Бүгдээрээ машинаа унацгаая

Хуучирсан мэдээ: 2019.09.06-нд нийтлэгдсэн

Бүгдээрээ машинаа унацгаая

Бүгдээрээ машинаа унацгаая

Түгжрэл сааруулах нэрийн дор хот, тээврийн цагдаа хоёр нийлээд явган хүний гарцуудыг хааж эхэлсэн байна. Явган хүний гарц нь хэт ойрхон байрладгаас автомашины түгжрэлийг нэмэгдүүлдэг гэж үзжээ.

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 400 гаруй хүний явган гарц байдаг ч ихэнх нь жолооч нарын эрхийг хангахад л чиглэдэг. Тухайлбал, Төрийн ордны зүүн талын уулзвараас эхлээд хэд, хэдэн уулзвараар ногоон гэрэл ассан үед зорчигч алхаж явахад жолооч автомашинтайгаа давхин орж ирж, мөргөхөөс холгүй зөрөөд өнгөрдөг. Хүүхэд хөгшид дайран алдах атлаа хариуцлага хүлээх нь байтугай сануулга ч авахгүй. Хотын захирагчийн шийдвэрээр тодорхой уулзвараар автомашин нь ногоон гэрлээр гарч болох тул жолооч нар ийм дархан эрх эдэлдэг. Гурван жилийн өмнө Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах зорилгоор дээрх зохицуулалт хийсэн ч хүүхэд гарцаар гарч явахад дайрч, гэмтээсэн тохиолдол л олон болж байгаа болохоос түгжрэл тэдэн хувиар буурсан гэдэг мэдээлэл байдаггүй.

Түгжрэл бууруулах зорилгоор авсан манай дарга нарын бодож гаргасан шийдвэр дээрх зохицуулалтаар хязгаарлагдахгүй. Гэрлэн дохионуудынхаа ногоон гэрлийн асах хугацааг багасгачихсан. Хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ногоон гэрлээр гарч амжаагүй байхад улаан гэрэл асаж, жолооч нар автомашинтайгаа давшилна. Гэрлэн дохионы ая их түгшүүртэй. Гарцаар гарч амжаагүй дунд нь алхаж явахад л зүрх савлатал муухай дуу нь хангинана.  Жолооч нар автомашиныхаа дохиогоо чарлуулж давхар дарамтална. Явган зорчигчид эдлэх эрх энэ хотод байдаггүй. Яаж дэглэх вэ, зовоох вэ гэсэн юм шиг зохицуулалттай.

Нэг хэсэг хот бүсчлэл ярьж, баахан шуугиулсан бол одоо явган хүний гарцтай дайн зарлахаар шийджээ.

Гарцыг хааж болно, гэхдээ хүнийхээ эрхийг хангасан давхар зохицуулалт хийж шийддэг болохоос биш нэг асуудлаа шийдэх гээд нөгөөгийнх нь эрхэнд халдаж таарахгүй. Тэр дундаа гарцын тоог бууруулснаар түгжрэл саарна гэж хэн гэдэг мундаг "мэргэн" нь айлдсан юм.  Ойрхон хоёр гарцын нэгийг нь хаалаа гэхэд нэг дээрээ л бөөгнөрч гарцгаана.  Гарцгүй болгочихоор явган хүний урсгал буурдаг юм биш. Гол нь ямар шийдэл хэрэгжүүлэх вэ гэдгээс л түгжрэлээ бууруулж чадах эсэх хамаарна.

Тухайлбал, хаагдах явган хүний гарцанд нийслэлийн 21 дүгээр хорооллын гарц багтжээ. Тухайн бүсэд орон сууц олноор баригдаж, ашиглалтад орохын хэрээр хүн ам нь нэмэгдэж, хамгийн ачаалалтай явган гарцын нэг нь болсон.  Сургууль, цэцэрлэгийн насныхан хамгийн ихээр зорчдог гарц гэж хэлж болно.  Хэдэн жилийн өмнөөс л ойр орчмынх нь оршин суугчид “Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэд байрлуулсан шиг гүүрэн гарц байрлуулаад өгөөч гэж хүссэн. Хэн ч тоогоогүй. Одоо тэгтэл хот нь тээврийн цагдаатайгаа нийлээд гарцыг нь хаана.

Улс орнууд хүндээ зориулж шийдвэр гаргадаг бол Монголын эрх бүхий байгууллагууд машинд зориулж шийдвэр гарган хэрэгжүүлдэг болсоор удлаа. Ийм байхад нийслэлийн автомашины түгжрэлийг яаж сааруулах вэ дээ. Явган хүний гарцыг хааж хумих тусам автомашинтайгаа зорчих нь илүү дээр сонголт биш гэж үү.

Ерөөсөө бүгдээрээ автомашинаа унацгаая. Машин унаагүй алхаж яваа нь хүн биш болж, энэ хотын удирдлага, тээврийн цагдаа хоёрт.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж