Энэ сарын 17-18-нд Төрийн ордонд зохион байгуулагдах "ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ" олон улсын эмэгтэйчүүдийн чуулга-уулзалтад НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Анна-Карин Жатфорс үг хэлж, “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагааны зорилт” сэдвээр илтгэл тавина.
Анна-Карин Жатфорс нь Швед улсын иргэн бөгөөд 15 жилийн турш эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн чиглэлээр, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох бүсийн менежер, Ерөнхий нарийн бичгийн дарга, UNiTE кампанит ажлын Ази, Номхон далайн менежер, Нью Йорк, Индонезийн НҮБ-ын Хүүхдийн сангийн менежерээр ажиллаж байсан юм.
Монгол Улсын Засгийн газар, МЭХ хамтран зохион байгуулах гэж буй уг чуулганд ОХУ, ӨМӨЗО, АНУ, Казакстан, Швед, БНСУ, Буриад, Халимаг, Тува, Якут, Япон, Турк зэрэг 10 гаруй улс орны төлөөлөгчид оролцоно.
Мөн Швед Улсын Гадаад Харилцааны Яамны хүчирхийлэл, хүний наймаатай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Пер Андерс Сунессон, Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн Зүүн Өмнөд Азийн бүсийг хариуцсан суурин төлөөлөгч Др.Гвендолин Пэн нар хүндэт зочноор оролцох юм.