Монголын улс төрийн ярианд хамгийн их дурдсансан ном бол Шарль Монтескьегийн 1748 онд хэвлүүлсэн “Хуулийн амин сүнс” (The Spirit of the Laws). Нэлээн зузаан энэ номын агуулгыг ерөнхийлбөл хуулийг хууль болгодог хамгийн чухал зарчим, механизм бол хуулийн амин сүнс юм. 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн амин сүнс бол парламентын тогтолцоо, түүний илрэл болсон эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл. УИХ-ын 62 гишүүнээс 2019.06.06-нд өргөн барьсан Үндсэн хуульд оруулан нэмэлт, өөрчлөлтийн төслийн амин сүнс юу вэ гэвэл хоёр багц заалтууд юм: нэг нь шүүхийг хараат бус, шударга болгох, нөгөө нь засгийн газрыг тогтвортой, хариуцлагатай болгох юм. Шүүхийн талаар өмнөх нийтлэлдээ авч үзсэн бол энэ нийтлэлээр Засгийн газартай холбоотой хамгийн чухал заалтуудыг авч үзнэ.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 57-оос доошгүй гишүүний саналаар гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлэх дараах заалтыг дэмжээд байна: Засгийн газрын өргөн мэдүүлсэн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхийг УИХ-д хориглох (25.1.7), Засгийн газрыг эмхлэн байгуулах журмыг сайжруулах (39.2, 39.3), кабинетын зарчмыг хангах (43.2), Ерөнхий сайдад итгэл үзүүлэх журам, түүний үр дагаврыг тодорхой болгох (44.1, 44.2). Гэвч Засгийн газрыг тогтвортой, үр нөлөөтэй болгох хамгийн чухал хоёр заалт дээр УИХ-ын гишүүдийн дийлэнх санал нэгдэж чадаагүйн улмаас хойшлоод байна. Хоёр заалтын нэг нь Ерөнхий сайд танхимаа өөрөө бие даан бүрдүүлэх, нөгөө нь Ерөнхий сайдыг огцруулах конструктив санал хураалт юм. Энэ хоёр заалт дээр нэлээн олон гишүүн эсрэг байр суурьтай гэдгээ илэрхийлсэн. Жишээлбэл, 2019.09.05-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх заалтыг 51 гишүүн дэмжсэн санал өгсөн. Өнөөдөр уг асуудлаар дахин санал хураахад энэ хэвээрээ байвал долоохон гишүүний санал дутсанаас болж энэ нэмэлт, өөрчлөлтийн амин сүнс үгүй болчих боломжтой байгаад санаа зовж байна.
Энэхүү нийтлэлд Засгийн газрын тогтворгүй, үр нөлөөгүй байдлыг тодорхойлж, үүнийг шийдвэрлэх гол арга зам бол Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх болон Ерөнхий сайдыг конструктив санал (эсхүл ядаж санкцтай туйлын олонхын санал) хураалтаар огцруулдаг байх заалтуудыг Үндсэн хуульд тусгах шаардлагатай гэдгийг харуулна. Энэхүү хоёр заалтыг дэмжиж батлахын ач холбогдлыг УИХ-ын эрхэм гишүүдийн сонорт хүрч, ард түмний элчийн хувьд нухацтай хандаж дараа эргэн харамсахааргүйгээр шийдвэр гаргаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.
Бидний хэсэг судлаачид “Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хянал, тэнцэл” (2015) гэсэн номыг хамтран бичсэн. Энэ багт миний бие засгийн газрыг байгуулах асуудлыг парламентын болон хагас ерөнхийлөгчийн засаглалтай 21 улсад хэрхэн зохицуулдаг талаар харьцуулж судалсан. Англи, Япон, Герман зэрэг ардчилал бэхэжсэн улсууд, мөн Польш, Чех, Эстон зэрэг ардчилал руу харьцангуй амжилттай шилжиж буй пост социалист улсуудыг хамруулсан юм. Энэ нийтлэл уг судалгаанд тулгуурласан болно.
МАНАЙ УЛСЫН ХАМГИЙН ТОМ АСУУДАЛ: ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТВОРГҮЙ, ҮР НӨЛӨӨГҮЙ БАЙДАЛ
Монголд гүйцэтгэх эрх мэдэл байгаа эсэх нь тодорхойгүй, эсхүл “засаглалын хямрал” бий болчихлоо гэж улс төрчид, судлаачид ярьдаг. Ийм яриа үүсэх дараах бодитой шалтгаан бий:
(1) Ерөнхий сайд өөрийнхөө танхимд хэн сайд болох вэ гэдгийг бие даан шийддэггүй. Ерөнхий сайд танхимынхаа гишүүнийг эхлээд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, дараа нь УИХ-аар нэг бүрчлэн хэлэлцэж зөвшөөрүүлдэг нь Ерөнхийлөгч, ялангуяа УИХ-аас хэт хамааралтай, түүний гишүүдэд “барьцаалагдсан” танхим бүрдэхэд хүргэдэг. УИХ дахь нам, фракцуудыг төлөөлсөн Засгийн газар бүрдэж, танхимын зарчмаар ажиллах боломжгүй болдог. Үүгээр зогсохгүй УИХ-ын гишүүд яамдын томилгоонд янз бүрийн захиа даалгавар өгч төрийн албыг улс төржүүлж тогтворгүй болгодог.
(2) Ерөнхий сайд танхимынхаа гишүүдэд бие даан хариуцлага тооцох боломжгүй. Ерөнхий сайд хариуцлага алдсан сайдаа огцруулах боломжгүй. Ерөнхий сайд сайдаа огцруулахын тулд заавал УИХ-аар оруулж шийдвэрлүүлнэ. УИХ дахь фракцуудын ашиг сонирхлыг хангаад байвал сайд нь Ерөнхий сайдынхаа үгийг “нохой хуцсан чинээ” тоохгүй байхад яах ч үгүй, огцрохгүй.
(3) Засгийн газрыг огцруулах эсэхийг УИХ-ын хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор шийдвэрлэдэг тул Засгийн газрыг амархан огцруулчихдаг. Ийм доогуур босгоор Ерөнхий сайдыг огцруулчхаад дараа нь шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг ярьдаг учраас Ерөнхий сайд болон Засгийн газар УИХ-ын гишүүдийн шаардлагаас хамаагүй зөрч болохгүй. УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зураад Засгийн газрыг огцруулах асуудлыг тавьдаг, эсхүл “тийм шийдвэр гаргахгүй бол, тэгж ингэж шийдэхгүй бол огцруулна шүү” гэж сүрдүүлдэг.
(4) Ерөнхий сайдын явуулах гэсэн бодлогын тодорхой асуудлаа УИХ-аар шийдвэрлүүлэх механизм сул. Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлээр Засгийн газар өөрт нь итгэл хүлээлгэж буй эсэхийг илэрхийлж өгөхийг УИХ-аас хүсэж болох ч үүнийг шийдвэрлэсэн эсэхээс үүдэн УИХ-д ямар нэгэн эрсдэл үүсдэггүй тул уг заалтыг Ерөнхий сайд нар 27 жилд нэг ч удаа ашиглаж үзээгүй.
Нэгэнт Ерөнхий сайд өөрөө багаа бүрдүүлж, Засгийн газар тогтвортой ажиллаж чаддаггүй учраас улс орны нийгэм, эдийн засгийн томоохон асуудлуудаа шийдвэрлэх бодлогыг боловсруулж тууштай хэрэгжүүлж чаддаггүй. Жишээ нь, уул уурхай, төмөр зам, хуулийн салбарын шинэчлэл гэх мэт ажил явдаггүй, эсхүл эхэлсэн ажлынхаа үр дүнг үзэж чадалгүй Засгийн газар огцордог. Энэ нь Ерөнхий сайдыг харьцангуй бие дааж ажиллаж хариуцлагаа үүрэх боломжийг хязгаарлаж байна.
Үүнээс үүдэн ардчилсан тогтолцооны нэр хүнд унасаар. Ардчилал гэдэг чинь асуудал шийдэх гэж ярьж хэлэлцэхээс цаашгүй, шийдвэр гаргасан ч түүнийгээ хэрэгжүүлдэггүй юм байна гэсэн ташаа ойлголт газар авах шинжтэй. Гүйцэтгэх эрх мэдэл сул байгаагаас үүдэн ардчилал чинь асуудлаа шийдэж чаддаггүй юм байна, үүний оронд Өмнөд Солонгос, Сингапур, одоогийн Казахстан шиг дарангуй дэглэмд шилжвэл хөгжинө гэх мэтийн яриа газар авч байгаа нь аюултай. Гэхдээ, иргэдийн дийлэнх ардчилсан дэглэмийг хамгийн чухал гэж итгэж буй нь судалгааны дүнгээс харагддаг.
Дэлхийд эдийн засгийн өрсөлдөх чадвараар тэргүүлдэг эхний 30 улсын гуравны хоёр нь парламентын тогтолцоотой. Авилга хамгийн багатай, хүний эрх, эрх чөлөөг хамгийн сайн хамгаалдаг, ардчилал төлөвшсөн эхний гучин улсын гуравны хоёр нь парламентын тогтолцоотой (2018 оны Global Competitiveness Index, Transparency International, Democracy Index, Freedom house зэрэг хөндлөнгийн судалгааны индексийг харна уу). Герман, Япон, Эстон зэрэг ийм улсууд байна. Эдгээр улс яаж нийгэм, эдийн засгийн асуудлаа шийдээд байна вэ гэвэл төр шиг төртэй буюу хариуцлага хүлээдэг засгийн газартай байдаг.
Иймд, 1992 оны Үндсэн хуулиараа сонгож 2000 онд бэхжүүлсэн парламентын тогтолцоо нь Монгол Улсыг тогтвортой хөгжүүлэх бүрэн потенциалтай бөгөөд үүнээс ямар нэгэн байдлаар ухрах ямар ч шаардлагагүй, харин ч улам бэхжүүлэх хэрэгтэй. Парламентын тогтолцоотой бөгөөд тогтвортой хөгжиж буй улсуудын жишгээр Монголд Засгийн газрыг амархан огцруулдаггүй болгох, төсвийн талаарх УИХ-ын бүрэн эрхийг хязгаарлах, Ерөнхий сайд кабинетаа бүрэлдүүлэх өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай. Ингэснээр, олонхын дэмжлэг авсан Ерөнхий сайд ачаагаа өөрөө үүрсэн шиг үүрээд хариуцлага аа хүлээх боломж өгнө. Ерөнхий сайдыг хэт хүчтэй болгоогүй, харин парламентын тогтолцоонд ямар эрх мэдэлтэй байдаг тэр хэмжээнд нь дөхүүлж байгаа юм. Гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлэхийн зэрэгцээ түүнд хяналт тавих олон механизм (Хянан шалгах түр хороо, шүүхийн хараат бус байдал, УИХ-ны чуулган хуралдах хугацааг уртасгах, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг хязгаарлах гэх мэт)-ыг 62 гишүүний төсөлд тусгагдаж эхнээсээ дэмжигдээд буй билээ.
ЕРӨНХИЙ САЙД ТАНХИМАА БҮРДҮҮЛЭХ НЬ ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛЫН МӨН ЧАНАР
Судалсан 21 улсаас Англи, Герман, Финланд, Япон, Чех, Польш, Эстон, Литва тэргүүтэй 18 улсад сайдыг томилох асуудлыг Ерөнхий сайд өөрөө мэдэж, хариуцлагаа үүрсэн шиг үүрдэг бөгөөд төрийн тэргүүн, эсхүл парламент хөндлөнгөөс оролцдоггүй. Мөн, Эдгээр улсын дийлэнхэд сайдыг огцруулах асуудлыг бие даан шийдвэрлэх эрх мэдлийг Ерөнхий сайдад өгсөн байдаг.
Харин, Монгол шиг Ерөнхий сайд нь танхимынхаа сайдыг томилуулах, огцруулахдаа парламентаас асуудаг улс гэвэл Словени, Болгар, Ирланд л байна. Словен, Болгарт гүйцэтгэх эрх мэдэл нь тийм ч үр нөлөөтэй, тогтвортой биш. Харин, Ирландын хувьд Британийн Засгийн газрыг бүрдүүлэхэд буюу улс орны бодлогыг хэрэгжүүлэх хүмүүсийг гаргахад Британийн Хааныг оролцуулахгүй байх үүднээс Ирландын иргэдийн төлөөлөл болсон парламент нь Засгийн газрын гишүүн нэг бүр дээр санал хураадаг болсон түүхэн шалтгаантай аж.
2015.11.06-нд УИХ-ийн 47 гишүүний өргөн баригдсан төсөлд төдийгүй 2019.06.06-нд 62 гишүүний өргөн барьсан төсөлд Ерөнхий сайд өөрийн танхимд хэн ажиллах, аль сайдад хариуцлага тооцох вэ гэдгийг өөрөө мэдэх заалт оржээ. 62 гишүүний төслийн 25.1.6-д зааснаар УИХ Засгийн газрын гишүүнийг томилох, өөрчлөх, огцруулах бүрэн эрхээсээ татгалзаж, үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн 39.4-т “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заахаар төсөлд тусгажээ. Энэхүү заалтыг баталбал дараах ач холбогдолтой:
- парламент хариуцлагыг Ерөнхий сайдтай ярь, сайд хариуцлага алдсан асуудлыг Ерөнхий сайд өөрөө шийд гэдэг парламентын тогтолцооны жишиг рүү очно.
- УИХ-ын олонхын дэмжсэн бодлогыг хамгийн сайнаар хэрэгжүүлэх танхим бүрдүүлэхгүй бол танхимаараа огцрох эрсдэлтэй тул Ерөнхий сайд тухайн салбарын бодлогыг хамгийн сайнаар авч явах хүнийг сонгож томилохыг хичээнэ.
- Зарим салбарын шинэчлэл тухайн салбарынхаа идээ бээрийг шахдаг, явцуу сонирхлууд сайдынхаа эсрэг “босч” ирдэг учраас ийм зэргийг зөв зүйтэй эрсдлийг үүрээд бодлогооо явуулах боломжийг Ерөнхий сайд сайддаа олгож, бамбай нь болох боломжтой болно. Тэгээд дөрвөн жилийн дараа үр дүн нь гарч үнэлэгдэх боломж бүрдэнэ.
- УИХ-ын гишүүдийн зүгээс Сайд нарт яам, төрийн албанд томилгоо хийх хийх явдал багасна. Төрийн албаны тогтвортой, мэргэжлийн байдлыг үүгээр дээшлүүлнэ.
- Ерөнхий сайд хариуцлага алдсан сайдаа хамгаалж үлдвэл Засгийн газар нь бүхэлдээ огцроход хүрэх учраас хувь сайдад хариуцлага тооцохоос өөр аргагүй байдалд ордог.
- Нэгэнт Ерөнхий сайдад багаа бүрдүүлэх болон төсвөө боловсруулж батлуулах эрх мэдлийг нь өгсөн учраас УИХ түүнээс хариуцлага нэхэх эрхтэй болно, гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтаа эрчимжүүлнэ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАЯ ГЭВЭЛ ЕРӨНХИЙ САЙДЫГ КОНСТРУКТИВ САНАЛААР ЭСХҮЛ САНКЦТАЙ ТУЙЛЫН ОЛОНХЫН САНАЛААР ОГЦРУУЛДАГ БОЛОХ ШААРДЛАГАТАЙ
Сүүлийн 27 жилд Монголд 14 Ерөнхий сайдтай байсан бөгөөд түүний бүрэн эрхийн дундаж хугацаа нь 1.8 жил байсан. Тиймээс, Монгол хамгийн тогтворгүй Засгийн газартай улсын тоонд багтдаг. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг ч Засгийн газарт итгэл үл үзүүлэх асуудлыг УИХ-ын хуралдаанд оролцож байгаа гишүүдийнхээ олонхи /ердийн олонхи/-ийн саналаар шийдвэрлэдэг нь Засгийн газрын тогтворгүй байх нэг шалтгаан болдог.
Парламентын болон хагас ерөнхийлөгчийн засаглалтай улсуудад Ерөнхий сайдыг огцруулахад ердийн олонхын, туйлын олонхын, контруктив санал хураалт гэсэн ялгаатай арга замыг Үндсэн хуулиудад тусгаж өгсөн байдаг. Судласан 21 улсын хувьд энэ нь ямар байгааг танилцуулья.
Ердийн олонх: Миний судалгаанд хамрагдсан 21 улсын арав нь 10 пост социалист улс бөгөөд эдгээр арван улсын 9 нь ерөнхий сайдыг огцруулахад ердийн олонхын санал хураалтыг хэрэглэхээс татгалзсан байна. Эдгээр 10 пост коммунист улсаас зөвхөн Монголд парламент Засгийн газарт итгэл үл үзүүлэх асуудлыг ердийн олонхоор шийддэг. Британи, Финлянд, Япон, Итали, Ирланд гэсэн таван улсад энэ асуудлыг ердийн олонхиор шийдвэрлэдэг ч эдгээр нь бүгд ардчилал төлөвшсөн улсууд. Британи, Финлянд, Ирланд бол маш урт хугацаанд ардчилсан дэглэмтэй байж, Засгийн газар тогтвортой байх соёл бүрдсэн газар. Японд Засгийн газар нь тийм ч тогтвортой биш боловч төрийн албан хаагчдын тогтвортой, мэргэшсэн байдал нь гүйцэтгэх эрх мэдлийг тогтворжуулдаг. Итали бол хамгийн тогтворгүй Засгийн газартай улс, Засгийн газрын дундаж нас нь 2.6 жил.
Туйлын олонх болон контруктив санал хураалт: Тогтвортой Засгийн газартай ихэнх улсад Засгийн газарт итгэл үл үзүүлэх асуудлыг ердийн олонхийн саналаар шийдвэрлэдэггүй. Судалсан 21 улсын 15 нь итгэл үзүүлэх асуудлыг ердийн олонхиор шийдэхээс татгалздаг. Швед, Португали, Бельги, Грек, Эстон, Словак, Чех, Румын, Литв, Болгар гэсэн 10 улсад Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн биш, парламентын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэдэг. Герман, Испани, Унгар, Польш, Словени гэсэн таван улсад конструктив санал хураалтаар шийдвэрлэдэг. Эдгээр улсад парламентын гишүүдийн туйлын олонхи Засгийн газарт итгэл үл үзүүлэхийг дэмжсэн байх төдийгүй дараагийн Ерөнхий сайдыг сонгосон тохиолдолд өмнөх Ерөнхий сайд огцордог. Ардчилал төлөвшсөн зургаан улс, пост социалист есөн улс бүгд итгэл үзүүлэх эсэх асуудлыг туйлын олонхи, эсхүл конструктив санал хураалтаар шийдэх замыг сонгожээ.
62 гишүүний Төслийн заалт: контруктив санал хураалт. 2015 оны 47 гишүүний төдийгүй одоо хэлэлцэгдэж буй 62 гишүүний төслийн аль алинд Ерөнхий сайдыг контруктив санал хураалтаар огцруулах заалтыг багтаасан нь эдгээр төслүүдийн үзэл баримтлалд бичсэн Засгийн газрын тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах зорилгод хүрэхэд хамгийн хэрэгтэй. Тодруулбал, 62 гишүүний төслийн 43.1-д дараах байдлаар үүнийг заасан: “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.” Энэ зохицуулалт Үндсэн хуульд орвол Засгийн газар илүү тогтвортой ажиллах боломж бүрдэнэ. Учир нь, тухайн Ерөнхий сайдыг огцруулах төдийгүй шинэ Ерөнхий сайдаар хэнийг томилох вэ гэдэг дээр УИХ-ын нийт гишүүний олонх санал нэгдсэн байх шаардлагатай. Ингэснээр “шалдар булдар” Ерөнхий сайдыг огцруулаад байдгийг хязгаарлахын зэрэгцээ үнэхээр хариуцлага алдсан бол түүнийг огцруулж орны хүнийг нь шууд томилдог болно. Мөн, Ерөнхий сайдыг огцруулчхаад шинээр томилохгүй олон хонож, эсхүл бүр хэдэн сар болж байсан шиг зүйл гарахгүй. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч ажиллах бараг шаардлагагүй болно.
Ж.Мөнхбат гишүүний шүүмж, санал: туйлын олонх. Төслийн 43.1-д буй контруктив саналыг баталбал Ерөнхий сайдыг огцруулж чадахгүй болно, мөн шинэ Ерөнхий сайдаар УИХ дахь олонхын биш хүнийг нэр дэвшүүлэх боломж бүрдэнэ хэмээн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүн нэлээн шүүмжлэлтэй хандаж байгаа. Уул нь, олон улсын туршлага болон дотоодын улс төрийн динамикыг харахад контруктив санал Ерөнхий сайдыг огцруулах боломжийг бүрэн хаахгүй. УИХ-ын нийт гишүүдийн олонх санал нэгдвэл Ерөнхий сайдыг өөр хүнээр солих боломжтой. Мөн, УИХ-ын нийт гишүүний олонход үүнийг шийдвэрлэж буй учраас дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг нь олонхын шийдвэрлэх асуудал. Ерөнхий сайдын томилоход санал өгсөн олонхын зарим гишүүн дараа нь уг Ерөнхий сайдад итгэл алдаж огцруулах санал өгч, цөөнхийн гишүүдийн санал нийлээд олонх болж чадвал шинэ ерөнхий сайдыг оронд нь хамтатган томилж болно. Одоогийн Үндсэн хуулийн зохицуулалт ч ийм боломж олгодог. УИХ дахь олонх гэдэг бол нам, эвсэл гэхээс илүү гишүүдийн олонх юм. Энэ нь парламентын ардчиллын нийтлэг жишиг ойлголт.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 62 гишүүний төслийн 43.1-д буй контруктив саналаас татгалзаад “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно” гэж томьёолох санал гаргаад байгаа. Энэхүү туйлын олонхын санал хураалт нь контруктив санал шиг биш юмаа гэхэд Ерөнхий сайдыг огцруулах тухай ердийн олонхын одоогийн зохицуулалтаас илүүтэйгээр Засгийн газрыг тогтвортой болгох боломжтой. Өнгөрсөн хугацаанд Н.Алтанхуяг ерөнхий сайд 36 гишүүний саналаар огцорч байсан бол Ж.Мөнхбат гишүүний томьёоллоор үүнийг хаах боломжтой. Гэвч, Н.Алтанхуягаас бус ерөнхий сайдыг орцруулсан санал дандаа 39-өөс илүү тооны гишүүнээр дэмжигдэж байсан гэдгийг бодож шийдвэрлэх хэрэгтэй.
Ж.Мөнхбат гишүүний томьёоллыг сайжруулах хэрэгцээ: санкцтай туйлын олонх. Ж.Мөнхбат гишүүний томьёолол яг энэ чигээрээ батлагдвал Ерөнхий сайдыг огцруулчхаад шинийг нь томилохгүй олон сар болох эрсдэл хэвээр үлдэнэ. Учир нь, Ерөнхий сайдыг нийт гишүүний олонхоор огцруулах ч шинэ Ерөнхий сайдыг томилох хугацаа байхгүй, томилохгүй байлаа гээд УИХ-д ямар ч хариуцлага хүлээхгүй болно. Тиймээс, Ж.Мөнхбат гишүүн өөрийнхөө томьёоллыг дараах байдлаар сайжруулах боломжийг үгүйсгэхгүй гэдгээ дэд ажлын хэсгийн гишүүд бидэнд хэлсэн: “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулсанд тооцно. Ерөнхий сайдыг ийнхүү огцруулсанд тооцсоноос хойш 14 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана.” Энэ томьёолол нь Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчтэй олон сар болох эрсдэлийг хаана. Гэхдээ, үүнээс болоод УИХ тараад байна гэсэн үг биш, харин 14 хоногтоо багтаад шинэ Ерөнхий сайдыг томилох үүргээ биелүүлнэ, үүндээ илүү хариуцлагатай хандах хөшүүрэг юм. Шинэ Ерөнхий сайдыг томилоход 14 хоног арай богино гэвэл үүнийг 21 болгож сунгаад ч заах боломжтой.
Ж.Мөнхбат гишүүний томьёоллыг сайжруулж “санкцтай туйлын олонх” болговол олон улсын сайн туршлагад нийцнэ. Жишээлбэл, 2011 онд Британид Парламентын бүрэн эрхийн хугацааг тогтоох тухай хуулийг баталж, парламентын бүрэн эрхийн хугацааг таван жил байхаар тогтоосон. Нийтийн танхим Засгийн газарт итгэл эс үзүүлэх тогтоолыг баталсан ч 14 хоногийн дотор шинээр томилогдсон Засгийн газарт итгэл үзүүлээгүй бол сонгуулийг зарлахаар тусгасан. Түүнчлэн, Парламент нийт гишүүний олонхоороо Засгийн газар буюу Ерөнхий сайдыг огцруулсан бол үүнээс хойш гурван өдрийн дотор Засгийн газрын саналаар парламентын сонгуулийг зарлах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргаж болохоор Эстоны Үндсэн хуулийн 97-д заасан нь Ерөнхий сайдыг огцруулснаас үүдэх хариуцлагыг парламент өөрөө хүлээх агуулгыг илэрхийлдэг.
Конструктив санал хураалт засгийн газрыг тогтвортой, үр нөлөөтэй болгодог тод жишээг Германаас харж болно. Конструктив санал хураалт Германы улс төрийн түүхэнд хоёрхон удаа явагдсан. 1972 оны Вилли Брантын эсрэг санал хураалт амжилтгүй, 1982 онд Хелмут Шмитийн эсрэг санал хураалт амжилттай болж түүнийг Хелмут Колиор сольсон байна. 1949-2014 он хүртэлх хугацаанд Герман улс найман Канцлер /Ерөнхий сайд/-тай, түүний бүрэн эрхийн дундаж хугацаа 8.1 жил байв. Түүнчлэн, пост социалист улсууд тодроо хамгийн тогтвортой Засгийн газартай гэж үзэж болох Словак, Эстон хоёрт туйлын олонхийн санал, Унгарт конструктив саналаар шийдвэрлэдэг. Засгийн газрын дундаж нас Словакт 4.2, Эстонд 3.1, Унгарт 3.1 жил байна.
“ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛ”-ААСАА ГАРАХГҮЙ БОЛ ДАРАНГУЙ ДЭГЛЭМ РҮҮ ЯВАХ МАГАДЛАЛТАЙ
Засаглалын хямрал гэж нэрлэгдсэн Засгийн газартай холбоотой асуудлыг шийдэж 62 гишүүний төслийн 39.4, 25.1.6, 43.1-ийг баталж чадахгүй бол илүү ч эмгэнэлтэй байдалд хүрч мэднэ. УИХ-ын 19 гишүүн нийлээд Засгийн газрыг ердийн олонхоо огцруулдаг, Ерөнхий сайд танхимаа ч бүрдүүлж чаддаггүй байдал нь гүйцэтгэх эрх мэдлийг тогтворгүй, хүчгүй, хариуцлага хүлээх боломжгүй болгож байна. Энэ бол зөвхөн Монголд үүссэн нөхцөл байдал биш, дэлхийн бусад улс орны түүхэнд олон удаа гарч байсан үзэгдэл. Францад 1878-1940 онд байсан III Бүгд найрамдах улс /БНУ/, 1946-1958 онд байсан IV БНУ-ын үед Засгийн газар нь маш тогтворгүй, дунджаар есөн сар ажиллаад огцордог байв. Тиймээс, Францын Засгийн газар үр нөлөөтэй арга хэмжээ авахгүй байсаар нацистуудад тусгаар тогтнолоо алдсан байдаг. Германд нацист дэглэмээс өмнө Ваймерын БНУ гэж байсан. Энэ улсад мөн л Францын БНУ шиг тогтворгүй Засгийн газрууд байв. Учир нь, Засгийн газрын гишүүн бүр парламентын итгэлийг хүлээсэн байх, хүлээгээгүй гишүүн огцрох заалтууд Үндсэн хуульд нь байсан. Үүний хажуугаар Дэлхийн I дайнд ялагдаад ард түмэн нь өөрсдөдөө итгэх итгэлээ алдчихсан, инфляци өссөн, эдийн засаг нь хүнд байсан. Энэ мэтээс болж ардчиллын нэр хүнд унаж, Германчууд ардчиллын дайснуудыг сонгож парламентын олонхи болгосон байдаг. Нацистууд анхандаа ардчиллын замаар эрх мэдэлд гарч ирсэн ч дараа нь Үндсэн хуулийн үйлчлэлийг зогсоож дарангуйллын тогтолцоонд шилжсэн нь дэлхий дахинд аймшигтай үр дагаврыг авчирсан.
Монголд “засаглалын хямрал”-тай байна гэж яриад байгаа нэг шалтгаан нь одоогийн гүйцэтгэх эрх мэдлийн бэхжээгүй байдал юм. Гүйцэтгэх эрх мэдлийн тогтворгүй, үр нөлөөгүй, тарамдсан байдлаа шийдвэрлэж чадахгүй бол Францын IV БНУ шиг тусгаар тогтнолоо алдахгүй гэх баталгаа байхгүй. Хүчтэй гар хэрэгтэй гэсэн яриа одоогийн эрчээр газар авбал Ваймерын БНУ шиг дарангуйлагчийг төрүүлж, ардчилал, хүний эрх, хуулийн засаглалаа ч алдах магадлалтай. Үндсэн хуулийг боловсронгуй болгох хэлэлцүүлэг өрнөж байгаа нь сайн ч үүнийг мэргэжлийн түвшинд үндэслэлтэй шийдвэрлэх хэрэгтэй. Тиймээс, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд улс төрчид хойч үеэ бодож, хариуцлагатай хандаасай гэж хүсэх байна. Гэхдээ, зөвхөн улстөрчдөд найдаад орхиж болохгүй. Бид өөрсдийн болон үр хойчийнхоо үндсэн эрх, эрх чөлөөний баталгаа, ардчилсан нийгмийнхээ суурь болсон Үндсэн хуулийн хувь заяанд ямагт анхаарал хандуулж, аливаа нэмэлт өөрчлөлтөөр үндсэн хуульт ардчиллыг бэхжүүлэх гэж байна уу, дордуулах гэж байна уу гэдэгт сэрэмжтэй байх иргэний үүрэгтэй.
МУИС, Хууль зүйн сургуулийн профессор, доктор (LL.D.),
Ажлын дэд хэсгийн гишүүн
О.Мөнхсайхан
2019.09.06
Холбоотой мэдээ