Төрийн өндөр албан тушаал хашиж байсан, олон нийтийн дунд дуулиан тариад байсан зарим авлига, албан тушаалтнуудын хэрэг шүүхэд шилжжээ. Тухайлбал, ЖДҮ-тэй холбоотой асуудлаар Б.Батзоригт яллах дүгнэлт үйлдсэн хэрэг шүүхэд ирсэн талаар эх сурвалж мэдээлэв. Хэргийг сануулахад, өнгөрөгч онд Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүдэд хууль, журам зөрчин зээл олгосон гэх хэрэгт холбон яллагдагчаар татсан.
Ингэхдээ ХХААХҮ-ийн сайд 2018 онд А/141 дугаартай тушаал гаргаж, ЖДҮХС-гаас “MS Guamaral” брэндийн хувцас хөгжүүлэх төсөлд 50 сая, “Уран өв” хүүхдийн хувцас үйлдвэрлэх төсөлд мөн хэмжээний, “Газар шим” төсөлд дээрхтэй адил дүнтэй, “Эрчимжүүлсэн үнээний ферм” төсөлд 100 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн шалгаж буй.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.ЗОЛЖАРГАЛТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ АТГ ШАЛГАЖ ДУУСЧЭЭ
Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг яллагдагчаар татсан хэрэг харьяа дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирсэн ч хавтаст хэрэг дугаарлах зэрэг техник ажиллагаанаас болж мөрдөн байцаалтад буцсан байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар тун удахгүй хэргийг дахин шүүхэд шилжүүлэх юм байна. Хэргийг сануулахад, Н.Золжаргал нь банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдаж авсан болон хэлцэлтэй холбоотой асуудлаар шалгагдаж байгаа юм.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, эрхэлсэн комиссар Ч.Жаргалбаатар энэ оны гуравдугаар сард хэргийн явцын талаарх дараах мэдээллийг өгч байжээ. Тэрбээр “Н.Золжаргалтай холбоотой гурван багц асуудлыг шалгаж байна. Нэгдүгээрт, банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн үйлдэлд нь Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаар хэлэлцэж байгаа. Мөн Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдаж авсан асуудал бий. Дараачийнх нь хэлцэлтэй холбоотой асуудал. Бид Австри улс руу санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах, холбогдох нотлох баримт ирүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. Үүний үр дүнд тодорхой нотлох баримтууд бидэнд ирсэн. Хэргийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан шийдвэрлэхээр ажиллаж байна” хэмээн ярьж байжээ.
Д.ГАНТУЛГЫН ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖЛЭЭ
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 4-ний өдөр хүргүүлсэн бөгөөд одоогоор хурлын тов гараагүй байна.
Хэргийг эргэн сануулахад, Д.Гантулга өмнө нь иргэн Ч.Н гэх эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Хэрэг өнгөрсөн 2017 оны зургаадугаар сарын 12-нд үйлдэгдсэн. Үүнээс хойш жил гаруй хугацаанд шалгагдаад 2018 оны есдүгээр сарын 12-нд шүүх хурал болсон юм. Шүүх хурлаар зайлшгүй шалгах ёстой зарим зүйлийг шалгаагүй байна үндэслэлээр хэргийг буцаасан. Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байх явцад энэ оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын нэр дээр дахин гомдол ирсэн. Нийслэлийн прокурорын газраас гомдлыг хянаад гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байгаа учраас уг хэрэгт нь мөн яллагдагчаар татсан байдаг.
Э.АРИУН