Ард түмнээс шинэчлэлийг дэмжих эсэхийг л асууна
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Үндсэн хуулийн төслөөр ард түмнээс санал асуулга авах асуудлаар гишүүд үг хэлж байна.
О.Баасанхүү: Ард түмнээс санал асуулга авлаа гэхэд дэмжихгүй бол төсөл чинь тэр чигтээ унана шүү дээ. Ойлгомжгүй асуудал олон байна. Ард түмнээс батлах уу, үгүй юу гэж асуух биш өөр дотор байгаа асуудлаар асуух ёстой байсан.
С.Мөнхбат: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сайн, сайн зүйл орж ирж байгаа. Ард нийтээс дэмжих үү, үгүй юу гэдгийг асууна. Дэмжихгүй гэвэл хуучнаараа явна гэсэн үг. Монголчууд бол бэлгэ дэмбэрэлтэй ард түмэн. Тиймээс зуны эхэн сарын шинийн 3-наас дагаж мөрдөнө. Хамгийн гол нь ард түмнээсээ санал асуулга авах юм. Монголчууд бол өлзий дэмбэрэл бэлгэддэг ард түмэн. Тиймээс энэ саналыг дэмжиж байгаа.
Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацаа тавьж байж ард түмнээсээ асуух ёстой. Тиймээс хугацааг нь тавьж өгсөн. Сонгууль явдаг хугацаандаа явна. УИХ-ын гишүүд 76 байх нь хэвээрээ үлдсэн. Дөрвөн жил нь хэвээрээ үлдсэн.
О.Баасанхүү: Ард түмнээсээ яг юу асуух гээд байгаа юм бэ. Тодорхой юмаа асуугаач ээ. Үндсэн хуулийн төслийг уншаад ойлгох уу. Та нарт 65 суудал өгч байгаа чинь Үндсэн хуулийг өөрчлөх мандат өгч байна гэсэн үг шүү дээ.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтээс асуух эсэх асуудлаар санал хураахад 57 гишүүн дэмжигдлээ.
Ерөнхий сайдаа 30 хоногт томилохгүй бол УИХ тарна
УИХ-ын өнөөдрийн/2019.09.07/нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан саналыг хэлэлцэж байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байгаа тул 57 гишүүнээс дээш ирцтэйгээр чуулган хуралдаж байгаа юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24дугаар зүйлийн 24.6 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Засгийн газрын сайдуудыг 30 хоногийн дотор томилно гэсэн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлэв.
Д.Тэрбишдагва: Засгийн газрыг сайд нарыг огцруулбал зөрүүлээд тавина гэдэг уг нь сайн байсан юм. Гучин хоногийн хугацаа гэдэг Сайдын үүрэг гүйцэтгэгчид замбараагүй үйлдэл хийх боломж бүрддэг. Төрийн албан хаагчдын сахилгыг сайжруулах заалт Үндсэн хууль оруулж өгөх гэсэн боловч унасан. Тэртээ тэргүй огцорч байгаа хүмүүсийг сар байлгаад байх ямар шаардлага байна.
Я.Содбаатар: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг сар хийсэн. Зарим заалтууд унасан, зарим нь дэмжигдсэн. Уг нь хуучин Ерөнхий сайдыг огцруулахдаа шинэ Ерөнхий сайдын нэрийг томилно гэж оруулсан ч унасан. 30 хоногийн дотор сайдуудыг томилох хугацааг яагаад тавьсан бэ гэвэл олон улс төрийн хүчнүүд ойрхон суудал авсан тохиолдлыг бас тооцсон. Сайдын үүрэг гүйцэтгэгчийг удаан хугацаагаар байлгах буруу. Гэхдээ бас хугацааг нь давчуу тавих нь буруу. Аль аль талыг нь бодож байгаад хугацаа тавьж оруулж ирэх нь зөв.
Ж.Бат-Эрдэнэ: Сайдын үүрэг гүйцэтгэгчид 30 хоног юу хийх юм бэ. Янз бүрийн хор найруулагддаг нь худлаа биш шүү дээ. Энэ хугацаанд төрийн алба тэр чигээрээ зогсдог. Гуч хоног уртдана. 21 хоног байж яагаад болохгүй вэ?
С.Бямбацогт: Хэлэлцэх эхлэх нь 3 хоногийн дараа гэсэн. 30 хоногийн дотор Ерөнхий сайдаа томилж чадахгүй бол УИХ өөрөө тарна шүү гэдэг заалт оруулж ирж байгаа нь улстөрчдийг бас хариуцлагажуулж байгаа юм.
Д.Лүндээжанцан: Гуч хоног бол хамгийн боломжит хугацаа. 14, 21 хоногийн дотор Ерөнхий сайдаа томилж чадахгүй бол парламент өөрөө тарах эрсдэлтэй. Тиймээс 30 хоногийн хугацааг тооцож оруулсан нь эрсдлээ бодсон. Олон намаас бүрдсэн УИХ-ын үед Ерөнхий сайдаа томилж чадахгүй УИХ тарвал төрийн тогтвортой байдал алдагдана. Харин Ерөнхий сайдаа огцруулчихаад томилж чадахгүй 30 хоног болбол парламент өөрөө тарах юм.
Дээрх саналаар гишүүдээс эхний саналт хураахад 58 гишүүнээс 3 эсэргүүцэж уг санал уналаа.
Д.Тэрбишдавга: Нэг хоёр хүний саналаас болж 50 гаруй хүний санал дэмжигдэхгүй байгаад байна л даа. Гэхдээ Сайдын үүрэг гүйцэтгэгчид хууль бус зйүл гаргадаг учраас хугацаагаа эргэж хараач ээ гэж байна. Над руу дайраад байх юм байхгүй шүү. Би бүлгийнхээ саналыг дэмжиж л байгаа.
Ц.Нямдорж: Засгийн газар байгуулах асуудал төвөгтэй асуудал шүү дээ. Олон намын тогтолцоотой үед хэцүү шүү дээ. Цаашдаа гурван нам парламент гарлаа гэхэд Ерөнхий сайдаа томилох гэж нэлээд юм болно шүү. Тэгэхээр 30 хоног дээрээ тогтох нь зөв. Би бол хамгийн зөв хугацаа гэж бодож байна. Д.Тэрбишдавга гишүүн саналаа буцааж авлаа гэж ойлголоо. Ж.Бат-Эрдэнэ гишүүн саналаа буцааж болохгүй юм уу.
Ж.Бат-Эрдэнэ: Саналаа татаж болно.
Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно гэсэн саналаар хоёр дахь санал хураалт явуулж 57 гишүүн дэмжив.
Холбоотой мэдээ