АНУ Лос Анжлес хотноо зохион байгуулагдсан Special Olympics World Games Los Angeles 2015 /Тусгай олимп/-д Монгол улс анх удаа 14 тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцсоноос ширээний теннисний төрөлд алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртлээ.
Тодруулбал, хосын төрөлд У.Нинжбадам, Э.Бодь-Эрдэнэ нар алт, ганцаарчилсан төрөлд У.Нинжбадам мөнгө, Б.Ерөөлт хүрэл медаль хүртжээ.
Тусгай олимп нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулж оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг нэгэн тэгш эрхтэй иргэн гэдгийг нийгэм, олон нийтэд таниулах зорилготой дэлхийн 170 гаруй улсын гишүүнчлэлтэй бөгөөд оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулан зуны болон өвлийн олимпыг хоёр жил тутам ээлжлэн зохион байгуулдаг. Манай улсын хувьд энэ жил анх удаа оролцож, өндөр амжилтыг үзүүлжээ.
Манай баг тамирчид жүдо бөх, ширээний теннис, хөнгөнатлетик төрлүүдээс нийт 11 медаль хүртсэн байна.
Үүнд:
Алтан медаль:
- Б.Мягмарсүрэн, Б.Энхмаа (хоёул жүдо бөх)
- У.Нинжбадам, Г.Бодь-Эрдэнэ (ширээний теннис, хос)
Мөнгөн медаль:
- Э.Тэмүүлэн, Ц.Мөнхбаяр(жүдо бөх, эрэгтэй)
- У.Нинжбадам (ширээний теннис, ганцаарчилсан)
- М.Даваажаргал (хөнгөнатлетик, 100 метр)
Хүрэл медаль:
- Б.Ерөөлт (ширээний теннис, ганцаарчилсан)
- Б.Тулга (бөөрөнцөг шидэлт)
- Б.Номин-Эрдэнэ, Ч.Дүүрэнжаргал (жүдо бөх) нар хүртжээ.
Тус олимпт оролцсон баг тамирчдыг АНУ-ын Лос Анжелесийн Монголчуудын холбооноос хүлээн авч, бүх талын дэмжлэг үзүүлж байсныг бидэнд мэдээллээ.
Ч.БОЛОР