ОХУ-ын экспедиц Монголыг дэлхийд таниулсан гэв

Хуучирсан мэдээ: 2019.09.09-нд нийтлэгдсэн

ОХУ-ын экспедиц Монголыг дэлхийд таниулсан гэв

ОХУ-ын экспедиц Монголыг дэлхийд таниулсан гэв

Монгол-Оросын хамтарсан экспедиц байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Анх 1969 онд хоёр орны хамтарсан биологийн болон палеонтологийн экспедиц байгуулагдсан түүхтэй. Тэр цагаас х ойш өнөөг хүртэл хагас зуун жилийн түүхэнд манай улс үлэг гүрвэлийн олдвор, эртний амьтан ургамлын судалгаа, шинжлэх ухааны материалаараа дахинд гайхагдаж, өдгөө үлэг гүрвэлийн өлгий нутаг гэдгээрээ танигдсан билээ.

Монгол-Оросын хамтарсан экспедиц нь хагас зуун жилийн түүхэнд кембрийн үеэс дөрөвдөгчийг хүртэлх 600-2.2 сая жилийн түүхтэй эртний амьтан ургамлын судалгааг манай орны нутаг дэвсгэрт явуулж ирснийг ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийнхэн онцолж байв.

ОРОС-МОНГОЛЫН ХАМТАРСАН ЭКСПЕПИЦ ДЭЛХИЙН ШИМ ЕРТӨНЦИЙН ҮҮСЭЛД ЧУХАЛ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Л.ГЭРЭЛЦЭЦЭГ: -Монгол Улс палеонтологийн олдвороороо баялаг гэдгийг нээж өгсөн нь ОХУ юм. Бидний хойд хөрш манай улсын шинжлэх ухаан, палеонтологийн салбар хөгжих анхдагч суурийг нь тавьж өгсөн гэж үздэг. Тиймээс хоёр орны хамтарсан экспедиц байгуулагдсаны 50 жилийн ойг угтаж ОХУ-ын шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Сергеев Александр Михайлович манай улсад анх удаа айлчилж, баярын хурлаа хийж байна. Сүүлийн 50 жилийн хугацаанд дэлхийн хамгийн эртний амьтан, ургамлын судалгааг Монгол орны нутагт хоёр орны хамтарсан экспедиц явуулж байсан. Хагас зуун жилийн түүхэнд өнөөг хүртэл түүхэнд тэмдэглэгдэх үйл явдлаас дурдвал одоогоос 598 сая жилийн өмнөх цаг хугацааг хамарсан буюу амьтан, ургамлын цогц судалгаагаар кембрийн өмнөх үеийн олдворт газрыг нээж илрүүлж байв. Энэ бол дэлхий дахинд амьтан, ургамлын үүсэл, хөгжлийн томоохон нээлт болж байгаа юм. Одоогоос 240 сая жилийн өмнө нь манай улс далайгаар хүрээлэгдсэн байсан тул далайд амьдардаг бүхий л амьтан, ургамал Монгол орноос олддог.

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.ЦОГТБААТАР: -Монголын палеонтологийн судалгаа, шинжлэх ухаан дэлхийн хэмжээнд хүрсэн. Ийм амжилтад хүрэх томоохон үүргийг 50 жилийн түүх, хамтын ажиллагаатай ОХУ-ын экспедиц чухал хувь нэмрээ оруулсан. Энэ хугацаанд зөвхөн палеонтологийн чиглэлээр зөвхөн бидний сайн мэдэх үлэг гүрвэлийн судалгаа төдийгүй дөрөвдөгчийн галвыг хүртэлх бүхий л амьтан, ургамлын судалгааг явуулж байснаараа онцлог юм. Монгол-Оросын хамтарсан экспедиц байгуулагдсаны 50 жилийн ойд  ОХУ-ын шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Сергеев Александр Михайлович чухал ач холбогдол өгч, манай улсад айлчилж буй нь дэлхийн шим ертөнцийн шинжлэх ухааны салбарт чухал үүрэг, өндөр ач холбогдолтой гэдэг нь харагдаж буй юм. Хэдийгээр ОХУ-ын шинжлэх ухааны академитай олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай боловч Ерөнхийлөгч нь манай улсад ирж байгаагүй. Хагас зуун жилийн түүхэн дэх хамтын ажиллагааны ойг тэмдэглэхээр манай улсад айлчилж буйд бидний зүгээс чухал ач холбогдол өгч байна.

Монгол-Оросын палеонтологийн хамтарсан экспедиц байгуулагдан ажилласан энэ хугацаандаа палеонтологийн гайхамшигт ховор нандин олдворууд олж илрүүлэн, гайхамшигтай сан хөмрөгтэй болсноос гадна хамтарсан экспедицийн 48 цуврал бүтээл, 10 ганц сэдэвт зохиол, 1500 орчим эрдэм шинжилгээний өгүүллийг Орос улсад болон гадаад орнуудад хэвлүүлжээ.

Хагас зуун жилийн түүхтэй Монгол-Оросын хамтарсан экспедиц байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэх баярын хурал өнгөрсөн баасан гаригт Bluе Sky товерт болсон юм. Энэхүү баярын хурлыг нээж ОХУ-ын шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Сергеев Александр Михайлович үг хэлж, хоёр орны шинжлэх ухааны академийн түвшинд анх удаа гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болов. Сергеев Александр Михайлович “Монгол-Оросын хамтарсан экспедиц байгуулагдсаны 50 жилийн ойн баярын хуралд оролцохоор миний бие анх удаа Монгол Улсад айлчилж байна.

Хоёр орны хамтарсан экспедиц палеонтологи, биологийн салбарт өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд дэлхийн шим ертөнцийн судалгаанд хувь нэмрээ оруулахуйц өргөн цар хүрээтэй судалгаа явуулж, шинжлэх ухааны асар их материал бий болгосон юм. Цаашид хамтарсан экспедицийн цар хүрээ өргөжиж, судалгааны үр дүнгүүд зөвхөн эрдэм шинжилгээний төдийгүй хүн байгалийн харилцаа холбооны урт хугацааны урьдчилсан мэдээ, байгаль орчныг гамшгаас хамгаалахад урьдчилан сэргийлэх өргөн боломжийг тодорхойлох шинжлэх ухааны нэн чухал үндэслэл болно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж