Линлин гэж нэрлэгдсэн хүчтэй далайн шуурга энэ амралтын өдрүүдэд Солонгосын хойгийг дайран өнгөрөх тул олон тооны нислэгүүд цуцлагдаж, амралтын болон амьтны хүрээлэнгүүд хаалгаа барьжээ. Сөүлийн цаг уурын газраас мэдээлснээр далайн шуурга Бямба гаригт баруун эргээс эхлэн дайран өнгөрч, орой гэхэд Хойд Солонгост хүрэх гэнэ. Тиймээс далайн шуурганы үеэр болзошгүй үер, хөрсний нуралт, дэд бүтцийн гэмтлээс урьдчилан сэргийлэхийг ард иргэдэд сэрэмжлүүлжээ. Хүчтэй салхи, бороо Өмнөд Солонгос даяар Ням гаригийн өглөөг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа аж.
Түүнчлэн цэрэг, арми болон бүх салбарт үер, аадар бороо, хүчтэй салхинаас хамгаалах арга хэмжээ авч байгааг Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг мэдээлжээ. Далайн шуурга Баасан гаригийн орой Чежү аралд хүрэхдээ салхины хурд цагт 300 км байжээ. Өдгөө шуурганы хүч цагт 155 км болж буурч, хойд зүгийг чиглэсэн байна. Далайн шуурганы улмаас Чежү арлын олон улсын нисэх буудалд 80 нислэг цуцлагдсан бол орон даяар нэмж олон нислэг цуцлагдах аж.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ