Хүүхдийн тэтгэмж өгөөгүй бол Зөрчлийн хуулиар торгодог

Хуучирсан мэдээ: 2019.09.06-нд нийтлэгдсэн

Хүүхдийн тэтгэмж өгөөгүй бол Зөрчлийн хуулиар торгодог

Хүүхдийн тэтгэмж өгөөгүй бол Зөрчлийн хуулиар торгодог

Би нөхрөөсөө салаад удаж байна. Нэг хүүхэдтэй. Шүүхийн шийдвэрээр эцэг нь хүүхдийн тэтгэлэг өгдөг байсан боловч сүүлийн үед янз бүрийн шалтаг тоочин мөнгөө өгөхгүй байна. Одоо ямар арга хэмжээ авах вэ?… Энэ бол олон мянган өрх толгойлсон эхчүүдэд тулгардаг нийтлэг асуудал. Олон нийтийн сүлжээнд хэн нэгэн эцгийн хариуцлага, хүүхдийн тэтгэмжийн тухай бичихэд доор нь дэмжсэн олон мянган сэтгэгдэл байгааг бид хардаг. Ихэнх нь өрх толгойлсон ээжүүд байх. Тиймээс энэ бол яах аргагүй нийгэмд тулгамдаж буй хөндөх сэдэв.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гэр бүлийн тухай хуулиар хүүхдийн тэтгэлэг төлөх хэмжээ, хугацааг зохицуулсан байдаг. Энэ хуулиар хүүхдийг 11-18 нас хүртэл тухайн бүс нутгийн амжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр, харин 0-11 нас хүртэл үүний 50 хувиар хүүхдээ тэжээн тэтгэнэ. Хугацааны хувьд тэтгэлгийг сар, жил, улирлаар, эсвэл бүхий л хугацааны турш нэг удаа мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр барагдуулна гэж заажээ.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар өрх толгойлсон эцэг, эхийн тоо 77 мянга болсон тухай Үндэсний статистикийн хороо мэдээлж байсан.

Жилд дунджаар 3000 гэр бүл салдаг гэсэн судалгаа бий.

Салсан гэр бүл 1-2 хүүхэдтэй байсан гэж бодоход 6000 хүүхэд хохирогч болон үлдэж байгаа юм. Үүний цаана өрх толгойлсон эмэгтэйчүүд хүүхдээ өсгөх, тэжээх, амьдралаа авч явах бүхий л асуудлыг нуруундаа үүрэх болдог. Мэдээж хэл ам татлалгүй хүүхдийнхээ тэтгэлгийг цаг хугацаанд нь төлөөд явж буй аавууд бий. Гэтэл салаад 10 гаруй жил болоход туслах бүү хэл хүүхэдтэй гэдгээ мартчихсан явах эцгүүд ч байна.

Нэгэн жишээ дурдахад, иргэн Б, Ц нар салаад 15 жил болж буй. Тэдний хүүхэд одоо есдүгээр анги, ээжтэйгээ амьдардаг. Өнгөрсөн хугацаанд аав нь сар бүрийн тэтгэлгийн мөнгөө нэг ч удаа төлж байгаагүй. Төрийн байгууллагад ажилладаг ээж нь болохоосоо болохгүй хүртэл ганцаараа зүтгэнэ. Хүүхэд өсөхийн хэрээр хэрэглээ нэмэгддэг. Хичээлийн хэрэглэл, сургалтын төлбөр, өвлийн хувцас хунар, төгсөх ангийн баяр гээд мөнгөний хэрэгцээ их. Энэ үед ээж нь хүүхдийнхээ аав руу ярьж мөнгө гуйна. Гэтэл мөнгө байхгүй гэх хоёрхон үгээр ам таглана. Аав нь ажил хийдэг, боломжийн амьдралтай. Хүүхэд аавтайгаа уулзах бүрт утас, копьютер гээд гоё сайхан зүйл амладаг хэдий ч өгдөггүй. Аавдаа итгэж хүлээх хүүхдийн сэтгэл хөөрхий. Ийм л хариуцлагагүй, сэтгэлгүй, ухамсаргүй аавуудын жишээ цөөнгүй.

Нийслэлийн хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхээс жилдээ тэтгэлэг албадан төлүүлэх 600-800 хүсэлт ирдэг байна. Ерөнхийдөө 4500-5000 хүүхдийн тэтгэлгийн баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа аж. Энэ бол зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирсэн хүсэлтийн тоо. Нэг шийдвэр гүйцэтгэгч дээр хүүхдийн тэтгэмжийн 200-гаад материал ногддог байна. Үүнээс хэчнээн хүсэлтийг шүүхийн шийдвэрийн гүйцэтэтгэлээр албадан төлүүлдэг талаар бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны дэд дарга С.Бямбарагчаагаас тодрууллаа.

-Танайхаас жилд хэчнээн хүүхдийн тэтгэмжийн хүсэлтийг албадан төлүүлдэг вэ?

-Жилд яг төчнөөн хүсэлт шийдвэрлэдэг гэж тогтооход хэцүү. Яагаад гэвэл албадан гүйцэтгэх ажиллагаа гэдэг өгдөг асуудлыг чиглүүлээд явдаг ажиллагаа биш байхгүй юу. Өгөхгүй байгааг өгдөг болгож байна. Албадан гүйцэтгэлээр тодорхой хугацаанд өгч байгаад дахиад өгөхгүй болчихдог. Мөн тэтгэмжийг бүтэн жилээр нь өгдөг хүн ч байна. Тэгэхээр энэ жилд яг төчнөөнийг өгдөг болголоо гэсэн тогтмол тоо гаргах боломжгүй. Үүнээс гадна шүүхийн шийдвэр бүгдээрээ манайд ирдэггүй. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжих шаардлагагүй, хоорондоо тохиролцоод төлөх тохиолдолд бас байдаг.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүсэлт гаргаад ч төлөхгүй байна, шийдвэр гүйцэтгэгчид ажлаа хийхгүй байна гэж ярьдаг. Ер нь албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахад ямар бэрхшээл тулгардаг вэ?

-Тэтгэлэг гэдэг бол хүүхдийн тухайн үеийн хэрэгцээнд зарцуулагдана гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хүүхэддээ өгч байгаа мөнгө шүү дээ. Түүнээс биш ээжид нь өгөөд байгаа юм биш. Тухайн ээж ч гэсэн өөртөө хэрэглэх гээд нэхээд байгаа асуудал биш шүү дээ. Манайд тэтгэмжийн асуудал хариуцсан 26 шийдвэр гүйцэтгэгч ажилладаг. Нэг хүнд 200-аад материал байна. Бид тэтгэмж төлүүлэхийн тулд хуульд заасан бүхий л арга хэрэглэдэг. Дансыг нь хаахаас эхлээд. Материал шалгахгүй үлдээх, хаях тохиолдол байхгүй. Ирсэн хүсэлт бүрийн араас явдаг. Гэхдээ тэтгэлэг төлүүлэхэд маш олон саад бэрхшээл байна. Ямар бэрхшээл тулгарч байгааг нийтэд зарлах тохиромжгүй.

-Хүүхэд 18 нас хүртэл тэтгэлэг өгөх ёстой гэлээ. Энэ хугацаанд төлөөгүй бол нөхөж төлүүлж болох уу, ер нь тэтгэлэг өгөөгүй тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

-18 нас хүрчихээр тэтгэлэг төлөхгүй болчихно гэсэн үг биш л дээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хугацаа дуусгавар боллоо гэж бодоход эргээд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуулийн 49-р зүйлд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаад төлөгдөөгүй хугацааны тэтгэлгийг нөхөн гаргуулах боломжтой. 18 жилийн хугацаанд нийт хэдэн төгрөг төлөхөөс хэчнээн нь төлөгдөөгүй вэ гэдгийг бодоод дээр нь алданги тооцоод явах юм. Би дээр хэлсэн шүү дээ. Бид хуульд заасны дагуу бүхий л арга хэмжээ авч ажилладаг.

Хуулийн заалтыг харвал, өмнө нь Эрүүгийн хуулийн 120-р зүйлд хүүхдийн тэтгэмжээс зайлсхийсэн бол эрүүгийн ял шийтгэл оноохоор тусад нь хуульчилсан байжээ. Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулинд хүүхдийн тэтгэлэг төлөөгүйтэй холбоотой хариуцлагын ямар нэгэн заалт алга. Харин Зөрчлийн тухай хуулийн 6.20-р зүйлийн 6-д.Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр тогтоосон сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ. Нийслэл хотод амжиргааны доод түвшин 217 мянган төгрөг байна. Үүнийг гурван сараар бодоход 650 мянган болно. Хуульд зааснаар уг мөнгөө төлөөгүй тохиолдолд нэмээд 100 мянган төгрөгөөр торгох аж. Гэтэл энэ хууль бодит амьдралтай нийцэж байгаа юу. Биелүүлдэг нь хэр байгаа бол. Олон жил тэтгэлэг төлөөгүй 4-5 сая болчихсон хүн зөрчлийн 100 мянгаа төлөөд л болчих юм шиг хардлага төрж байгаа юм. Өөрөөр хэлбэл торгуулиа төлөөд хүүхдийнхээ мөнгийг төлөхгүй яваад байх эцэг, эх байх вий. Энэ хуулиа эргэж нэг хармаар байгаа юм.

Ажилгүй, орлогогүй, архичин гээд тэтгэмж төлөхгүй байх шалтаг мундахгүй. Гэхдээ үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлага гэж байх ёстой. Хүүхэд гаргасан бол ажилгүй, орлогогүй, архичин байх эрх бидэнд үгүй. Тэднийхээ төлөө сүүлчийн амьсгалаа тасартал зүтгэх нь эцэг эх бидний үүрэг. Гэр бүл салж хүүхэд нэг шархлана. Хагас хайраар өсч, дутуу жаргал эдэлнэ. Ийм байхад та хүүхдээсээ талхын мөнгө харамлаад яана вэ…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
11
ХарамсалтайХарамсалтай
11
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж