Ерөнхийлөгчийн САНАЛ ба ШУНАЛ

Хуучирсан мэдээ: 2019.09.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн САНАЛ ба ШУНАЛ

Ерөнхийлөгчийн САНАЛ ба ШУНАЛ

Бүтэн гурван сар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ажилласан УИХ хоёрдугаар хэлэлцүүлгийг өнгөрсөн Бямба гаригт хийж дууссанаар үндсэн гол ажлаа дуусгаж, улс төрийн реформ хийх эсэхээ ард нийтээс асуухаар болов. Уг нь ард түмэн Ардын намд Үндсэн хуулийг өөрчлөх үүрэг, үнэмлэхүй суудал өгсөн байдаг.

Монголын хөгжлийн гол саад, засаглалын хямралын шалтгаан болсон гэх шалтгаанаар Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг өчнөөн  жил ярьсан, Ардын намын 62 гишүүний өргөн барьсан анхны төслийн гол концепц нь гүйцэтгэх засаглалд эрх мэдэл өгөх, супер Ерөнхий сайдтай болох тухай. Хэрэвзээ Үндсэн хуулийг өнөөдөр л өөрчлөхгүй бол цаг хугацааны хувьд найман жилийг дахиад алдана. Дээр нь үнэмлэхүй олонхтой парламент 2020 онд бүрдэх эсэх нь бүр эргэлзээтэй. Иймээс л Ардын намд асар их үүрэг хариуцлага оногдсон хэрэг.

Харамсалтай нь, Үндсэн хуулийн өөрчлөлтийн амин сүнс болсон гол концепц АН-ын муу, МАН-ын хагарлаас болж, 57 хүний санал авч чадаагүй тул УИХ-ын босго давалгүй уналаа. Ингээд гол концепцгүй ч, “оргүйгээс охинтой нь дээр” гэгчээр УИХ-ыг хариуцлагажуулж, “давхар дээл”-ийг тодорхой хэмжээгээр тайлж, хараат бус, хариуцлагатай шүүх засаглал байгуулахад нэмэр болсон өөрчлөлт төсөлд орсныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбарлаад “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих үү, үгүй юу” гэсэн ганцхан асуултад ард нийтийн саналыг авахаар болсныг хэвлэлийнхэнд мэдээлэв.

МАН МУУ, АН БҮР МУУ!

Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцад парламентад суудалтай гэх гурван намын бүрэн оролцоо тун сул байв. Ялангуяа Ардчилсан намын хувьд Ардын намд тунирхаад суух биш ардчиллыг бэхжүүлэх, сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэхэд цөөнхийн долоон кноп цөөдөхгүй байлаа. Ердөө богино зайны улс төр хийсэн Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлт дээр “долоовор хуруу”-гаа ч хөдөлгөсөнгүй. Үүнээс болж хожим ямар үр дагавар гарахыг хэлэхэд хэцүү. Ямартай ч Монголын ардчилал, парламентын тогтолцоонд өнөөдөр бодит аюул нүүрлээд эхэлсэн нь нэгэнтээ тодорхой болжээ.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд МАН амаргүй нөхцөлд ажилласан гэх С.Бямбацогт гишүүний хэлсэн үнэн. Ерөнхийлөгчийн санал нэртэй “тулган шаардалт”, АН-ын нүүдлээ олоогүй улс төр, Ардын намын хуваагдал гээд ажлын хэсгийнхний ажлын нөхцөл үнэхээр ч хүнд байсан биз. Гэхдээ Үндсэн хуулийн гол концепцио хамгаалж чадалгүй унагаасан нь Д.Тогтохсүрэн бүлгийн гишүүдээ, Г.Занданшатар парламентаа, У.Хүрэлсүх намаа зангидаж чадаагүйн илрэл байв.

Яг үнэндээ Үндсэн хуулийн мандаттай олонх атал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ард түмнээс санал авахаар болсон ч үүнтэй холбоотой юм. Гэтэл ард түмний дунд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг уншаад дэмжих, дэмжихгүйгээ санал өгөх нь бүү хэл өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуулиа уншаагүй хүн олон байгаа. Тэднээс  Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих үү гэвэл манай ард түмэн юу гэж хариулах нь ч бараг тодорхой.

 ГУЯ ДАГАЖ ХҮЗҮҮ

Ардын намын шийдвэр дээр Ерөнхийлөгч улс төрийн тоглолт хийхээ сайн мэднэ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд оролцохдоо “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээс асуухаар болсон МАН-ын шийдвэрт талархаж байгаа”-г онцлоод “дэмжинэ, дэмжихгүй” гэсэн ганцхан саналаар асуулга явуулж буйг учир дутагдалтай гэжээ. Ерөнхийлөгчийн зүгээс ард түмнээс Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэж асуух хүсэлтэй байгаа аж.

Саналаа хуулийн төсөл хэлбэрээр удахгүй УИХ-д оруулж ирэх талаар Тамгын газрынх нь дарга мэдээлжээ. Нөгөө гуя дагаж хүзүү гэж.  Бүтэн хоёр сар УИХ-ыг "зовоосон" саналаа гэнэт өнөөдөр эргүүлэн татав. УИХ-аар хэлэлцэгдэж буй төслөөс Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбогдсон нэмэлт, өөрчлөлтөд хамаарч буй төслийн 49.5, 49.6, 49.7, 49.8, 51.1, 51.2, 51.3, 51.5 дахь хэсгийг бүхэлд нь хасах саналаа Ерөнхийлөгч гаргажээ. Товчхондоо, улс төрийн эгзэгтэй мөчийг ашиглан  Монголын "авторитори" болох сонирхлоо Ерөнхийлөгч Х.Баттулга ийнхүү ил цагаан илэрхийлж эхэллээ.  Ингээд Монгол ардчиллаас авторитори дэглэмд шилжвэл эрх чөлөө будаа!

Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд хэдийгээр “дэмжинэ, дэмжихгүй” гэсэн ганцхан заалтаар санал асууна гэж зааж өгсөн ч хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах үед “барьцаалагдсан” парламент Ерөнхийлөгчийн шуналыг тусгаад өгчихгүй гэсэн баталгаа алга. Өнгөрсөн хугацаанд парламент бол муу муухайгийн үүр овоохой гэсэн сурталчилгаа хангалттай явсан. Тархи угаалт ч чамгүй хийгдсэн. Хар массын тархийг яаж угааж, санал авч болдгийг манай ҮАБЗ-ийнхөн сайн мэднэ.

ЯАГААД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ МОНГОЛД ХЭРЭГГҮЙ ВЭ?

Монгол бол жижиг улс. Авторитари дэглэмтэй, их гүрний орших жижиг улсад нэг хүний эрх мэдлийг хэт нэмэгдүүлэх нь Монголын тусгаар тогтнол, бүрэн эрх, Үндэсний аюулгүй байдалд халтай. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалын үеийн дарангуйллын нулимс хатаж, сүүдэр нь   арилаагүй байна. Муу, сайн ч гэсэн 76-тайгаа, парламентын тогтолцоогоо авч үлдсэнээр бид ардчилал, хүний эрх, эрх чөлөөгөө хамгаална.

Монголд дарангуйлал яагаад хэрэггүйг харуулсан хамгийн сүүлийн жишээ гэхэд В.Путиныг шүүмжилсэн жиргээчдийг хянаж, шалгах болсон явдал. Ерөнхийлөгч Х.Баттулга сайн хүн байж болно. Харин одоо яриад байгаа Ерөнхийлөгчийн засаглал бо УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн хэлснээр “Хуульд захирагддаг Ерөнхийлөгч биш, хүчирхийллээр иргэдээ хянадаг хааны тухай яриа” юм.

Ерөнхийлөгчийн засаглалын хамгийн сул тал бол нэг хүний дарангуйлал буюу диктатур бий болох магадлал өндөр.

Өнөөдөр эдийн засгийн хөгжлөөрөө хамгийн сул дорой болох Венесуэл, Гана,Гондурас, Замби, Зимбабве, Конго, Мьянмар, Нигери, Палау, Панам, Парагвай, Өмнөд Судан, Хойд Солонгос бүгд ганц хүний засаглалтай.

Ардчиллын хамгаалсан хүчтэй Ерөнхий сайдтай, сонгодог парламентын тогтолцоотой болохыг бид хүссэн. Өөрөөр хэлбэл, тогтолцоогоо бэхжүүлэх болохоос солих тухай яриа байх ёсгүй. Тиймээс дарангуйллын эсрэг бүгд "Үгүй" гэж хэлье. Үндсэн хуулийн дээрмээ зогсоо, ҮАБЗ-өө!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж