-Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулахад 29 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан төсөв гарчээ-
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2019.09.09/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Ард нийтийн санал асуулга асуух тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 68.2 дахь хэсэг, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль 17.1, 17.4, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн 4.4.2, 7.7.5, 8.3, 18.18, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль зэрэг хуулийн үндэслэн 2019 оны аравдугаар сард улс орон даяар зохион байгуулах, санал авах ажиллагааг явуулна гэж тогтоолын төсөлд тусгажээ. Мөн Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулахад 29 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан төсөв гарчээ. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд тодруулга авлаа. Тухайлбал,
ЗГХЭГ-ын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Засгийн газрын хувьд хуулийн болон бодит хөрөнгийн эх үүсвэр бий болгох асуудал үүсч байна. Засгийн газрын нөөц нь ямар тохиолдолд гаргах вэ гэдэг нь тодорхой хуультай. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын нөөц санал асуулга явуулахад хүрэлцэхгүй.
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:
-Санал асуулгыг аравдугаар сарын 23, 24-нд зохион байгуулахаар тусгажээ. Энэ хугацаанд бэлтгэл ажлыг хангах боломжтой юу. Засгийн газраас тайлбарлаж буйгаар бол санхүүжилт, эх үүсвэр байхгүй гэж байна. Тэгэхээр хугацааг хойшлуулах боломж бий юу. Мөн санал асуулга зохион байгуулахтай холбоотойгоор зохион байгуулалт, хэсгийн хороодыг байгуулах, түр оршин суугчид, оюутнуудыг саналыг яаж авах вэ. Энэ зохион байгуулалтыг хэрхэн хийх вэ.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.СОДНОМЦЭРЭН:
-Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах үйл ажиллагааны урьдчилсан хуваарийг гаргаж, байнгын хороонд хүргүүлсэн. Санал асуулгын тухай хуульд зааснаар шийдвэр хүргүүлснээс хойш 21-45 хоногийн дотор Ард нийтийн санал асуулгыг явуулах хуультай. Энэ хугацаанд тохируулж аравдугаар сарын 23-нд гэж өгсөн. Төсөв мөнгөтэй холбоотой, төсвийн тодотголоор шийдэхээр бол Сонгуулийн ерөнхий хороо УИХ-аас тогтоосон хугацаанд нь хийх боломжтой.
УБЕГ:
-Өнгөрсөн сонгуулиудаар хамгийн ихдээ 1983 хэсгийн хороо байгуулж байсан туршлага байна. Харин энэ удаагийн санал асуулгын үеэр хэсгийн хороодыг нэмэгдүүлэхээр байна. Улсын бүртгэлийн байгууллага дээр хаягийн өөрчлөлт, шинэчлэлт хийж байна. Хаягжилт дээр анхаарах зүйл бий. Оюутнууд, түр оршин суугчдыг хотод өгүүлэх, хэсэг хуваах, оноолт дээр бусад байгууллагатай уялдаа холбоотой ажиллах шаардлага гарч байгаа юм.
УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:
-Хугацааны хувьд аравдугаар сарын 23,24-нд тулгамдах болов уу гэж бодож байна. Нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үед зарим заалт хасагдсан, зарим нь нэмэгдсэн учраас ард түмэнд таниулах ажил их чухал байх болов уу. Мөн санал асуулгын зардлыг санхүүжүүлэх боломжгүй гэдгийг Засгийн газраас хэлж байгаа учраас Засгийн газар төсөв санхүүжилтээ тодорхой болгож, УИХ-д оруулж ирэх нь зөв болов уу гэсэн саналтай байна.
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:
-Санал асуулга явуулах төсвийн асуудлыг шийдсэн тохиолдолд яг хэзээ санал асуулга явуулах боломж байна вэ. Засгийн газрын нөөц хөрөнгө дууссан, байхгүй мөнгийг гарга гэж хуваарилснаас Төсвийн тодотгол хийх шаардлага бий болж байна. Төсвийн тодотголыг аравдугаар сарын 1-нд өргөн барина гэвэл хугацаа хэр хойшлох вэ. Ард нийтийн санал асуулга явуулах журмын тухай хуульд иргэдэд таниулах, мэдээ мэдээллээр хангах заалт бий. Энэ төсвийг Засгийн газар, УИХ хоёрын аль нь ч хариуцах вэ. Гарах зардлыг төсвийн тодотгол хийхээс өөр арга байхгүй гэж байгаа, зардал шийдэгдсэнээс хойш ямар хугацаанд Ард нийтийн санал асуулгыг явуулах боломжтой вэ. Санал асуулга явуулах үеэр цаг агаар ямар байх вэ, иргэдийг илүү сайн оролцуулах хэрэгтэй.
ЗГХЭГ-ын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Төсвийн тодотгол хийх бүрэн эрх нь УИХ-ын асуудал. Зардал нэмэхтэй холбоотой аливаа тодотгол хийхийг ОУВС-аас хориглосон байгаа ч үүнийг ярилцаад шийдэж болох байх. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсвийг хэвлэн нийтлэх, эхийг иргэдэд таниулах, тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад арга хэмжээ, нэмэлт, өөрчлөлтийн эхийг иргэдэд таниулах, мэдээллээр хангаж ажиллах зэрэг зардал гарах учраас урьдчилж тооцоолох боломжгүй зардал нэмэгдэнэ.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Н.ЦЭРЭНБАТ:
– Ард нийтийн санал асуулга явуулах үеэр буюу аравдугаар сарын дундуураас арваннэгдүгээр сарын эхээр бага зэргийн цастай, 8-11 градус хүйтэн байхаар байна.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.СОДНОМЦЭРЭН:
-Ард нийтийн санал асуулга явуулах хуулиар санал явуулах өдрийг уг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 21-45 хоногийн дотор хуулиараа СЕХ зохион байгуулах үүрэгтэй. Төсөв шийдэгдвэл 30 хоногт бид зохион байгуулах боломжтой. Зардлын хэмжээг СЕХ-ны саналыг үндэслэн УИХ батална. Тиймээс тогтоолын төсөлд заавал зардлын тоог бичих ёстой. СЕХ-оос оруулсан санал дээр бусад зардлыг нэмээд 29 тэрбум төгрөг болж байна гэж ойлгосон.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.ЭНХБОЛД:
-Ард нийтийн санал асуулгын тухай тогтоолын төсөл хэлэлцэж байгаа дээр Ерөнхийлөгч нэмж нэг асуултаар асуулт асуухаар УИХ-д өргөн барьж байна. 30 тэрбум төгрөг зарцуулж, гурван асуулт асуух боломжтой. УИХ одоогоор нэг асуулт асууж байгаа. Харин үүн дээр нэмж, Ерөнхийлөгч “Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэсэн асуултыг нэмж, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд тусгах саналыг УИХ-д оруулж байна. Мөн Ерөнхийлөгч өөрийн саналуудаа буцаан татаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна гэв.
Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Э.ТҮВШИНЖАРГАЛ:
-УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байгаа. Энэ нь өөрөө цогц ажил байгаа бөгөөд үүний нэг нь хоёр дахь хэлэлцүүлгийн дараа Ард нийтээр санал асуулга явуулах юм. Дэгийн тухай хуулийн 4.3-т зааснаар Ард нийтийн санал асуулгыг нэг удаа 3-аас илүүгүй асуулт асууж болно гэж заасан. Гэхдээ төслийг зөвшөөрөх эсвэл татгалзана гэсэн саналыг иргэд өгөхөөр журмын тухай хуульд тусгагдсан. Ард нийтийн санал асуулгын тухай ерөнхий хууль бөгөөд тусгайлсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баримталж нэг асуултаар Ард нийтийн санал асуулга явуулах ёстой. Ерөнхийлөгчийн гаргасан саналаар бол шинэ Үндсэн хуулийн асуудал яригдах болов уу.
УИХ-ын гишүүн Н.ЦЭРЭНБАТ:
-Хуулиараа мөнгийг нь шийдсэн ч хэрэгжих шатанд хуулийн зөрчил, үл ойлголцлоос цаг алддаг гэдгийг албаныхан хэлж байна. Сонгууль зохион байгуулах хороо, холбогдох байгууллагууд нь ямар хугацаанд хэрэгжүүлэх вэ. Процессын үйл ажиллагаанаас болж санал асуулгад асуудал үүсч болохгүй шүү дээ. Тиймээс яг бодит хугацаагаа тодорхой хэлмээр байна. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв үү, буруу юу эсэхийг урьдчилсан байдлаар санал асууж болох уу.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.СОДНОМЦЭРЭН:
-Ард нийтийн санал асуулгыг хурууны хээгээр бүртгэж, машинаар тоолно. Ер нь бол шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 21-45 хоног гэж хуульд заасан. Бид бол бодитой хугацааг 30 хоногийн дотор зохион байгуулна гэж тооцож байна. 30 хоногоор тооцвол арваннэгдүгээр сарын эхээр гэж ойлгож байгаа.
УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ:
-Хоёрдугаар хэлэлцүүлэг дээр дэмжлэг авсан саналаар Ард нийтийн санал асуулга явуулна гэж байгаа. УИХ-ын 62 гишүүний, Ерөнхийлөгчийн, Ардчилсан намын зөвлөл болон бүх саналуудаа нэгтгэж, санал асуулга явуулах боломжгүй юм уу. Энэ гурваас авсан саналуудаа асууж, дэмжлэг авсан заалтуудаа гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэх боломжгүй юм уу.
ТББХ-ны дарга, УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх журмын тухай хуульд тодорхой бий. Баталсан эхийг дэмжинэ, дэмжихгүй гэдэг асуултаар л санал асуулга явуулна, өөр асуулт байж болохгүй гэсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд тодорхой заасан байгаа. Ерөнхийлөгчийн болон Ардчилсан намын зөвлөлийн саналууд хэлэлцүүлгийн явцад дэмжигдэж, оруулж төсөлд тусгагдсан байгаа.
МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:
-Ерөнхийлөгчийн саналыг УИХ тусад нь авч хэлэлцэх хэрэгтэй. Бид энэ асуудлыг байнгын хороо, чуулганы хуралдаанаар тусад нь хэлэлцээд явах нь зөв байх.
Гишүүд асуулт, тодруулга авсны дараа зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалаа. Ард нийтийн санал асуулга явуулах өдрүүдийг аравдугаар сарын 19, 20-ний өдөр гадаадад байгаа монголчуудаас, Ард нийтийн санал авах өдрийг аравдугаар сарын 30, 31-ны өдөр зохион байгуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 92,3 хувийн саналаар дэмжигдэв. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн зарчмын зөрүүтэй саналуудыг дахин хэлэлцлээ. Тухайлбал, төр, нийтийн өмч, орон нутгийн удирдлагатай холбоотой заалтуудыг хэлэлцээ.
Ингээд байнгын хорооны хуралдаан өндөрлөж, чуулганы хуралдаан хуралдахаар боллоо.
Ш.ЧИМЭГ