БНСУ-д долдугаар сарын 18-наас наймдугаар сарын 2-ны хооронд таеквондогийн олон улсын нээлттэй гурван цуврал тэмцээн болжээ. Энэхүү тэмцээнд манай өсвөрийн тамирчид оролцож, өндөр амжилтыг үзүүллээ. 15 тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт оролцсон манай баг тамирчид 12 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль авсан байна.
БАГ ТАМИРЧДЫГ ТАНИЛЦУУЛЬЯ:
Монгол Улсын Үндэсний шигшээ баг:
- Тамирчид: С.Янжинлхам, М.Түмэнбаяр, н.Тэмүүлэн, н.Нацагдорж, н.Оюун-Эрдэнэ.
- Дасгалжуулагч: Н.Эрдэнэбаатар, Хо Ин Ён.
Бага нас:
- Тамирчид: Т.Энхжин, М.Цэгц, Б.Билгүдэй, Б.Энх-Амгалан, Т.Өсөхбаяр, Г.Түвшин.
- Дасгалжуулагч: Ү.Ган-Эрдэнэ.
Мөн өсвөр болон насанд хүрэгчдийн ангилалд Улаанбаатар хотын Налайх дүүргийн тамирчин О.Энхбилгүүн, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын тамирчин М.Мөнхбат, Орхон аймгийн тамирчин Э.Баасанханд, О.Азхүү нар оролцжээ.
ТАМИРЧДЫН АМЖИЛТЫГ ТАНИЛЦУУЛЬЯ:
“Jeonju open international taekwondo championship” Олон улсын тэмцээнд 37 орны 4500 тамирчид хүч үзсэнээс 9-10 насны ангилалд Т.Энхжин пүмзэ буюу таеквондо техникийн төрөлд хүрэл медаль авч, медалийн салхийг хагалжээ. Улмаар 10-11 насанд Б.Энх-Амгалан алт (пүмзэ), 12-13 насанд М.Цэгц, Б.Билгүүн, Т.Өсөхбаяр бүгд хүрэл (пүмзэ), 13-14 насанд Г.Түвшин мөнгө, хүрэл медаль авчээ. Мөн Үндэсний шигшээ багийн тамирчин С.Янжинлхам 49 кг-ын жинд өрсөлдөгч бүрээ ялсаар түрүүлсэн байна. Харин Г.Түвшингийн хувьд бага насны ангилалаас өсвөрийн ангилалд өрсөлдөж 55 кг-ын жинд мөнгөн медаль авчээ.
“Chuncheon Korea open International taekwondo championship” Олон улсын тэмцээнд 57 орны 4300 гаруй тамирчид оролцсоноос Монголын тамирчид дараах амжилтыг гаргасан байна.
8-10 насанд Т.Энхжин алт (35 кг), 10-11 насанд Б.Энх-Амгалан алт (35 кг), 11-13 насанд Б.Билгүдэй алт (34 кг), Т.Өсөхбаяр алт (38 кг), М.Цэгц мөнгө (45 кг), О.Баасанханд мөнгө (57 кг, Орхон аймаг), М.Мөнхбат мөнгөн медаль(58 кг, Хөтөл) тус тус авчээ.
"International children taekwondo championship" буюу Таеквондогийн хүүхдийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнд 14 орны 1300 гаруй тамирчид оролцсон байна. Энэхүү тэмцээнд Үндэсний шигшээ багийн тамирчин Т.Энхжин, Б.Билгүдэй, Б.Энх-Амгалан, Т.Өсөхбаяр, М.Цэгц нар жиндээ тэргүүлж, алтан медаль авчээ. Мөн О.Энхбилгүүн алт (Налайх), Баасанханд мөнгө (Орхон), М.Мөнхбат (Хөтөл), Азхүү (Орхон) хоёул хүрэл медалийн эзэд болсон байна.
Энэхүү цуврал болсон Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдын амжилтыг харахад Монголын таеквондогийн спорт өндөр хөгжиж байна. Мөн 2020 оны олимпийн наадамд манай баг тамирчид таеквондогийн төрлөөр оролцох боломжтой гэдгийг Монголын таеквондогийн холбоо онцолжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Ч.БОЛОР