"Монгол-Хятадын чөлөөт бүсийн судалгааг эрчимжүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2019.09.09-нд нийтлэгдсэн

"Монгол-Хятадын чөлөөт бүсийн судалгааг эрчимжүүлнэ"

Монгол-Хятадын экспо ӨМӨЗО-ы Улаанцав хотноо есдүгээр сарын 06-наас 10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй хоёр улсын хамтарсан экспо нь өдгөө бүс нутгийн анхаарлын төвд оржээ.

Монгол Улс нь бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлого баримталдагийн хувьд Монгол – Хятад хоёр улсын экспогийн хүрээ далайцыг өргөжүүлж, бүс нутгийн бусад орныг урин оролцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг ярилцах суваг болж байна.

Энэ удаагийн Экспод Монгол, Хятад хоёр улсаас гадна ОХУ, БНСУ, Япон, Израйль зэрэг улсын өндөр дээд түвшний албан тушаалтнууд, Хонгконг, Макао зэрэг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүсийн төлөөлөгчид зэрэг нийт 7000 хүн оролцлоо.

"Хятад-Монгол-Орос эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын  ажиллагааг урагшлуулья” уриатайгаар зохион байгуулагдаж буй тус экспо нь Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буй гэдгээгээр онцлог юм.

Дэлхийн томоохон гүрнүүд худалдааны дайн өрнүүлж байгаа энэ үеэр Экспод оролцож буй Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Израйл улсын өндөр дээд албан тушаалтнууд бүс нутгийн хөрөнгө оруулагчдыг идэвхтэй хамтран ажиллахыг уриалсан юм.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин: Монгол Улсын эдийн засаг 2017 онд 5.3 хувь, 2018 онд 6.9 хувь, 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувиар өссөн бөгөөд цаашид эдийн засаг өсөх төлөвтэй байгааг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд таамаглаж байна. 2018 онд Монгол Улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 2017 онтой харьцуулахад 18 хувиар өсч, 2.47 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ оны эхний хагас жилд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн дүн мэдээ байна. Гадаад валютын нөөц, инфляцийн түвшин зэрэг эдийн засгийн бусад голлох үзүүлэлт ч сайн байна. “Үйлдвэржилт 21:100”, “Монгол экспорт”, “Ноолуур” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, “Улаанбаатар хотын нисэх онгоцны шинэ буудал”-ыг нээхэд бэлэн болж буйн зэрэгцээ хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлээд байна. Цаашид Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, итгэлийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг үргэжлүүлэх болно.

БНХАУ-ын Худалдааны дэд сайд Ван Биннань: Бид Хятад, Монголын хоёр талт худалдааны цар хүрээг тасралтгүй тэлж, Хятад-Монголын чөлөөт худалдааны бүсийн тухай хамтарсан судалгааг идэвхтэй ахиулан, хоёр талт худалдааны нөөц боломжийг улам нээж ажиллах болно.

Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны удирдагчдын дэмжлэгээр хоёр талын харилцан итгэлцэл, иргэдийн хэлхээ холбоо бэхжиж, эдийн засаг, худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй шат ахин, иж бүрэн стратегийн түншийн харилцаа шинэ амжилт гаргасаар ирлээ. Дараагийн шатанд бид Монголын талтай хамтран хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг хянуур хэрэгжүүлэн, хоёр талт эдийн засаг, худалдааны харилцааны түвшинг дээшлүүлэн, үр өгөөжийг нь хоёр ард түмэнд улам сайн хүртээх болно. Үүний тулд дараах хэдэн бодит арга замыг хэрэгжүүлэх шаардлагатай байна:

Хоёр талт худалдааны цар хүрээг улам тэлж, Хятад-Монголын чөлөөт худалдааны бүсийн тухай хамтарсан судалгааг идэвхтэй ахиулан, хоёр талт худалдааны нөөц боломжийг улам нээж, хоёр орон хоорондын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлнэ.

Хоёр. Хоёр талт хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг үргэлжлэн ахиулж, Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтдаа сайтар бүтээн байгуулахын зэрэгцээ, хамтын ажиллагааны улам олон индэр, арга хэлбэрийг идэвхтэй судална.

Гурав. Хоёр талт томоохон төслүүдийн хамтын ажиллагааг түргэтгэж, гол чухал төслийн хэрэгжилтийг ахиулна.

Дөрөв. Хоёр талт эдийн засаг, технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд боломжийн хирээр туслахад Хятадын тал бэлэн байна.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг: БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол Хятадын Экспо арга хэмжээг зохион байгуулж байх талаар тохиролцсны дагуу уг цогц арга хэмжээг 2015 оноос эхлэн хоёр жилд нэг удаа зохион байгуулж ирлээ.

2015, 2017 онд зохион байгуулсан хоёр удаагийн Экспод Монгол Улсаас нийт 700 орчим аж ахуй нэгж оролцож, 2.28 тэрбум юанийн үнийн дүн бүхий 228 хамтын ажиллагааны баримт бичгийг байгуулан, хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үзэсгэлэн худалдааны арга хэмжээнд оролцсон аж ахуй нэгжүүд 1.1 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.

Цаашид хоёр  улсын худалдааны бүтцийг сайжруулах, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх,бүс нутагт эрүүл аюулгүй нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зэрэг Монгол Улсын Засгийн газраас баримталж буй зорилтуудыг хэрэгжүүлэхэд энэхүү экспо чухал ач холбогдолтой юм.

БНСУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Жан Ха-Сун: Өнөөгийн БНХАУ нь дэлхийд эдийн засгийн тэргүүлэгч гүрэн болжээ.  БНСУ нь БНХАУ-тай 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш  хоёр улсын худалдааны эргэлт 43 дахин нэмэгдсэн байна. БНСУ нь БНХАУ-ын худалдааны гурав дахь том түнш. Иймээс Монгол – Хятадын экспо бидний хувьд анхаарал татсан үйл явдал болж байна. Учир нь Зүүн Хойд Азийн нутаг дэвсгэрт Монгол, Хятад хоёр улсын оролцоотой том төслүүд яригдаж байна. Тухайлбал, эрчим хүчний салбарт "Азийн супер сүлжээ", төмөр замын салбарт "Бүс ба Зам" зэргийг дурдаж байна. Энэ хоёр төсөл хоёулаа БНСУ-ын сонирхлыг ихэд татаж буйг хэлэхэд таатай байна. Монгол, БНХАУ нь Зүүн Хойд Азийн зах зээлд гар бие, хамтран оролцож байна. Хятад, Өвөр Монгол, Монгол нь бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцааны чухал талбар болж байна. АНУ нь БНХАУ-тай худалдааны дайн хийж буй өнөөдрийн нөхцөлд бүс нутгийн орнууд хамтран ажиллах нь нэн чухал болоод байна. Өвөр Монгол, Хятад, Монгол зэрэг Зүүн хойд Азийн орнууд хамтран ажиллаж, мөн бүс нутгийн интеграчлалд хамрагдсан хөрш орнууд цэцэглэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

ОХУ-ын Красноярск мужийн ХАА, Худалдааны орлогч сайд Москаленко Сергей Викторович:

Красноярск муж бол макро эдийн засгийн үзүүлэлтээр олон жилийн туршид ОХУ-даа эхний аравт орсон муж юм. Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах нь Красноярскийн эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэл. БНХАУ болон Монгол Улстай хамтран ажиллах нь бидний үндсэн зорилт. Өнөөдрийн байдлаар, Красноярскийн нутаг дэвсгэрт эдийн засгийг хөгжүүлэх цогц хөтөлбөр хэрэгжиж байна. Тодруулбал, уул уурхай, байгалийн хий, газрын тосны олборлолт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл зэрэг цогц олон хөтөлбөр хэрэгжиж байна. Нэн тэргүүнд бид байгалийн цэвэр бүтээгдэхүүн болох улаан буудай, рабс, сүү, сүүн бүтээгдэхүүн, малын тэжээл зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох сонирхолтой байна. Мөн бид хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах хамтарсан үйлдвэрийг Красноярскийн нутаг дэвсгэрт байгуулах сонирхолтой байна. Мөн бид Зүүн хойд Азийн бүс нутагт жимс жимсгэнэ экспортлох боломжтой. Үүний зэрэгцээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг импортлох сонирхолтой байгаагаа энэ үеэр дуулгахад таатай байна. Бид БНХАУ-ын оюутнуудыг Красноярскийн хөдөө аж ахуйн сургуульд суралцахыг урьж байна.

Монгол – Хятадын хоёрдугаар экспод бид оролцсон. Энэ үеэр бид Сибирийн бүтээгдэхүүн болох зөгийн бал, цай, варенье болон гоо сайхны бүтээгдэхүүнийг амжилттай борлуулсан. Монгол- Хятадын гурав дахь удаагийн экспод оролцож буй төлөөлөгчдийг Красноярскт хүрэлцэн ирэхийг урьж байна. Бид томоохон төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хөрөнгө оруулагчдыг хайж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.

41 ТЭРБУМ ЮАНИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ 53 ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛНЭ

Монгол – Хятадын гурав дахь удаагийн экспоны  "Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга, уулзалт болсон. Энэ үеэр зохион байгуулагчдын зүгээс сэтгүүлчдэд дараах мэдээлэл өглөө.

ӨМӨЗО-ны Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Гүн Мин Жүн: Сүүлийн жилүүдэд хоёр талын эдийн засаг, худалдаа өргөжиж байна. 2018 онд Өвөр Монголын Монгол Улстай хийсэн  худалдааны хэмжээ 4.96 тэрбум ам.долларт хүрч, 27.4%-аар өссөн. Манай бүс нутгийн худалдааны хэмжээ Хятад Монголтой хийсэн худалдааны 62.1%-ийг эзэлж байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар 3.06 тэрбум ам.долларт хүрч, 12.5%-аар өссөн. Хоёрдугаарт, Монгол Улс дахь хөрөнгө оруулалт тогтмол өсч байна. 2019 оны зургадугаар сарын байдлаар Өвөр Монгол нь Монгол Улсын 226 төсөлд хөрөнгө оруулсан бөгөөд Хятад улс 19.52 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар хэлэлцээр хийсэн. Гуравдугаарт, техникийн хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч байна. Хятад, Монголын ашигт малтмалын нөөцийг иж бүрэн ашиглах, анагаах ухааны технологийн судалгаа, боловсруулалт, цөлжилтийг бууруулах судалгаа, түүнчлэн үйлдвэрлэлийн инкубатор, хамтарсан лаборатори, технологи дамжуулах төвийн төслүүд идэвхтэй дэмжигдэж байна. Дөрөвдүгээрт, хамтын ажиллагааны механизмууд үргэлжлэн шинэчлэгдсээр байна. Талууд байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн үүрэг болон зөвлөлдөх уулзалтын янз бүрийн тусгай механизмуудыг идэвхтэй гүйцэтгэж, хоёр талын прагматик хамтын ажиллагааг зохицуулан дэмжиж, томоохон төслүүдийн бүтээн байгуулалтад эерэг ахиц дэвшлийг авчирч, Эрээн-Замын Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах ажлыг эрчимтэй дэмжиж ирлээ.

Үүний зэрэгцээ сурталчилгаа нь нийт 41 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай 53 гол хамтын ажиллагааны гэрээ байгуулах төслийг эхлүүлэх, нийт 59.9 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай 63 хэлэлцээрийн төслийг эхлүүлэх болно.

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан: Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, худалдааны хэмжээг жилээс жилд нэмэгдүүлэх, 2020 он гэхэд 10 тэрбум долларт хүргэх зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэхүү арга хэмжээгээр гадаад, дотоодын зочид төлөөлөгч, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы хөрөнгө оруулалтын нэн таатай орчныг сурталчилж, гол тэргүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулан, Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэхүү хурлаар Монгол Улсаас Засгийн газрын томоохон 15 төсөл хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулахаас гадна Монгол Улсын 43 гаруй байгууллагын төлөөлөл өөрийн 56 гаруй төслийг БНХАУ-ын болон бусад улсуудын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад танилцуулж, хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах, худалдааны түншээ олох зорилгоор хүрэлцэн ирээд байна Үүнээс:

  • ХАА, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэлийн 24 төсөл
  • Тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн гурван төсөл
  • Барилгын материал үйлдвэрлэлийн таван төсөл
  • Аялал жуулчлалын гурван төсөл
  • Хөнгөн үйлдвэрийн есөн төсөл
  • Уул уурхайн нэг төсөл
  • Мэдээллийн технологийн хоёр төсөл
  • Усан цахилгаан станцын нэг төсөл
  • Нийгмийн үйлчилгээний салбарын зургаан төсөл
  • Стратегийн хөгжиж буй салбарын хоёр төслөө танилцуулсан

Гурав дахь удаагийн экспоны үеэр талууд Ноолуурын салбарын олон улсын анхны чуулган болон Бүс ба Зам санаачилгыг Монгол Улсын "Хөгжлийн зам" хөтөлбөртэй уялдуулахад хэрхэн стандартыг хангах вэ зэрэг асуудлыг анх удаа бүс нутгийн түвшинд хэлэлцлээ.

Монгол – Хятадын гурав дахь удаагийн экспорны үеэр зохион байгуулагдсан салбар хуралдааны мэдээллийг бид маргаашийн дугаартаа хүргэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж