Монгол ардын дууг ирээдүй хойчдоо өвлүүлэхээр ажиллаж байгаа “Ататурк”-ийн нэрэмжит V дугаар дунд сургуулийн дуу хөгжмийн багш С.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа.
Хүүхдийн язгуур урлагийн гурван ч хамтлаг төрүүлсэн түүнийг уншигчид “Галбингаа” сургалтын төвийг үүсгэн байгуулагч гэдгээр нь мөн таних болов уу.
-Дуу хөгжмийн багшаар ажиллаад та хэчнээн жил болж байна вэ. Багаасаа хөгжимд сонирхолтой байв уу?
-Энэ мэргэжлээр багшлаад 25 жил болсон байна. Хүүхэд байхдаа ёочин, мандалин, гитар зэрэг хөгжмийн дугуйланд суралцан, тоглож сурсан нь хожмоо хөгжмийн багш болох мөрөөдлийг маань биелүүлсэн юм.
-Язгуур урлагаар дагнасан хүүхдийн хамтлаг Монголд олон биш боловч таныг гурван ч хамтлаг байгуулсан гэж сонссон?
-“Монгол эгшиглэн”, “Яруу эгшиглэн”, “Эгшиглэн-3” гэх гурван хамтлаг байгуулсан. 2007 онд Чингэлтэй дүүргийн 74 дүгээр цэцэрлэгт багшилж байхдаа хүүхдүүдээ урлагийн тэмцээнд их оролцуулна. Амжилттай ч оролцдог. Тухайн үед олон ч тэмцээн, уралдаан болдог байжээ.Хамтлаг байгуулах санааг шавь нарын маань эцэг, эх гаргаж, дэмжихээ ч хэлсэн.Тэгээд хоёр жилийн дараа 2009 онд “Монгол эгшиглэн” хамтлагаа байгуулж, “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая” нэртэй цомоггаргасан. Бяцхан шавь нарын маань цомог гадаад, дотоодын олон ч хүний гарт очиж, багш нарт нарын гарын авлага болсон.
Түүнээс хойш тасралтгүй 12 дахь жилдээ ардын урлагийн чиглэлээр хүүхэд, багачуудыг сургаж байна.
-Хамтлагийг хэчнээн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулдаг вэ. Хэдэн насныхныг сонгож авдаг юм?
-“Монгол эгшиглэн”, “Яруу эгшиглэн” хамтлагийг тус бүр зургаан гишүүнтэйгээр байгуулж байсан бол “Эгшиглэн-3”-ыг 2017 онд наймангишүүнтэйгээр байгуулсан. Ихэвчлэн 4-13 насны хүүхдүүд сонгогддог. Одоо “Монгол эгшиглэн”, “Яруу эгшиглэн” хамтлагийн гишүүдийн маань олонхХөгжим бүжгийн коллежи /Монгол Улсын Консерваторит/-д суралцдаг. Хүүхэд байхаасаа мэргэжлийнхээ гарааг олж, ирээдүйд урлагийн салбарт өрсөлдөхөөр суралцаж байгаа шавь нараа харахаар маш сайхан. Баярлана, бахархана.
Одоо харин отгон хамтлаг болох “Эгшиглэн-3” –ынханмаань уран бүтээлээ хийгээд, тэмцээн уралдаанд оролцоод явж байна.
-Хамтлагийн нэр чихэнд их чимэгтэй юм. Нэрний утга санааны тухайд?
-Анхны хамтлагийн нэрийг “Эгшиглэн” гэж нэрлэсэн. Эцэг, эхчүүд “Монгол гэж нэмбэл яасан юм бэ. Хүүхдүүд маань Монгол ардын дууг өвлөн дуулж байгаа шүү дээ” гэж санал болгосны үндсэн дээр тогтсон. Харин дараагийн хамтлагийн нэрийг хүүхдүүдийнхээ яруу сайхан хоолойг магтаж “Яруу эгшиглэн” хэмээн нэрлэсэн бол гурав дахийг нь хоёр хамтлагийнхаа үндэс болсон “Эгшиглэн-3” гэж өгсөн.
-Хамтлаг байгуулахад мөнгө шаардахаас эхлээд асуудал бий. Яаж зохицуулдаг вэ?
-Тийм шүү. Миний хувьд хамтлаг байгуулснаараа маш том эрсдэл үүрч байсан. Нэгэнт зориод, зориглоод хийж байгаа учраас бүх л хүчээ уран бүтээлдээзарцуулсан. Ээжийгээ тэтгэврийн зээл хүртэл авхуулж байлаа. Одоо бодоход их л зэрлэг санагддаг /инээв/. Эцэг эхчүүд маань хамгийн их тусалж, дэмжиж ирсэн.
-Дуу дотроо их олон төрөл жанартай. Харин та ардын урлагийг сонгосон?
-Хүүхэд багаасаа л ардынхаа өв соёл, язгуур урлагийг танин мэдэж байх ёстой. Тиймээс багаас нь ардын дуу дуулуулж, сургах хэрэгтэй гэж боддог. Монголын ирээдүй болсон хүүхдүүд маань л ардын дуугаа дуулж өсөхгүй юм бол өөр хэн дуулах юм бэ?. Хүүхдийн дуулснаар ардын дуу байдаггүй. Томчуудын дуулсан ардын дуу хүүхдийн чихэнд наалдахгүй шүү дээ. Харин гурав, дөрвөн настай хүүхдийн чамин хоолой өөрт нь болон бусдын чихэнд ч сайн тогтож суудаг. Илүү сонсголонтой ч сонсогддог. Тийм учраас ардынхаа урлагаар хүүхдүүдээ багаас нь хичээллүүлж сургах зорилготой сонгосон юм.
-Хамтлагийнхан тань байнгын тэмцээн уралдаанд оролцож харагддаг. Ер нь аливаа тэмцээн уралдаанд амжилт гаргах нь чухал юм уу, оролцох нь чухал байдаг уу?
-Уралдаан тэмцээнд ялахаас илүүтэй өөрсдийгөө сорих нь маш том ялалт. Шавь нар маань тэмцээн, уралдаанд ороод шагнуулж л байдаг. Би тэр болгонд хэлдэг. Та нар бардаж болохгүй. Сурахаа сурч, үзүүлэхээ үзүүлсэн. Амжилттай юу амжилттай. Тэр болгонд урам ав. Харин зөвхөн ялалт авахын төлөө л хийдэг бол болих хэрэгтэй. Энэ алтан тайзан дээр гарч, өөрийгөө сорих нь ялалт. Хөдөлмөрийн үр шим, амжилт ирэх цагтаа л ирдэг” гэж захидаг.
-“Яруу эгшиглэн” хамтлагийнхны дуулдаг “Мөрөөдлийн дуу” дууны шүлгийг та бичжээ. Хэр олон дууны үг бичсэн бэ?
-Би хүүхдийн шүлэг бичих сонирхолтой. Заримдаа цаанаасаа л үг урсаад бичмээр санагддаг. Шүлгийг нь бичсэн 20 гаруй хүүхдийн дуу бий.
-Хүүхэдтэй ажиллана гэдэг өндөр хариуцлага.
-Тийм шүү. Хариуцлагатай ажил. Хүүхэддээ багшлуулах гээд дагуулаад ирсэн эцэг эхийн урмыг хугалахгүй байхын төлөө маш их хичээдэг. Ер нь хүүхэдтэй ажилладаг багш хүн түүний найз мэт байхаас гадна ихээхэн мэдрэмжтэй байх шаардлагатай.
-Солгой хоолойтой хүүхдийг дуулж сургах боломжтой юу?
-Боломжтой. Хамгийн гол нь хүүхэд маань өөрөө дуулах сонирхолтой, дуртай, идэвхтэй байвал асуудалгүй. Сонирхолгүй хүүхдэд хэчнээн заагаад ямар ч нэмэргүй.
-Хүүхэд суралцах явцдаа шантрах тохиолдол хэр их гардаг вэ?
-Тийм асуудалтай тулаагүй. Хүүхдүүд маань өөрсдөө уран бүтээл хийх их дуртай болохоор тэр болов уу. Хийж чадсандаа урамшаад, цаашлаад улам бүр хийх хүсэл эрмэлзэлтэй л болоод асаад байдаг.
-Ер нь хүүхдийнхээ авьяас чадвар, амжилтыг хараад гэр бүлийн харилцаа хандлага өөрчлөгддөг үү?
-Хүүхдийнхээ авьяас чадвартай байгааг хараад маш өөр болдог. Зарим эцэг эхчүүд бүр их урамшиж, бүх л зүйлээ зориулах жишээний. Ер нь гэр бүлийн хандлагыг их өөрчилдөг.
-Хүүхдийг дуулж сургахад хамгийн тохиромжтой нас нь хэд байдаг юм бэ?
-Ерөөсөө л бага нас буюу 3-4 нас. Энэ насанд хүүхэд ардын дууг бүтэн сурдаг. Тэр тусмаа ардын богино дууг час хийтэл дуулна шүү дээ.
-Дуу хөгжим хүүхдийг хэр төлөвшүүлдэг вэ?
-Дуу хөгжим гэдэг өөрөө хүнийг их баясгаж, сэргээдэг, төлөвшүүлэн хүмүүжүүлдэг, ухаан суулгадаг, цаг баримталж сургадаг, хүнийг хайрлах, биеэ зөв авч явах соёлд суралцах гэх мэт маш олон давуу талуудтай.
-Таны заах арга барилын онцлог юу вэ?
-Би хүүхэдтэй харилцах арга зүйгээ аль хэдийн олсон. Хүүхэд бүр өөр, өөрийн зан характертай. Яаж түүнд таалагдах уу, ямар арга барилаар заах ёстой вэ гэдгээ тухайн хүүхэдтэй харьцаад л мэдчихдэг.
-Танд дахин хамтлаг байгуулах алсын төлөвлөгөө байгаа юу?
-Байхгүй ээ.40 нас гараад ирэхээр хүний хөдөлмөрийн бүтээмж аажим аажмаар сулардаг юм байна. Хийсэн ажил, шавь нар маань намайг бусдад таниулдаг. “Чи сайн хөдөлмөрлө, хөдөлмөр чинь өмнөөс ярина” гэж сайхан үг байдаг шүү дээ. Тийм учраас өөрийнхөө хийх зүйлийг хангалттай хийсэн гэж бодож байгаа.
-Та хамгийн их хит болж, хүмүүст хүрсэн бүтээлээсээ онцол гэвэл юуг нэрлэх вэ?
-Хүннү гүрний 2220 жилийн ойд зориулан гаргасан “Ерөөлөөр учирсан миний монгол” дууг онцолмоор байна. Уг дууны үгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, яруу найрагч агсан Бавуугийн Лхагвасүрэн тэрлэж, аяыг нь хөгжмийн зохиолч Р.Бат-Эрдэнэ бичсэн. Уг дуу сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн бүх хүүхдүүдэд хүрч чадсан гайхалтай уран бүтээл. Энэ дуугаар маш их бахархдаг.
https://www.youtube.com/watch?v=IkLDAxsGF3E
-Багш гэдэг мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?
-Багшаа гэж дуудуулах маш гоё. Багшийгаа гээд зориод ирдэг шавь нараа харах бүр гоё. Шавь нараа харж л багш гэдэг мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдэрдэг дээ.
-Хүүхдүүдэд, аав ээжүүдэд сануулаад хэлэхсэн гэсэн үг бий байх?
-Эцэг эхчүүд минь хүүхдүүддээ цаг зав гарган, зарцуулж байгаарай. Ахиад олдохгүй хүүхэд насанд нь том дурсамж үлдээх зүйлийг хийж өгөөрэй. Хүн болгон математикч, дуучин болох албагүй ч дуу хуур гэдэг энэ зүйл хүнийг хаана ч явсан дагаж явдаг юм шүү. Тийм учраас хүүхдээ ядаж гурван дуу дуулуулж сургаарай л гэж захих байна даа.
-Та “Галбингаа” сургалтын төв ажиллуулдаг. Ардын урлагаар дагнасан сургалт явуулдаг уу?
-Бяцхан хүүхдүүддээ ардынхаа баялаг урын санг танин мэдүүлэх, өв соёлоо дээдлэн хүндэтгэдэг болгож хүмүүжүүлэх зорилгоор сургалтын төвөө 2011 онд нээж байлаа. Сургалтын төвд маань цэцэрлэгийн 4-6 нас, сургуулийн 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Сургалтын тухайд монгол ардын дуу, хүүхдийн дуу, үндэсний хөгжим, төгөлдөр хуур, аман хуур, морин хуур, хөөмий зэрэг ганцаарчилсан сургалтууд явагддаг.
-Хөөмий суръя гэвэл сургалтын төв нээлттэй юу?
-Тиймээ. Сонирхолдоо хөтлөгдөөд ирсэн хүүхэд бүхэнд манай төвийн хаалга нээлттэй.
Э.БАГЛААЦЭЦЭГ