Монголын хүний төлөө намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус намын дарга Х.Бат-Ялалт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэв.
Тэрбээр “Бид эрх баригчдаас сайн сайхныг хүлээж суусаар байтал ард түмний амьдрал орхигдож байна. Үндсэн хуулийн үзэл санаа төдийлөн хэрэгжихгүй байна. Бидний зүгээс ҮБАЗ-д санамж бичиг өгч буй гол зорилго нь улс төр, нийгмийн эмх замбараагүй байдал даамжирсаар, үндэстнийг хамарсан үймээн самуун болох эрсдэлтэй учраас нэг ёсондоо анхааруулга өгч байгаа юм. Шүүхийн байгууллага шударга ажиллаж чадахаа байж, шударга үнэний төлөө дугарсан иргэдийг мөшгидөг байдал газар авлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар МАНАН бүлэглэлийг түлхэж байж өөрөө гарч ирсэн. Гэтэл одоо МАНАН бүлэгтэй уусан нэгдчихлээ. Эрх баригч намыг шүүмжилсэн хүмүүсийг хэлмэгдүүлдэг нөхцөл байдал үүчихсэн. ҮБАЗ өөрсдөө хууль бус юм хийхээ болиоч ээ. Шударга ёсны төлөөх ард түмний тэмцэл тун ойрхон байна. Улс төрийн намууд, эрх барьж буй олигархиудыг хэвийн мэт хүлээж авдаг боллоо. Энэ байдлыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Бид ямартай ч ҮАБЗ-д бичиг хүргүүлнэ. Үүнээс гадна залуучууддаа уриалмаар байна. Бид намд хуваагдаад, хоорондоо хэрэлдээд ямар ч өөрчлөлт орохгүй.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцэж буй үйл явцыг харахад Монголын ард түмнээр тохуурхаад байна шүү дээ. Хуульдаа ингэж хандах юм бол яаж эрх зүйт нийгэм байгуулж чадах вэ. Монголын залуусыг Үндсэн хуулиа судлахыг уриалж байна. Монголын төрд шинжлэх ухаан ч үйл ажиллагаа байхгүй байна. Хууль дээдлэх, шударга ёсны зарчим байх ёстой.
Төр засгийн үйл ажиллагаа доголдохын хэрээр бид талцаж байна. Санаагаа буруулсан шуналын тулам болсон гэмт хэрэгтнүүдээр хувь заяагаа шийдүүлмээргүй байна. Эх орондоо эзэн болохын тулд эвлэлдэн нэгдэцгээе гэж хэлмээр байна. Их хурлын гишүүдийн холбогдсон гэмт хэргийг шийдвэрлэхийг шаардана. Тиймээс төрийг хяналттай болгохын тулд нэгдэх хэрэгтэйг онцолмоор байна” гэлээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ