“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлож байна.
Эрх баригч хүчин 64 суудлаа ашиглан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болж, холбогдох хуулийн төсөлтэй гурван сар ноцолдсон ч парламентыг сонгодог тогтолцоотой болгох саналуудаа унагаж, хийсэн ажлаа баллуурдлаа.
Тухайлбал, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналаасаа буцсанаар УИХ улсын төсвийг 76 тойрог руу чангааж, юу ч биш болгодог алдаа нь засрахгүй, хэвээр үлдэж байна.
Ерөнхий сайд нь Засгийн газрын танхимаа бүрдүүлдэг буюу сайдаа томилох, чөлөөлөх, огцруулдаг байх эрх олгохыг хүссэнгүй, парламентад авч үлдэн УИХ-д барьцаалагдсан сайдтай байх нь зөв гэж үзлээ.
“Давхар дээлийг тайлах ёстой” гэж хэдэн жил асуудал дэвшүүлчихээд эцсийн мөчид санал хураахад Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайдыг УИХ-аас томилдог байхаар болж, нүд хуурав.
Зарчмын томоохон өөрчлөлтөөсөө буцсан хууль тогтоогчид одоо ямар нүүрээрээ тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзах юм бол оо.
УИХ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгаад байна. Иймээс ард нийтийн дунд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу, үгүй юу” гэдгээр санал асуулга хийхээр болж, тогтлоо. Товыг хараахан тогтоогоогүй байгаа ч Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан хэмжээний зардал гарах тухай тодотгосон юм.
Хэрвээ ард түмэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв гэж үзвэл уг төсөл ирэх 2020 оны тавдугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлнэ, татгалзвал одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль хэрэгжинэ. Ингэхдээ УИХ найман жилийн турш Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй болох юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлав
Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин есдүгээр сарын 2-3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.
Халх голын байлдаанд Монгол, Зөвлөлтийн цэргүүд ялалт байгуулсны 80 жилийн ойн хүрээнд хойд хөршийн тэргүүн айлчилсан юм.
Айлчлалаар хоёр орон харилцаагаа нэг шатаар ахиулж, Найрсаг харилцаа иж бүрэн стратегийн түншлэлд хүргэлээ. Хугацаагүйгээр байгуулсан харилцаагаа хоёр тал арван баримт бичигт гарын үсэг зурснаар баталгаажуулав.
Монголын тал ОХУ-аас 100 тэрбум рублийн зээл хүсэж, төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ашиглах “болзол” тавьсан.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар айлчлалыг дүгнэж хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэх үеэрээ ОХУ-аас хүссэн 100 тэрбум рублийн зээлийг бүхэлд нь төмөр зам шинэчлэхэд зарцуулна гэдгийг тодотгосон. Мөн “Эдийн засгийн ач холбогдолтой олон хэлэлцээр байгууллаа. Тухайлбал хоёр орны худалдааны асуудлыг ярихдаа голдуу бараа, материал ярьдаг. Гэтэл орчин үед үйлчилгээний худалдаа гэдэг төрөл маш том орон зайг эзэлж байна. Шинэ боломж, ажлын байр, орлогын эх үүсвэрийг бий болгодог онцлогтой салбар. Энэ хүрээнд хоёр улсын шуудан холбооны төрийн нэгдсэн үйлдвэр хоорондын “Стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Энэ нь транзит худалдааг хөгжүүлэхэд хамгийн чухал нөлөө үзүүлэх суурь нь юм” гэж хэлсэн юм.
Зайсанд хөрсний гулгалт үүсэж, хотын даргыг дуудав
Зайсангийн Peace Village, General town хотхоны оршин суугчид өнгөрсөн баасан гаригт хотын даргыг дуудаж, түргэн авахуулав.
Хөрсний гулгалт үүссэн гэх Зайсанд хотын даргыг ирж ажиллахад оршин суугчид “Хөрсний нуралт үүссэн, газар олгох ёсгүй газар олгогдсон, бохир усаа усан сан үүсгэж шууд ил задгай асгадаг, үргэлжлэн орсон борооны улмаас авто зам эвдэрч сүйдэн захаасаа эмтэрсэн, хүүхдүүд тоглох, ахмадууд салхилах ногоон байгууламж байхгүй, анхнаас ногоон байгууламж барина гэж төлөвлөгдсөн газарт байшин барихаар ухаж сэндийлсэн. Аюулгүй байдлыг хангуулахаар холбогдох албан тушаалтнуудад ханддаг ч гомдол саналыг “хав дарчихдаг”, холбогдох арга хэмжээ авч ажилладаггүй” гэж гомдол мэдүүлэв.
Үүсээд байгаа нөхцөл байдлын хувьд Зайсангийн Peace Village, General town хотхоны орчмын гадна талбайн газрыг 2018 оны тавдугаар сарын 18-ны өдөр нийтийн эзэмшлийн талбайн зориулалтаар ашиглах эрхийг цуцалсан байна.
Гэвч 2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны өмнөх цуцалсан эрхийг хүчингүйд тооцон газар ашиглах гэрчилгээг нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн хамаарал бүхий этгээд болох иргэн О.Одсүрэнд “Буудаллах, отоглох” зориулалтаар 2.041 га талбайг таван жилийн хугацаатайгаар дахин олгожээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдийн гомдолтой холбогдуулан 2019 оны долдугаар сарын 26-ны өдөр үзлэг, шалгалт явуулж, барилга барихаар ухсан хоёр нүхэнд бохир дүүрч, өмхий үнэр ханхалж байсныг бөглөх шаардлагыг газар эзэмших компанийн удирдлагуудад хүргүүлсэн боловч тухайн аж ахуйн нэгжүүд одоог хүртэл дээрх шаардлагыг биелүүлэхгүй байгаа аж.
Хотхоны оршин суугчид “Хотхонуудын ойролцоох зам талбай болон явган хүний замаар явах ямар ч боломжгүй болсон. Хүүхэд багачууд тоглох талбай, амьдрах орчны эрсдэлд ороод байна. Ухсан хоёр нүхэнд бохир дүүрч айлууд цонх, салхивчаа ч нээх боломжгүй нөхцөлд амьдарч байна. Тиймээс Хотын дарга та эдгээр асуудлыг шийдвэрлэж өгөөч” хэмээн учирлав.
Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Энд амаргүй, хүн амьдрахад хүндрэлтэй нөхцөл үүссэн байна. Аль аль талдаа асуудлыг эзэнгүйдүүлдэг, төрийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо муу байгаагаас байдал хүндэрсэн. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн Засаг даргын орлогч, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, асуудлыг судлуулж, зохих арга хэмжээнүүдийг авч ажиллахаар болов.
Гүүрэн гарцыг муруй барьсан гэх дуулиан дэгдэв
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын удирдлагууд болон зөвлөх компанийн төлөөлөл, хяналтын инженерүүд Замын цагдаагийн гүүрэн гарцын ажилтай өнгөрсөн пүрэв гаригт танилцах үеэрээ нийгмийн сүлжээгээр цацагдсан “Гүүрэн гарц муруй баригдсан” дуулианд тайлбар хийлээ.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Олон улсад гүүр замын олон зураг гаргасан Хятадын төмөр замын тавдугаар товчоо компани гүүрэн гарцын зургийг хийсэн. Үүнийг манай холбогдох бүх газар хянасан. Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Барилга хөгжлийн төвийн экспертүүдийн баталсан зургаар хийгдэж байна. Энэ гүүрийг яагаад муруй, саруй хийж байна гэдэг яриа гарсан гэхээр хэсэг газраараа өргөн нь 28 м, зарим газраараа 18 м, заримаараа 25 м баригдаж байгаа. Өөрөөр хэлбэл A, B, C рамп гэсэн туслах гурван гүүр баригдаж байгаа. Анх удаа Монголд ийм гүүр барьж байна. Бусад баригдсан гүүрүүд бүгд шулуун гүүр. Яг ийм туслах гурван гүүр босч байгаа том бүтээн байгуулалт анх удаагийнх юм. Ийм гүүрэн гарцан дээр хэлбэлзэл, эргэлтийн радиус, тэгш налуу үүснэ. Гүүрийн ажил төлөвлөсөн зургийн дагуу явж байна. Үүнийг ташаа байдлаар ойлгож байгаа нь харамсалтай. Замын ажлыг холбогдох олон байгууллага хянаж явдаг. Яг батлагдсан зураг төслийн дагуу гүүрэн гарцын ажил хийгдэж байна. Ямар нэгэн алдаа байхгүй” гэв.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ