Өмнөд Солонгос, Японы хооронд үргэлжилж буй зөрчил ирэх онд Токио хотноо болох зуны Олимпийн наадмын үеэр улам хурцдаж магадгүй байна. Учир нь 2020 оны зуны Олимпийн наадмыг зохион байгуулах Японы албаныхан мандаж буй нарыг дүрсэлсэн далбааг хориглохыг шаардсан Сөүлийн хүсэлтийг хүлээн авсангүй.
Өмнөд Солонгосын талаас мандаж буй улаан нарыг дүрсэлсэн далбаа нь Японы эзлэн түрэмгийллийн дор зовж, зүдэрсэн он цагуудыг нь эргэн сануулж байгааг тайлбарлажээ. Өмнөд Солонгосын спортын асуудал хариуцсан парламентын зөвлөлөөс мэдэгдэхдээ мандаж буй нар нь Японы эзлэн түрэмгийллийн бэлэг тэмдэг гэдгийг онцолсон байна. Түүнчлэн зуны Олимпийн наадмын энх тайвны үзэл санаатай дайныг бэлгэдсэн далбааг зохицохгүй хэмээжээ. “Мандаж буй нарыг дүрсэлсэн далбаа нь Өмнөд Солонгос болон Азийн олон оронд чөтгөрийн бэлэг тэмдэг, зүйрлэвэл европчуудын хувьд хас тэмдэг ямар утгатай адил” гэж Сөүлийн албаных хүн мэдэгджээ.
Харин Японы албаныхан энэхүү далбаа нь ямар нэгэн улс төрийн агуулгагүй учир хориглох шаардлагагүй хэмээн, Сөүлийн хүсэлтэд татгалзсан хариу өгчээ.
Өмнөд Солонгосын Спорт, Олимпийн хорооноос далбаатай холбоотойгоор албан ёсны хүсэлтийг Олон улсын Олимпийн хороонд хараахан гаргаагүй байна. Харин Сөүлээс дипломат шугамаар дамжуулан Токиогийн талд мэдэгдэл хүргүүлжээ.
20-р зууны эхний хагаст Солонгосын хойг нь Японы колоничлолд байсан юм. Тухайн үед албадан хөдөлмөрлөж, бэлгийн мөлжлөгт өртсөн солонгосчуудын нөхөн олговрын асуудал өдгөө хоёр орны хооронд зөрчил маргаан үүсгээд байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ