Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 2

Хуучирсан мэдээ: 2019.09.09-нд нийтлэгдсэн

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 2

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 2

Манай сайт өмнө нь Философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Философийн булан”, “Либертари булан”-гуудыг эрхлэн гаргаж байсан билээ. Энэ удаа түүний 15 цуврал өгүүллийг тавих гэж байна. Доктор Б.Батчулуун энэ нийтлэлүүддээ Монгол дахь либертари үзэлд учирч буй саад, бэрхшээлийг философи, нийгмийн психологийн үүднээс задлан шинжилж буй тул өмнө нь эрхлэн гаргаж байсан “Философи” болон “Либертари” булангуудын үргэлжлэл хэмээн ойлгож болно. 7 хоног бүрийн Даваа, Баасан гаригт нийтлэгдэх өгүүллүүдийг таалан соёрхоно уу.


(ДИСПОТИЗМ БУЮУ “ЧАНГА ГАРТ” ТАТАГДДАГ НЬ)

“Төр төмөр нүүртэй” гэдэг бол монголчуудын гаргаж ирсэн үнэн бөгөөд гашуун афоризмуудын нэг. Үнэхээр ч төр тэдний хувьд үргэлж төмөр нүүр гаргасаар ирсэн, тэр хэрээр ч төрийг шүтээнчилж ирсэн байдаг. Ер нь монголчууд шиг төрийн талаар айж, шүтэж, биширсэн хэлц үг гаргаж ирсэн үндэстэн нэг их олонгүй л болов уу. “Төрийн сүлд өршөө!”, “Бид төрдөө сүсэглэдэг ард түмэн”, “Бид төрөө дээдэлдэг улс” ч гэх шиг. Манайхаас өөр күнзийн соёл, уламжлалтай улс-орнуудад ийм үг дэлгэрсэн байж магадгүй.

Зарим үндэстэн, ялангуяа иргэншлээс хөндий явж ирсэн, хүмүүс хоорондын болон төртэй харилцах харилцаанд ихээхэн хатуу хөтүү, бүдүүлэг, улмаар төмөр нударгатай удирдлагыг шүтдэг шинж ажиглагддаг. Тэр тусмаа индивидуализмыг ойлгодоггүй үндэстэн чанга гартай удирдагчдад ихээхэн дасан зохицсон байх аж.

Манайханд ийм психологи их тод харагддаг. Бид евро-азийн ихэнх улс-үндэстний нэгэн адил чанга гар буюу төмөр нударгаар ард түмнээ захирдаг удирдагчид татагддаг ард түмэн. Саявтархан “Хэнийг орчин үеийн дэлхийн хамгийн нөлөө бүхий удирдагч хэмээн бодож байна вэ?” гэсэн асуултад монголчуудын бараг 70% нь Путинийг гэж хариулсан байна. Бидний хувьд чанга гарт их татагддаг диспот маягийн ийм уламжлал Чингисээс улбаатай болов уу. Удирдагч хэчнээн хатуу гартай байна, төдий чинээгээр түүнд үнэнч болохоо харуулах гэж зүтгэнэ, “хэчнээн сайн ороолгоно, тэр хэрээр наалдана”.

“Төрд ямагт араатны хаанчлал харагддаг.”

Н.А.Бердяев

Монголчууд угаасаа ямар нэг удирдагчийг хүсэн хүлээж, эрэн хайж байдаг. Удирдагчаа итгэл найдварын нүдээр харж, түүний маш халгаатай дутагдлыг хүртэл хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх аж. Удирдагчаа алдвал паникт орно. Сүргийн амьдралаас үлдсэн ийм инстинкт бидний дунд маш хүчтэй байдаг учраас “эцгийн буюу захирах гипнозид” амархан орж, харин “эхийн буюу аргадах гипнозид” хэр барагтай ордоггүй.

Өөрсдийн маань дундаас хэн нэгэн нь эзэн юм уу удирдагчаа эсэргүүцэх, үл хүндэтгэх байдал гаргавал нийтээр түүнд дургүйцнэ. Бүр үзэн яддаг хэмээн хэлж ч болно. Ийм хачирхалтай үзэгдлийн психологийн учир шалтгааныг Э.Фромм зэрэг психо-аналитикчид гаргасан юм. Төр гэдэг асар том хүчирхийллийн машины өмнө зогсож буй өчүүхэн хүмүүст хамгийн түрүүнд төрдөг сэтгэгдэл бол “бид эзэнтэйгээ зөрчилдлөө гээд хожих юм байхгүй, харин ч байдал улам бүр дордоно” гэсэн боолын психологи. Хэрэв тэдгээр боолын хэн нэгэн нь эзнийхээ олиггүй, тэнэг, бузар булайг мэдэх аваас эзэн төдийгүй бусад боол ч түүнийг үзэн яддаг. Учир нь тэр боол эзнийхээ бузар булай, тэнэг мунхгийг мэдсэнээрээ бусдыгаа тийм амьтанд захирагдаж байдаг арчаагүй хүмүүс болохыг илрүүлчхэж байгаа хэрэг. Иймд үлдсэн олонх нь тийм тэнэг, бузар амьтанд захирагдаж байгаагүй болох гээд түүн рүү довтолж гарна. Ингээд төрийг эсэргүүцэгч маань төрд фетишистээр хандагчийн нүүр царайг илчилж, нүүрийг нь улайлгаснаараа яалт ч үгүй дайсан нь болдог аж. Тэрээр бусдынхаа гаргаж чадаагүй зоригийг гаргаснаараа тэдний аймхай болохыг харуулжээ.

Төрийг шүтэгчдийн өөрсдийгөө зөвтгөх психологи нь их сонин. Галлюцинаци буюу өөрийгөө хуурах. “Эзэн маань биднээс хосгүй үзэсгэлэнтэй, ухаалаг юм чинь түүнд захирагдах нь зөв” гэсэн бодолтой байх нь тэдэнд амар байдаг бололтой. Төрд үг дуугүй захирагдаж, түүнийг хүлээн зөвшөөрснөөрөө өөрөө төрийн нэг хэсэг болж байна гэсэн бодолд автана. Ингэж хүчтэний нэг хэсэг болж авснаараа өөрийн аюулгүй байдлыг хэсэг хугацаанд ч болов хангаад авдаг. Ядахдаа л би энэ юмны чинь нэг хэсэг шүү дээ хэмээн өөрийгөө хуурахад амар байдаг байна. Энэ нь өөрөөр сэтгэгч байснаас хамаагүй амар оршихуй.

Бурхны л дараа орох, зарим үед түүнээс ч дээгүүр гарах төр хэмээгч зүйлийн тухайд өөрөөр сэтгэгч байх аюултай бөгөөд гунигтай. Өөрийгөө төдийгүй, ойр дотны хүмүүсээ ад үзэгдэхэд хүргэнэ. Үргэлж хүний эрх, эрх чөлөө гэсэн аюултай зүйл ярьж, тэрс үзэл гаргаснаараа бусдыгаа өөрөөсөө айж жийрхэн, уйдаж салахын түүс болгоно. Ингэж өөрийгөө олон түмнээс тусгаарлаж байхын оронд бодит байдалд бууж өгөн бусад боолынхоо эгнээнд орж, сэтгэл уужуу явах нь хамаагүй аюул багатай. Бусдын адил “Төрийн минь сүлд өршөө!” гээд л …

Үнэндээ диспотизм нь зурган дээр үзүүлсэн шиг айдас дээр тогтож (дэнжгэнэж) байдаг тул ихээхэн хэврэг тогтолцоо л доо. Тэр тусмаа дэлхий даяар ардчилал тархсан өнөөгийн нөхцөлд. Үүнийг орчин үеийн дэлхийн түүхэн дэх Иракийн Саддам Хусэйн, Ливийн Муммар Каддафи нарын жишээ харуулсан. Тэднийг эрх мэдэлтэй байхад хөл гарыг нь үнэсээд, явсан газраас нь адис аван, хамтдаа зургаа татуулснаа тэнгэрийн умдаг атгасан мэт үздэг байсан ард түмэн нь газарт  унангуут нь үсдэж өшигчөөд, зураг хөргийг нь нулимж, урж тасдаад … Энэ бол массын нөгөө л тогтворгүй, өөдгүй араншин.

Иракийн дарангуйлагч агсан Саддам Хуссейний унасан хөшөө болон Ливийн баригдаад буй удирдагч агсан М.Каддафи. Өчигдөрхөн шүтэж байсан дарангуйлагчийнхаа хөшөөн дээр бүжиглэж буй ард олон. Гарыг нь үнэсэж байсан удирдагчаа өнөөдөр дуртай нэгэн нь үсдэж аваад зодож байгаа нь.

Өнгөрсөн зуунд гэхэд монголчууд чанга гартай, коммунист хоёр удирдагчтай байв. Чойбалсан ба Цэдэнбал. Энд зарим хүн Цэдэнбалыг хатуу чанга дарангуйлагч байсан гэж үү хэмээн гайхаж болох юм. Энд хувь хүний зан чанарын талаар огт яриагүй. Тухайн хүнийг нийгэм-улс төрийн феномен болох талаас авч үзэх хэрэгтэй. Энэ утгаараа Цэдэнбал бол яах аргагүй тоталитари нийгмийн удирдагчдын сонгодог төлөөлөгч мөн.

Одоо Монголын хүн амын 70-80% нь энэ хоёр дарангуйлагчийг шүтэн биширч, жинхэнэ удирдагч байсан хэмээн үздэг. Зориудаар нүглийг нь мартагнаж, алан хядаж, тамлан яргалж, хэлмэгдүүлж байсныг нь аль болох сөхөхгүй байхыг хичээнэ. Хүмүүсийн олонх тэдний үйлдсэн нүглийг цагаатгаж, өмгөөлсөн үндэслэл гаргах гэж ядацгааж байгаа харагддаг.

Энэ хүмүүс ардчилсан тогтолцооны хүмүүнлэг шинжийг мэдчихээд ингэдэг л дээ. Хэрэв өнөөдөр дээрх хоёрт дургүй өөр нэг дарангуйлагч гарч ирээд Чойбалсан, Цэдэнбалыг талархагчдыг баривчлан, шорон гянданд хийгээд, тамлаж буудаад эхэлбэл энэхүү 70-80% хамгийн түрүүнд дээрх хоёроо харааж зүхэн, бузар булайг нь дуудацгаах байх даа.

Диспотизмд ингэж дасан зохицсон ард түмэн либертари үзлээс жийрхэх нь хэр буй заа.

Б.БАТЧУЛУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж