Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцэн бөгөөд олонхийн саналаар энэ асуудлыг хэлэлцэхийг дэмжсэн байна. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаас цөөн асуултад хариулт авлаа.
-Хууль зүйн байнгын хороо Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцсэн. Чухам ямар асуудал яригдав. Гишүүд дэмжсэн үү?
-Өршөөлийн хуулийн төслийг өнөөдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд, гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.
-Хичнээн хоригдол өршөөлд хамрагдах бол?
-Одоогоор 8000 гаруй хоригдол ял эдэлж байна. Мөн мянга гаруй хүн сэжигтнээр шалгагдаж байна. Өршөөлийн хууль гарснаар хоригдож байгаа хүмүүсийн ял 30-40 хувиар багасч, 2000-4000 орчим хоригдол өршөөгдөнө. "2002 оны хууль бол шоронжсон хууль. Монгол Улс шоронгоор дүүрсэн байна" гэсэн шүүмжлэл байнга гардаг. Энэ алдааг засах ёстой. Тийм учраас Эрүүгийн, Зөрчлийн хуулийг яаралтай хэлэлцэж, шийдвэрлэнэ. Ингэхдээ хөнгөн гоомой бус дэгийн дагуу хэлэлцэнэ.
-Эрүүгийн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг гишүүдийн ирц бүрдээгүй байхад хууль зөрчиж явуулсан гэж МАН-ын бүлэг үзэж байгаа. Та үүнийг тайлбарлахгүй юу?
-Хууль зөрчсөн зүйлгүй. Хурал гишүүдийн 50-иас дээш хувийн ирцтэйгээр эхэлдэг. Хурлын явцад тухайн гишүүд таалагдсан, таалагдаагүй зэргээс шалтгаалах юм уу, өөрийнх нь санал цөөнх болсны төлөө хурлыг хаяж, гарч явж болохгүй
О.САР