Хонгконгод болж буй эсэргүүцэл тэмцэл үргэлжилсээр, тэд АНУ-аас тусламж хүслээ. Амралтын өдрүүдээр тэмцэгчид Хонгконг дахь АНУ-ын Элчин сайдын яамны гадна жагсжээ.
“Ерөнхийлөгч Трамп, Хонгконгийг чөлөөлж өгөөч”, “Хонгконгийг дахин агуу болгооч” гэсэн уриа лоозон барьсан тэмцэгчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас тусламж хүсч, тус улсын төрийн далбааг мандуулж, төрийн дууллыг нь дуулж байлаа.
Хонгконгийн удирдагч Керри Лам жагсагчдын гол шаардлага болох хэрэгтнийг эх газрын Хятад руу шилжүүлэх хуулийн төслийг эргүүлэн татсан ч тэд бусад дөрвөн шаардлагыг биелүүлтэл жагсахаа мэдэгдээд байгаа юм. Тэдний тэмцэл өдгөө 14 дэх долоо хоногтоо үргэлжилж буй билээ.
БНХАУ-ын зүгээс бусад улс орнуудыг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулсаар байгаа ба 1997 онд Их Британийн колониос гарч Хятадад нэгдсэн Хонгконгийн хэрэг нь цэвэр Хятадын дотоо асуудал гэж тайлбарлаж байгаа юм.
АНУ-ын Ардчилсан намын зарим сенаторууд “Хонгконг дахь хүний эрх ба ардчиллын тухай хууль” нэртэй хуулийг ирэх долоо хоногт сенатын танхимд хэлэлцүүлэхээр санал гаргаад байгаа. Хонгконгийн жагсагчид ч амралтын өдрөөр болон жагсаалын үеэр тэрхүү хуулийг баталж, хүчин төгөлдөр болгож өгөхийг АНУ-аас хүссэн байна.
Тус хууль нь АНУ-аас Хонконгийн бие даасан байдал, тусгай худалдааны статусыг жил бүр баталгаажуулахыг шаардах бөгөөд хэрэв Хятадын аль нэг албан тушаалтан Хонконгчуудын эрх чөлөөнд халдах юм бол тэдэнд АНУ-ын хориг арга хэмжээ авах боломжтой болох юм.
-ТЭМЦЭГЧДИЙН ТАВЬЖ БУЙ ШААРДЛАГУУД-
Тэдний хамгийн гол хүссэн зүйл бол хэрэгтнийг эх газрын Хятад руу шилжүүлэх хуулийн төслийг цуцлах байв. Жагсаал цуглаан анх энэ хуулийг эсэргүүцэж эхэлсэн юм. Хэрэв энэ хууль хэрэгжвэл Хятадын талаас хүссэн хүнээ хилс хэрэгт унагаж өөрийн хууль шүүхээр яллах боломжтой болох учир гэм зэмгүй, ардчиллын төлөө үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүс уг хуулийн золиос болно гэж жагсагчид үзэж байсан. Харин Хонгконгийн удирдагч Керри Лам үүсээд буй нөхцөл байдлыг намжаахын тулд тэдний гол шаардлагыг биелүүлж, хуулийн төслөө эргүүлэн татсан.
Гэвч эсэргүүцэл тэмцэл өргөжиж, жагсагчдын шаардлагууд ч нэг нэгээр нэмэгдсэн. Тэдэнд одоо гүйцээгээгүй дөрвөн шаардлага үлдсэн. Тэдгээр шаардлагуудыг биелүүлэхээс нааш жагсаал цуглаан үргэлжилсээр байх болно гэдгээ мэдэгдээд байгаа юм.
- Хонгконгод болж буй эсэргүүцлийн жагсаалыг “үймээн самуун” гэдэг ангилалд хамааруулахгүй байх
- Жагсаалын үеэр баривчлагдсан жагсагчдыг даруй суллах
- Жагсаал цуглааны үеэр жагсагчдад хүч хэрэглэсэн цагдаа нарт хэрэг үүсгэн шалгах
- Бүх нийтийн хараат бус сонгуулийн эрхийг хэрэгжүүлэх гэсэн дөрвөн шаардлагыг тавиад байгаа юм.
Мөн зарим жагсагчид Хонгконгийн удирдагч Керри Ламыг Бээжингийн үгээр ажиллаж байна гэж буруутган түүнийг огцрохыг шаардаж байгаа билээ.
Гэхдээ зарим үед эсэргүүцлийн хөдөлгөөн хүчирхийллийн шинжтэй болж байгаа нь үнэн юм. Бямба гаригт /2019.09.07/ зарим тэмцэгчид олон улсын нисэх онгоцны буудал руу дахин нэвтрэх оролдлого хийжээ. Тэд өмнөх долоо хоногуудад тус нисэх буудлыг эзэлж, нисэх буудлаар үйлчлүүлж буй аялагчдын тав тухыг алдагдуулж, нисэх буудлын үйл ажиллагааг саатуулж байсан. Харин цагдаа нарын зүгээс зөвхөн тийзтэй зорчигчид терминаль руу орохыг анхааруулж байсан ч шөнө нь байдал тогтворгүй болж, эсэргүүцэгчид болон цагдаа нарын хоорондох мөргөлдөөн болсон юм.
АНУ ХОНГКОНГИЙН ХЭРЭГТ ОРОЛЦОХ БОЛОВ УУ?
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард энэ талаар санаа бодлоо хуваалцсан. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Хятадын дарга Ши Жиньпин бол ард түмэндээ хүндлэгдсэн агуу удирдагч. Би түүнийг Хонгконгод болж буй үйл явдлыг хүнлэг аргаар шийдвэрлэнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн жиргэж байсан юм.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер бямба гаригт /2019.09.07/ хийсэн мэдэгдэлдээ “Хятадын тал энэ хэрэгт тэвчээртэй хандах хэрэгтэй. Хүч хэрэглэхийн оронд хэлэлцээрийн ширээнд сууж, ярилцах хэрэгтэй” хэмээн уриалсан байна.
БНХАУ-ын зүгээс гаднын улс орнуудад өөрийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцуулахгүй байхыг удаа дараа анхааруулаад зогсохгүй АНУ, Их Британи зэрэг улс орнуудыг Хонгконгод болж буй эсэргүүцлийн жагсаалын ард дэмжлэг үзүүлж байгаа гэж буруутгаж байгаа юм.
Ийм учраас АНУ-ын Төрийн департаментаас Хонгконгийг зорьж буй америкчуудад аяллын зөвлөгөө өгч, АНУ-ын иргэд, дипломат ажилтнуудыг Хятадын зүгээс “Хонгконгийн эсэргүүцлийн жагсаалыг дэмжлээ” хэмээн гүтгэж болзошгүй байгааг анхааруулж буй аж.
Эх сурвалж: BBC