“Монгол, Хятадын 3 дахь удаагийн Экспо”-д Монгол Улсын төлөөлөгчдийг ахлан оролцож буй Шадар сайд Ө.Энхтүвшин хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Баймачилинтэй 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр ӨМӨЗО-ны Улаанцав хотноо уулзав.
Шадар сайд Ө.Энхтүвшин хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд дээд, өндөр түвшний айлчлалууд хэрэгжиж, хамтын ажиллагааны бүх салбарыг хамарсан олон чухал арга хэмжээг хамтран зохион байгуулж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай хөгжүүлж буй Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, үүний дотор худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг сайжруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болон уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын хэмжээ, нэр төрлийг өсгөх, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлэх, уул уурхайн бус салбар дахь хөрөнгө оруулалтыг илүүтэй дэмжих бодлогыг баримталж буйг онцлон тэмдэглэв.
Шадар сайд түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд ӨМӨЗО жинтэй хувь нэмэр оруулж буйг тэмдэглээд, цаашид худалдааг хөнгөвчлөх, тарифын бус хориг, саадыг багасгах,боомт, төмөр зам, авто замын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлэх санал дэвшүүлэв.
Баймачилан Хятад улс хөрш орнуудтайгаа найрсгаар харилцах, түншлэх бодлогын хүрээнд Монгол Улстай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийг зорьж буйг тэмдэглэж, хоёр улсын хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэх өргөн боломж байгааг онцлов.
Талууд Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд “Монгол, Хятадын Экспо” хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд гүйцэтгэж буй үүргийг өндрөөр үнэлэв.
Шадар сайд Ө.Энхтүвшин, БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Баймачилан тэргүүтэй хоёр талын төлөөлөгчид мөн өдөр “Монгол, Хятадын 3 дахь удаагийн Экспо”-д зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцож, Монгол-Хятадын соёлын солилцооны долоо хоногийн нээлтийн тоглолтыг үзэж сонирхов.
Эх сурвалж: ГХЯ