Алс Дорнод Монголд ойрхон болжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.09-нд нийтлэгдсэн

Алс Дорнод Монголд ойрхон болжээ

Алс Дорнод Монголд ойрхон болжээ

ОХУ-ын Владивосток хотод есдүгээр сарын 4-6-ны хооронд Дорнын Эдийн засгийн чуулга уулзалт боллоо. Ирсэн зочид, байгуулсан гэрээ, хэлэлцээрийн тоогоор энэ удаагийн чуулга уулзалт шинэ дээд амжилт тогтоов. Тодруулбал, чуулга уулзалтад 65 орны 8500 төлөөлөгч оролцож, тэд гурав хоногт 3.4 их наяд рублиэр хэмжигдэх, хөрөнгө оруулалтын 270 гаруй гэрээ байгуулсан. Япон, Хятад, Энэтхэг, БНСУ-аас хамгийн олон төлөөлөгч ирсэн байв. Дэлхийн 440 гаруй компанийн төлөөлөгч оролцжээ хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Алс Дорнодын тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч бөгөөд Ерөнхий сайдын орлогч Юрий Трутнев чуулга уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.

Ази, Номхон далайн бүс нутгийг тогтвортой бөгөөд иж бүрэн хөгжүүлэх сонирхолтой, үүний тулд хамтын хүчин чармайлт гаргах шаардлагатайг энэ удаагийн чуулга уулзалт нотлон харууллаа. Монгол Улс ч хувь нэмрээ оруулж буй бөгөөд үүний нотолгоо нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Малайзын Ерөнхий сайд Махатхир Мохамад нар оролцсон хуралдаан болов.

Орос, Хятадтай хамтран Эдийн засгийн коридор байгуулах төсөл хэрэгжүүлж байгаа нь Монголын бизнесийн хөгжилд түлхэц болохыг Монголын төрийн тэргүүн хэлсэн үгэндээ тэмдэглэсэн юм. Тэрчлэн Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах талаар гурван улсын үйл ажиллагааг уялдуулах санаачилгаа Монголын удирдагч эргэн сануулсан. “Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг уялдуулах үүрэг бүхий байгууллага байгуулах саналаа өнгөрсөн жил тавьсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголын тал судалгааны ажлаа дуусгаж, бүс нутгийг хамарсан олон ажил санаачлан хэрэгжүүллээ” хэмээн тэрбээр хэлжээ. "Түүнчлэн ОХУ-аас БНХАУ руу барихаар төлөвлөж буй байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх Монгол Улсын саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч дэмжсэн бөгөөд БНХАУ-ын Ерөнхийлөгч судалж үзэхээ илэрхийлээд байна” гэв.

ЕвроАзийн Эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлахыг Монгол Улс санал болгожээ. “ЕвроАзийн бүс нутгийн орнуудтай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодлогынхоо хүрээнд Монгол Улс болон ЕвроАзийн Эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг хамтран судлах саналыг бид дэвшүүлэн ажиллаж байна. Худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус хориг саадыг бууруулах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахад Чөлөөт худалдааны хэлэлцээр чухал үүрэг гүйцэтгэх болно” гэж Х.Баттулга хэллээ.

Орос, Японы харилцааг хөндөн хэлэлцсэн нь уулзалтад оролцогчдын анхаарлыг татав. Тус хоёр улсын хооронд Найрамдлын гэрээ байгуулах асуудлыг Шинзо Абэ дахин хөндөж, эл зорилгод хүрэхийн тулд бололцоотой бүхнээ хийхийг В.Путинд уриалжээ. Уулзалтад оролцогчдод Нарендра Модигийн хэлсэн үг гэнэтийн сюрприз болов. Тэрбээр Алс Дорнодыг хөгжүүлэхэд нэг тэрбум ам.долларын зээл олгохоо мэдэгдсэн юм. “Энэтхэг улс нэг тэрбум ам.долларын зээл олгож байна. Бид өөр улсад ийм хэмжээний зээл олгож байсан удаагүй” гэж Моди онцлон тэмдэглэжээ.

Үүний сацуу чуулга уулзалтын үеэр Х.Баттулга Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээ хийж, Оросын Алс Дорнодын боомтоор дамжуулан Монголын нүүрсийг Японд нийлүүлэхээр тохиролцов. Монголын “Эрдэнэс Тавантолгой” корпорац, Оросын “Феско” групп нүүрсний терминал барьж эхэлсэн бөгөөд үүгээр 2022 оноос Япон руу зургаа, 2024 онд 10 сая тонн нүүрс нийлүүлнэ. Нүүрсний гол хэрэглэгч нь Японы “Сумитома групп” байх аж.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хамгийн их анхаарал татсан үйл явдал нь Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Нарендра Моди нар оролцсон ОХУ, Энэтхэгийн хэлэлцээ байв. Москва болон Дели түншлэлийн шинэ төлөвлөгөөгөө зарласан. Тухайлбал, 2025 он гэхэд тус хоёр улс хоорондын бараа эргэлт бараг гурав дахин ихсэж, 11 тэрбумаас 30 тэрбум ам.долларт хүргэх бол харилцан хөрөнгө оруулалтаа 15 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Энэтхэг улс Оросоос 14.5 тэрбум ам.долларын зэвсэг худалдан авах, “Росатом” Энэтхэгт атомын эрчим хүчний 20 станц барьж өгөхөөс гадна хоёр орны хооронд харилцан ашигтай олон гэрээ хэрэгжүүлэхээр Путин, Моди нар ярилцжээ. Иран, Пакистаны хооронд Орос, Энэтхэгийн ложистикийн коридор байгуулах, сансарт, Алс Дорнод, Умард мөсөн далайн бүс нутагт, тэрчлэн батлан хамгаалахын салбарт хамтран ажиллахаар талууд тохиролцов. Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд ОХУ Энэтхэгтэй таван тэрбум ам.доллароор хэмжигдэх хөрөнгө оруулалтын 50 гэрээ байгуулжээ.

Энэ жилийн чуулга уулзалт олон улсын эдийн засаг, улс төрийн нөлөө бүхий арга хэмжээний статусаа нотлов. Түүнд Монгол Улс оролцсон нь гадаад бодлогынх нь салшгүй хэсэг болж байна.

Ази, Номхон далайн бүс нутагт Монгол нэгдэх боломж нь зөвхөн манай орны эдийн засгийн өсөлт, зорилтот бодлогоос төдийгүй тус бүс нутагт нэгдэх нөхцөл байдлаас хамаарна. Энд Европын Холбоо шиг хүчтэй бөгөөд сайн зохион байгуулалттай байгууллага байхгүй. Нэгдэх үйл явц гурван түвшнийг дамжих ёстой гэж шинжээчид үзэж байна. Эхнийх нь хамгийн өргөн буюу “Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа” чуулга уулзалтын хүрээнд, хоёр дахь нь илүү нарийн буюу Зүүн өмнөд Азийн улсуудын холбоо зэрэг бүс нутагт, эцэст нь буюу гуравдугаарт, хоёр талын хамтын ажиллагаанд суурилах ёстой.
Ийм нөхцөлд бүс нутагтаа идэвхтэй үйл ажиллагаа явуулах, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллахаар шийдсэн Монголын удирдлагын сонголт маш зөв бөгөөд ойрын ирээдүйд мэдэгдэхүйц үр дүн үзүүлэх юм.

И.БОРХОНДОЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж