Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Увс аймагт ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2015.08.03-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Увс аймагт ажиллажээ

Увс аймгийн Улаангом хотод баруун бүсийн таван аймгийн Засаг дарга Тамгын газрын 100 гаруй дарга нар "Цэрэг-стратегийн сургалт"-д хамрагдлаа.

Сургалтын нээлтэд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, хурандаа Ш.Энхбат, ЗХЖШ-ын газрын дарга, хурандаа М.Эрдэнэдалай нарын албаныхан ажилласан юм. Сумдын Тамгын газрын дарга нарын хувьд батлан хамгаалах салбарын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг  орон нутагт түгээх гол хөтөч нь болдог учраас тэдэнд сургалт зохион байгуулж буй нь энэ. Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газраас энэ жил орон нутагт бүсчилэн сургалт зохион байгуулж байгаа юм байна.

Энэ талаар Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр "Засгийн газрын тухай хууль болоод Дайчилгааны хуулийн дагуу стратегийн бэлтгэл сургуулилтыг холбогдох албан тушаалтнуудад  явуулдаг журамтай. Энэ жил төлөвлөгөөний дагуу аймгуудаа бүсчилж сумын Засаг даргын Тамгын газартай хамтран  зохион байгуулж байна. Батлан хамгаалах салбарт гарч байгаа хөгжил, шинэчлэлийг орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан ард иргэдэд хүргэх зорилготой сургалт" хэмээн онцолсон юм. Сургалтад оролцогчид болох Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Дашдорж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Эрдэнэ нар  "Бид  цэргийн тоо гаргахаас эхлээд , цэрэг татлагыг зохион байгуулах гээд ажил их байдаг. Энэ үүргээ амжилттай зохион байгуулж байна" гэв. Сургалтын үеэр зарим аймгийн Цэргийн штабын удирдлагуудад салбарын шагнал гардуулж, зарим сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарт бэлтгэл цол олгосон юм.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж