ОХУ, Украин улс удаан хугацааны туршид хэлэлцсэн ялтан солилцох ажиллагааг өчигдөр /2019.09.07/ зохион байгууллаа.
Ялтнуудын нэрсийн жагсаалт тодорхойгүй байгаа ч хоёр талаас 35, 35 хүн солилцсон гэсэн мэдээлэл байгаа аж. Украинд шилжүүлж өгсөн 35 хоригдлын дунд Керчийн хоолойд болсон хэрэг явдлын үеэр баригдсан 24 далайчин, өөр 11 хоригдол байгаа гэнэ. Түүний дотор 2015 онд Крымд террорист ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр 20 жилийн ял сонссон найруулагч Олег Сенцов байгаа гэж эх сурвалжийн мэдээлэлд дурджээ.
Харин Украинаас ОХУ-д шилжүүлж өгсөн хүмүүсийн дунд “РИА Новости” агентлагийн Украин дахь салбарын ерөнхий редактор Кирилл Вышинский, 298 зорчигчтой “МН17” нислэгийн онгоц сүйрсэн хэрэгт холбогдсон Владимир Цемах, Украины зэвсэгт хүчинд алба хааж байхдаа төрийн эргэлт хийхийг санаархсан хэргээр шүүгдсэн Максим Одинцов, Александр Баранов нарын зэрэг хүмүүс байгаа юм байна.
Эх сурвалж: BBC