Сошиал орчинд нийслэлийн 84 дүгээр сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрт нийлүүлж байсан таргийг барилгын материалын саванд хийж тээвэрлэж байгаа тухай мэдээллийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ. Шалгалтаар тус сургуульд "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэгч “Коко десерт” ХХК-ний үйл ажиллагааг шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байгаа зөрчил илэрсэн аж.
Тиймээс ашиглаж байсан сав болон таргийг лабораторийн шинжилгээнд хамруулж, зөрчлийн хэрэг нээжээ. Тухайлбал, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11.2 дахь заалт, Хүнсний зориулалтын бус хуванцар савны талаар авах арга хэмжээний тухай Монгол улсын Засгийн газрын 2015 оны 496 тоот тогтоолыг зөрчиж байгаа тул Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгаж байна. Мөн тус компанийн гэрээ цуцлах саналыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт, сургуулийн удирдлагад хариуцлага тооцуулах тухай саналыг Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлэхээр боллоо.
Онцлоход, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас есдүгээр сарын 3-16-ны өдрүүдэд Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлж буй Ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулж байна.
Э.АРИУН