Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад дөхөм үзүүлж буй Японы ухаалаг гэрлэн дохиог Оросын есөн хотод нэмж суурилуулна хэмээн ОХУ-ын Барилга, нийтийн аж ахуйн сайд Владимир Якушев Владивосток хотноо зохиогдсон Дорнын Эдийн засгийн форумын үеэр хэллээ.
“Энэ бол хүмүүсийн анхаарал татаж байгаа асуудал. Японд үйлдвэрлэсэн ухаалаг гэрлэн дохионууд нь Оросын томоохон хотуудын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад дөхөм болж байна. Тиймээс гэрлэн дохио хэрэглэх хотын тоог нэмэхээр Японы талтай тохиролцлоо” хэмээн сайд сэтгүүлчдэд хэллээ.
Асуудлыг нарийвчлан ОХУ, Японы Засгийн газар хоорондын Хотын орчин нөхцөлийг сайжруулах ажлын хэсгийн уулзалтаар ярилцах ажээ.
Энэ ажлын хэсгийг 2014 онд байгуулсан бөгөөд хоёр улсын Засгийн газрын дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгоход анхаарал хандуулан ажилладаг байна. Ийм ажлын нэг нь “Ухаалаг гэрлэн дохио” төсөл юм.
Төслийн хүрээнд Москва, Воронеж, Санкт-Петербург, Владивосток хотуудад гэрлэн дохиог ашиглаж байгаа юм. Харин одоо нэмж Пермь, Ижевск, Тюмень, Екатеринбург, Липецк, Гатчин зэрэг хотуудад суурилуулахаар төлөвлөж байна.