй УИХ-д суудалтай бусад нам болох МАХН ч юм уу байр сууриа илэрхийлэх байх. Энэ бол зөвхөн УИХ-ын 62 гишүүний боловсруулсан өөрчлөлт болоод үлдэх ёстой юм.

-Ард нийтийн санал асуулгаар хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай болгохыг ард түмэн дэмжвэл яах вэ?

-Шинэ Үндсэн хуулийг дараагийн УИХ боловсруулж, нийт иргэдээрээ хэлэлцүүлж байж батална. Энэ өөрчлөлт олон жил яригдлаа. Ерөнхийлөгч наадмын маргааш буюу долдугаар сарын 16-нд санал, төслөө өргөн барихдаа УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд ололттой заалтууд байна. Гэхдээ орхигдсон заалтуудыг өргөн барьсан. Тухайлбал, хотыг засаг захиргаа нэгжийн хувьд адилхан авч үздэг асуудал хэсэгчлэн суусан. Засаг захиргааны бүх эрх хотод ирэхгүй гэхдээ нэлээд олон ололтой талууд бий. Засгийн газрын дөрвөн жил тогтвортой ажиллуулах боломжийг хангаж өгөхгүй байна гэж үзэж байгаа учраас Ерөнхийлөгч өөрөө гүйцэтгэх засаглалын тэргүүн байдаг энэ системийг нэвтрүүлэхгүй бол болохгүй нь гэж үзсэн.

Уг нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан үндсэн саналуудыг авах болов уу гэсэн найдлага  хоёрдугаар хэлэлцүүлэг дуусах хүртэл байсан. Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналын 80 хувь нь хасагдлаа. Гишүүдийн өргөн барьсан төслийн 20 хувь нь дэмжигдсэн байна. Ерөнхийлөгчийн зүгээс хуучин Үндсэн хуулиа засах гээд үзлээ, болсонгүй.  Тэгвэл шинэ Үндсэн хуулийн тухай ярихаас төөр аргагүй болж байна. Засгийн эрх мэдэлд ард түмний гарт байна гэж Үндсэн хуульд заасны дагуу нэг л удаа ард түмнээсээ асуучих. Ерөнхий сайдаа жил болгон огцордоггүй болгоё гэж байгаа бол ард түмнээсээ сонгуулъя. Ард түмнээсээ мандатаа авсан бол дундаасаа шүүх засаглалаа гаргадаг жишиг дэлхий дээр сайн ажиллаж байна. Санал асуулгаар 30 тэрбум төгрөг зарцуулаад 62 гишүүний нэмэлт, өөрчлөлтийг батална. Эсвэл Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжинэ, парламентын засаглалыг дэмжинэ гэдэг шийд гарна. Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжинэ гэвэл цоо шинэ Үндсэн хуулийн төслийг дараагийн УИХ батлаад, баталсан даруйдаа тараад дараагийн парламент ажлаа хийх боломж олгох юм.

-Ерөнхийлөгч яагаад одоогийн Үндсэн хуулиа өөрчлөх гээд байгаа юм бэ?

-Одоогийн Үндсэн хууль Монгол Улсын өмнө тулгамдсан асуудлыг шийдээд явж байгаа бол болно. Гэтэл УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх нь буюу 62 гишүүн  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьж, энэ Үндсэн хууль болохгүй байна, гүйцэтгэх засаглалаа бэхжүүлье, парламентынхаа засаглалыг хадгалъя  гэлээ. Тэгэхээр нь Ерөнхийлөгч тэгье гэлээ. Харин УИХ түүнээсээ ухарлаа. ЖДҮХС-аас зээл авсан 40 гишүүддээ хариуцлага тооцож чаддаггүй ийм арчаагүй парламенттай байснаас улс орны өмнө тулгамдсан асуудлаа шийдэж чаддаг, гэхдээ засаглалын ямар хэлбэр байх нь сонин биш Үндсэн хуультай байх нь чухал. Парламентын засаглал хамгийн мундаг нь гээд хэн хэлсэн юм. 30 жилийн турш бид янз бүрээр оролдлоо. Хамгийн сүүл ийн оролдлого Үндсэн хуульдаа 35 хүртэлх хувьд нь өөрчлөлт хийгээд явъя гэлээ. Гэтэл ажиллахгүй нь. Тэгэхээр засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байдаг юм бол ард түмнээсээ асууя гэсэн. Ард түмэн аль нэгийг нь сонгоно. Ард түмний сонголтын дагуу Үндсэн хуулиа өөрчлөх үүрэг нь парламентын үүрэг.

-Ард нийтийн санал асуулгаар Ерөнхийлөгчийн асуултыг хамтад нь оруулъя гэхэд ҮХНӨ-ийн журмын тухай хуулийг зөрчинө гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүд хэлсэн?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль бол ердийн нэг хууль. Дэгийн тухай хуульд болохоос биш Үндсэн хууль өөрөө биш. Одоо бид хэлбэр, агуулгаа ялгах хэрэгтэй. Болохгүй гэдэг хязгаарлалт хаана ч байхгүй. Боломжгүй гэж хэлж байгаа хүмүүс Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг үндэслээд байгаа юм. Би үндсэн Дэгийн тухай хуулийг хэлээд байна. УИХ-аар хэлэлцэж байгаа бүх хуульд Ерөнхийлөгчийн саналыг тусгах үүрэгтэй.

-Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулгаар Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу эсвэл парламентын засаглалтай байх эсэхийг асуух гээд байгаа нь Ерөнхийлөгчийн засаглалд санаархаж байгаагаа шууд илэрхийлж байна гэж харж болох уу?

– Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдаад дараагийн Ерөнхийлөгч, УИХ-ын үеэс хэрэгжих заалтуудын талаар Ерөнхийлөгч ярьж байна. Шинэ Үндсэн хуулийн дагуу шинээр Ерөнхийлөгчийн сонгууль явагдана.Тэр сонгуульд Х.Баттулга гэдэг хүн оролцоод гарна гэдэг баталгаа хаана ч байхгүй. Бүх хүнд адилхан боломж бий. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дараагийн УИХ, Ерөнхийлөгчөөс эхэлж хэрэгжинэ. Ямар хүмүүс гарч ирэхийг Монголын ард түмэн мэднэ.

 

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
6
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж