ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн пүрэв гаригт Итали улс Оросын удирдах албан тушаалтныг Вашингтоны хүсэлтээр аж үйлдвэрийн тагнуул хийсэн хэрэгт буруутган баривчилсан явдалд дургүйцлээ илэрхийлж, энэ нь ОХУ, АНУ-ын харилцаа холбоонд хор хөнөөлтэй болохыг мэдэгдсэн байна.
ОХУ-ын хөдөлгүүр үйлдвэрлэх нэгдсэн корпораци (UEC)-ийн Бизнес хөгжлийн захирал Александр Коршуновыг Вашингтон баривчлах тушаал гаргаж, өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр Неаполь хотын нисэх онгоцны буудлаас саатуулжээ. UEC нь иргэний болон цэргийн нисэх онгоцны хөдөлгүүр, цахилгаан турбин үйлдвэрлэдэг байна. Хөдөлгүүр үйлдвэрлэгч, Оросын төрийн өмчийн “Ростех” компани Коршуновыг ямар ч буруугүй гэж мэдэгдсэн талаар ОХУ-ын мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Италийн Гадаад хэргийн яам энэхүү баривчилгааны талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа аж.
Оросын Алс Дорнодод болж буй эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Путин “Баривчилгаа нь шударга бус өрсөлдөөнөөс үүдэлтэй гэж үзэж байна. Энэ бол маш муу арга. Бид шударга бус өрсөлдөөнтэй тэмцэх оролдлого хийж байна" гэж хэлжээ. Мөн тэрбээр "UEC нь Италийн зөвлөх компанитай гэрээ байгуулж, шинэ хөдөлгүүр үйлдвэрлэдэг. Европын түншүүдтэйгээ нээлттэй худалдаа хийх нь дамжиггүй "гэж хэлсэн байна.
АНУ Оросын иргэдийг гуравдагч оронд саатуулж буйг ОХУ удаа дараа шүүмжилж байжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ