"Сэтгэл санаа, эд материалын хохирлоо нэхэмжилнэ"

Хуучирсан мэдээ: 2019.09.09-нд нийтлэгдсэн

Live"Сэтгэл санаа, эд материалын хохирлоо нэхэмжилнэ"

16 : 12
2019-9-9

"Охин минь ДАШТ-д оролцох эрхээ авсан байтал явуулсангүй"

70268548_888094904898153_4972831985643814912_n

М.Пүрэвтунгалаг болон түүний аав С.Мөнхбат, С.Наранчимэг нар Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяртай уулзав.

С.Мөнхбат "Охин маань Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан байтал явуулсангүй. Тиймээс сэтгэл санаа, эд материалын хохирлоо нэхэмжилнэ” гэсэн юм.  

Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр “Дэлхийн  аваргад оролцох баг бүрэлдэхүүний нэрсийг нэг сарын өмнө Дэлхийн бөхийн холбоонд хүргүүлдэг. Уг жагсаалтад орсон нэрсийг хоёр үндэслэлээр өөрчилж болдог. Нэгдүгээрт, тамирчин бэртэл гэмтэл авсантай холбоотой эмчийн дүгнэлт гарсан тохиолдолд жагсаалтыг өөрчилж болно.

Сарын өмнө жагсаалтад М.Пүрэвтунгалагийн нэр орсон байсан. Дасгалжуулагч, эмчийн дүгнэлт, магадлагааг үндэслэн жагсаалтыг өөрчилсөн” гэсэн юм. Ингээд С.Мөнхбатыг хохирол, гомдлоо Монголын чөлөөт бөхийн холбооны Сургалт дасгалжуулалтын техникийн зөвлөлд өргөдөл хэлбэрээр ирүүлэхийг зөвлөв.

15 : 15
2019-9-9

М.Пүрэвтунгалагийн хувьд 3-4 хатигтай байсан

Дасгалжуулагч Б.Баттулга “УАШТ-ийг зургадугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд зохион байгуулсан. Энэ асуудал бол хоёр тамирчны асуудал. М.Пүрэвтунгалагийн хувьд зургадугаар сарын 27-нд шигшээ багийг цуглуулахад биедээ 3-4 хатигтай байсан. Багийн эмч бүтэн сарын хугацаанд эмчилгээ хийгээд эмчилсэн. Хатиг гарах болгонд тамирчдыг бэлтгэлээс чөлөөлдөг.

Долдугаар сарын 22-ны өдөр тамирчны цусанд шинжилгээ хийлгүүлсэн. Шинжилгээний бичгийг багийн эмч болон дасгалжуулагчид өгөлгүй есдүгээр сарын 3-ныг хүртэл 40 гаруй хоног удаасан. ДАШТ-ий төлөвлөгөөний дагуу долдугаар сарын 31-ний өдөр эрэгтэй, эмэгтэй баг Польшийн олон улсын тэмцээнд явсан. Энэ багт М.Пүрэвтунгалаг явсан. Тэнд 7-8 хоногийн бэлтгэл хийхэд сарын дотор дахин хатиг гарсан. Үүний дараах бэлтгэл дээр ч дахиж хатиг гарсан. Удалгүй М.Пүрэвтунгалаг шинжилгээний бичгээ авчирсан.

Тус бичгийг манай эмч нар хараад бэлтгэл хийх боломжгүй маш олон үзүүлэлт сөрөг гарсан байна гэж хэлсэн учраас бид есдүгээр сарын 4-ний өдөр ДАШТ рүү явах тамирчдын нэрийг сольж, дараагийн тамирчны нэрийг явуулсан. Өмнөх сургуулилтын барилдаанд Э.Сумъяатай барилдуулсан. Барилдааны тооны харьцаа 30-0. М.Пүрэвтунгалаг нэг ч ялж чадаагүй. Дээрх шийдвэрүүд тамирчинтай огт хамаагүй.

Би шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн хувьд, татвар төлөгчдийн мөнгөөр тамирчдаа авч явж байгаа хүний хувьд үүнийг зөв шийдвэр гэж харж байна. Ер нь тамирчин хүнд ёс зүй жудаг гэж бий.

Өнөөдрийн хэвлэлийн хурлыг харахад миний шийдвэр зөв байсныг нотолж өглөө. Шигшээ багийн тамирчид байнгын бэлтгэл сургуулилалттай байх ёстой. Олимп эхлэхэд 11 сар үлдсэн байна. Манай тамирчид сэтгэлзүй болон биеийн бэлтгэл маш сайн хийсэн.  53 кг-т Монгол Улсыг төлөөлж өндөр амжилт гаргах боломжтой  тамирчин нь Э.Сумъяа. Хүнд ялагдсан хүнийг бид дэмжихгүй шүү дээ. Тамирчдад бид 99 хувийн боломж олгосон. Нэгхэн хувь нь тамирчны эрүүл мэндийн байдал болон сахилгын асуудал юм. Эрүүл мэндийн шалтгаан болон бэлтгэл сайн хангаагүй гэх шалтгаанаар би М.Пүрэвтунгалагийг сольсон” гэв.

Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга  Б.Батбаяр “Эрэгтэй багт өвчтэй нэг тамирчин эмэгтэй багт хатигтай нэг тамирчин байсан. М.Пүрэвтунгалагийн чих, өгзөг, гар дээр нь гурван хатиг гараад хоёр сар орчим болсон. УАШТ-ий дараа сэргэлтийн бэлтгэл, өндөр ачаалалтай бэлтгэл гэсэн шат дараатай байдаг. Энэ хугацаанд акттай байсан учраас өндөр ачаалалтай бэлтгэл хийж чадаагүй. М.Пүрэвтунгалаг 40 хоног эмчилгээ хийлгэсэн дархлаа нь муу байгаа. 53 кг бол олимпийн жин. 2017 он байсан бол залуу тамирчиндаа туршлага суулгая гээд явуулах байсан. Одоо бие нь эрүүл болсон гэж байгаа ч хийх ёстой бэлтгэлээ хийгээгүй учраас ДАШТ-д авч явах боломжгүй. Бид олимпийн эрхийн төлөө явж байна.

14 : 09
2019-9-9

"Э.Сумъяаг ДАШТ-д явуулбал охиныхоо төлөө би амиа хорлоно"

Пүрэвтунгалагийн ээж С.Наранчимэг “Охин маань энэ жил залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд алтан медаль, насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлээд мөн алтан медаль аваад, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ явах батламж эрхээ авсан. Гэтэл зунжингаа бэлтгэл хийсэн охин маань тэмцээндээ орох гэсэн боловч эмчийн магадалгаанаас болоод хасагдчихлаа.
Есдүгээр сарын 3-нд шинжилгээнд ороод эв эрүүл гарсан байхад маргааш нь акт бичиж өгсөн. Гэтэл долоо хоногийн хугацаатай байсан акт нь 14 хоног болж сунгагдсан байна. Гэхдээ ямар ч тамга тэмдэггүй акт. Тэмцээн нь энэ сарын 17-нд болно. Монголын баг тамирчид 12-нд явна.
Б.Баттулга дасгалжуулагч миний охиныг ирээдүйтэй сайн тамирчин гэсэн ч Сумъяаг олимпийн эрх аваасай гэж залбираад байж бай гэсэн. Миний охинд дарамт шахалт үзүүлээд байгаа Э.Сумъяа Улсын аварга шалгаруулах тэмцээнээс /УАШТ/ хасагдсан тамирчин шүү дээ” гэв.
Пүрэвтунгалагийн аав н.Мөнхбат “Охин минь энэ жил залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн. Гэтэл үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга Э.Сумъяаг оролцуулахын тулд башир арга хэрэглэсэн, охиныг минь дарамталсан. Үүний улмаас охин минь охин минь ДАШТ-д оролцох боломжгүй болчихлоо.
Охиныхоо оронд Э.Сумъяаг лав өрсөлдүүлэхгүй. Хэрвээ түүнийг ДАШТ-д өрсөлдвөл би амиа хорлоно. Миний охиныг оролцуулахгүй юм гэхэд УАШТ-д үзүүрлэсэн, эсвэл хүрэл медаль авсан тамирчныг оролцуулах учиртай байлтай. Би Б.Баттулга дасгалжуулагчтай уулзсан. Тэгэхэд “Танай хүүхдийн бэлтгэл дутуу байгаа” гэсэн.
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч хүн, тамирчдынхаа бэлтгэлийг хангах учиртай албан тушаалтан тэгж хэлээд сууж байж болох уу. Шахаад байгаа Э.Сумъяа нь энэ жил УАШТ-д жингийн улмаас хасагдсан. Ийм шударга бус байж болох уу. Б.Баттулга миний охиныг дарамталсан. Наймаалцсан байна. Малчин хүнийг яасан ч яах вэ гэж боддог юм байлгүй.
Монголын чөлөөт бөхийн холбоог удирддаг Д.Сумъяабазар сайд аа, үүнд анхаараач ээ. Ичээч ээ, Б.Баттулга аа, Э.Сумъяа аа. Өлсгөлөн зарлаад, хүүхдийнхээ төлөө үхэхэд ч бэлэн байна. Э.Сумъяаг ДАШТ-д явуулбал би амиа хорлоно. Би шийдсэн хүн. Харин М.Пүрэвтунгалаг хэлэхдээ Би Э.Сумъяа эгчтэй бэлтгэл хийх гэж оролдсон. Бэлтгэлийн үеэр намайг зогсоож байгаад “Хүний өмнөөс битгий арсалдаад байгаарай” гэсэн. Тэгэхээр би яаж бэлтгэл хийж чадах вэ дээ” гэсэн юм.

12 : 09
2019-9-9

Дарамтад орсон залуу тамирчин эцэг, эхийн хамт мэдээлэл хийж байна

Чөлөөт бөхийн тамирчин М.Пүрэвтунгалаг гэр бүлийн гишүүдийн хамт цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.09.09/ мэдээлэл хийж байна. Учир нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан 18 настай түүний оронд Олон улсын хэмжээний мастер Э.Сумъяа явахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
12
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж