Дэлгэц эзэгнэсэн Хятад сериал

Хуучирсан мэдээ: 2019.09.09-нд нийтлэгдсэн

Дэлгэц эзэгнэсэн Хятад сериал

Дэлгэц эзэгнэсэн Хятад сериал

Нэгэн үе Монголын цэнхэр дэлгэцийг Солонгос савангийн дууриуд эзэгнэж байсан бол өнөөдөр Хятадын олон ангит кинонд эзлэгджээ. Монголын 16 телевизээр Хятадын олон ангит 18 кино өдөр бүр хоёр удаагийн давтамжтайгаар гарч байна.

Үүнд:

1. МҮОНРТ “Заяагаар учирсан хоёр”

2. MN-25 “Мэс заслын тасгийнхан”

3. HD Монгол “Хайрлаж дурласан 10 жил”

4. VTV “Насны хань”

5. ТМ “Халуухан ээж”

6. Эх орон “Залуу нас”

7. Asian box “Хуанжу гэг”, Хайрын зөвлөх”

8. Өлзий “Хоёр эзний нэг зарц”

9. Эко “Миний гэр бүлийн аз жаргал”

10. Талын Монгол “Ланя бичээс”

11. Seven “Сармагчны хаан”

12. ОНТV “Хайрыг хайрла”

13. MNC “Тахианы өд”

14. Movie max “Нүд гялбам”, “Бидний нандин үе”

15. TV 6 “Миний эрдэнэ”

16. Рояаль Үүр цайхын өмнө

Эдгээр кино нь олон ангит тул багадаа нэг сар түүнээс цааш хоёр, гурван сар үргэлжлэн гарна. Зарим кино нь нэг телевизээс нөгөөд дамжиж цацагдсаар хоёр жил шахам тасралтгүй үзэгчдэд хүрсэн нь ч бий.

Хятад сериал хүч түрэн орж ирснийг үндэсний контент ховор байгаатай холбож болох ч Монгол Улс соёлын импортыг зохицуулсан эрх зүйн зохицуулалт дутмаг өнөөг хүрсэн нь нэг улсын кино дангаар шахам өргөн нэвтрүүлгийн телевиз, кабелийн сувагт ноёлдог гажуудал үүсгэлээ ч гэж хэлж болох болов уу. Нөгөө талдаа эрх зүйн зохицуулалт дутмаг байгаа энэхүү орон зайг ашиглан их гүрнүүд соёлоор дамжуулан "Зөөлөн хүчний бодлого"-оо хэрэгжүүлэх таатай хөрс нь болж байна гэж хэлсэн ч буруудахааргүй мэт.

Хоёр жилийн өмнө буюу 2017 онд Солонгос сериалууд Монголын телевизүүдээр хамгийн их цацагдаж, дөрвөн улирал дараалан хамгийн олон үзэгчтэй киногоор “Тэ Жан Гым”, “Сүүдэрт ургасан цэцэг”, “Нисдэг зургаан луу”, “Эхнэрийн урхи”, “Ким Ду Хан”, “Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сүн”, “Нэрээ нууцалсан бүсгүй” шалгарч байсан бол өнөөдрийн судалгаагаар өмнөд хөршийн кино тэргүүн байр эзлэх шинжтэй.

Кино бол үзэгчдийг байлдан дагуулахын хэрээр соёл ухамсарт нь гүн гүнзгий нэвтэрч өөрчлөлт хийж чаддаг шидтэй урлаг. Их гүрнүүд эрх ашгаа хамгаалах, бусдыг дагуулахын тулд кино урлагийг хамгийн том зэвсгээ болгон "Зөөлөн хүчний бодлого"-ыг хэрэгжүүлэх болсон нь ийм учиртай. Судлаачид "Зөөлөн хүчний бодлого" нь цэрэг, танк хөдөлгөдөг "Хатуу хүчний бодлого"-оосоо илүү үр дүнтэй, аядуу аргаар олон нийтийг дагуулах хүчтэй ч гэж тайлбарладаг.

Уг нь Монголын телевизүүд үндэсний чанартай контент бэлтгэн, үзэгчиддээ хүргэхээр уралддаг байсан үе бий. Тухайлбал, МҮОНТ-ээр “Хэцүү анги”, “Тусгай салаа”, “Хоймор өнжих нар” зэрэг телевизийн олон ангит уран сайхны кино цацагдахад үзэгчид хөдөө, хотгүй хуйларч, үздэг л байсан.

Арилжааны телевизүүд мөн “Сонголт”, “Гэр бүл”, “Чонын алтан шагай” зэрэг олон ангит кино бүтээж, чадал чансаагаа шалгасан. Бор зүрхээрээ зүтгэж хийсэн гэхэд бусад улс орны төрийн дэмжлэг санхүүжилт авч хийсэн киноноос дутахгүй л бүтээл үзэгчиддээ хүргэж чадсан.

Одоо харин энэхүү амжилт ололтыг унтраачихалгүй цааш хөгжүүлж, өрсөлдөх таатай боломж олгосон зохицуулалтыг бий болгох цаг нь иржээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
7
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж