Өнгөрсөн ням гаригт буюу есдүгээр сарын 8-ны өдөр орон нутагт зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас баржээ. Тодруулбал,Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн Шар тээг газар Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд гурван зорчигчтой явсан "Ланд крузер-80" загварын суудлын автомашин замын зорчих хэсгийн хажуу руу онхолдсон байна.
Ослын улмаас 30 настай эрэгтэй Ө, 33 настай эрэгтэй А нар автомашины төмөр эд ангид хавчуулагдсаныг онцгой байдлын газрын алба хаагчид гаргаж, 41 настай, эрэгтэй М нас барсан тул цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгчээ.
Дорноговь аймгийн Сайншанд сумаас Замын-Үүд сумын чиглэлд хоёр зорчигчтой зорчиж явсан иргэн Д-гийн эзэмшлийн Норд бенз загварын ачааны автомашинтай иргэн Б-гийн эзэмшлийн хоёр зорчигчтой "Приус-20" загварын суудлын автомашин мөргөлджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 23:11 цагт очиход Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат иргэн Н гэмтсэн байсныг Замын-Үүд сумын эмнэлэгт, мөн тус сумын иргэн 25 настай, эрэгтэй Б нас барсан тул цогцсыг гаргаж сумын Цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ