Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр эрчим хүчний салбарын томоохон үйлдвэр компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг Шивээ-Овоо, Багануурт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт ажилалаа.
Уулын тээвэр, олборлолтыг боловсронгуй болгоно
Шивээ-Овоогийн нүүрсний уурхай нь 1992 онд ашиглалтад орсон. Жиллдээ 2 сая тонн эрчим хүчний нүүрс олборлох хүчин чадалтай тус уурхай нь өнгөрсөн хугацаанд ДЦС-4 болон төмөр зам дагуух аймаг орон нутгийн томоохон хэрэглэгчдэд нүүрсээ нийлүүлж иржээ. Шивээ-Овоо ТӨХК өнгөрсөн онд 2 сая 140 тонн нүүрс олборлосон бол, 2015 онд 2,1 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Харамсалтай нь энэ жилийн төлөвлөгөө тасрах шинжтэй болоод байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Отгонбаатар хэлж байлаа. Учир нь өнгөрсөн өвөл харьцангуй дулаахан өвөл болсон учраас ДЦС-ууд нүүрс татан авах хэмжээгээ бууруулсан. Одоо станцууд дээр нэлээд хэмжээний нүүрсний үлдэдэл байгаа учраас нэмж нүүрс татах нь шатах эрсдэл үүсгэж байгаатай холбоотой гэнэ. Нөгөө талаар Амгалангийн ДЦС энэ оны 2 дугаар улиралд ашиглалтад орно гэж тооцож 250 мянган тонн нүүрс нэмж олборлохоор төлөвлөсөн боловч татан аваагүй учраас төлөвлөгөөний биелэлтэд сөргөөр нөлөөлжээ. Үлдэж байгаа хугацаанд 716 мянган шоо метр хөрс хуулж чадвал 783 мянган тонн нүүрс олборлох нөөц бүрдэнэ гэнэ. Үүнийг ханган биелүүлэхийн тулд техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал, засвар үйлчилгээг хангахад ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө дутагдаж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Отгонбаатар хэлж байлаа. Үүний шалтгааныг нэг тонн нүүрсийг 22.645 төгрөгийн зардал гаргаж олборлоод 20.500 төгрөгөөр борлуулж, тонн тутмаас 2150 төгрөгийн алдагдал хүлээж байгаатай холбон тайлбарлалаа.
Дээр нь өр авлага ихээхэн дарамж болж байгаа гэнэ. Тус компанийн нийт авлагын 80 гаруй хувь нь ДЦС-4 ТӨХК-нд ногдож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 7.4 тэрбум төгрөгт хүрээд байгаа ажээ. Сүүлийн үед ДЦС-4-ийн удирдлагууд өмнөх оны хуримтлагдсан өрийг өгөхгүй гэх болсон нь байдлыг улам хүндрүүлж байгаа гэнэ. Энэ тал дээр ЭХЯ-ны зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэхийг уурхайн удирдлагууд хүсч байлаа. Хэдийгээр Шивээ-Овоо ТӨХК-ний санхүү эдийн засгийн байдал хүнд байгаа ч 2011 онд татварт 2,6 тэрбум төгрөг төлж байсан бол 2015 он гэхэд 6.0 тэрбум төгрөг болж нэмэгджээ.
Цаашид Шивээ-Овоо ТӨХК нь уулын тээвэр олборлолтыг хөдөлгөөнт дамжуулан ачих эксковаторын системд шилжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнд нийтдээ 54.0 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай юм байна.Үүний 85 хувийг Польшийн банк гаргая гэсэн санал дэвшүүлсэн байна. Эргээд манайхаас гаргах 15 хувийн хөрөнгө оруулалтыг хаанаас гаргах нь тодорхойгүй байгаа гэнэ.
Чойр дэд станцыг өргөтгөх шаардлагатай
Эрчим хүчний сайд Д.Зоригт Говьсүмбэр аймагт ажиллахдаа Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ХК –ний Чойр дахь салбарын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Цахилгаан дамжуулах Чойр дэд станцаар орж өвөлжилтийн бэлэн байдал, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний байдалтай танилцлаа. Чойр дэд станц нь Багануур дэд станцаас 220 кв-ын нэг хэлхээт 178 км агаарын шугамаар 1984 онд холбогдож, төвийн эрчим хүчний нэгдсэн системд нийлсэн байна. Сүүлийн жилүүдэд говийн бүсүүдэд уул уурхайн үйлдвэрлэл эрчимжсэнээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, тус дэд станцын ачаалал чинээндээ тулчихаад байгаа юм байна. Иймд энд дахин 220 кв-ын агаарын шугам татаж, дэд станцын хүчин чадлыг дарга Ц.Баярбаатар хэлж байлаа.
Нэмэлт хувьцааны орлогоор хөрөнгө оруулалтаа шийдэж болно
Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж, энэ оны хоёрдугаар сарын 8 -ны өдөр 100 сая дахь тонн нүүрсээ олборлосон Багануур ХК-ний өвөлжилтийн бэлтгэл ажилтай Эрчим хүчний сайд Д.Зоригт танилцлаа.
Багануур ХК-ийн нүүрсний ордын хэмжээ нь 12 км урт, 4 км өргөн, нийт 3250 га талбайтай бөгөөд баталгаажсан нөөц нь 584 сая тонн юм байна. Цаашид 900 сая тонн хүртэлх нөөцтэй байх магадлалтай ажээ. Үндсэн давхрагын гуравны нэг хувь нь усанд автсан учраас жил бүр 4.2 сая шоо метр ус зайлуулж байгаа нь зардалд ихээхэн нөлөөлж байгаа гэнэ. Уурхайн гүний хэмжээ жил бүр 3-4 метрээр доошилж, одоо гүн нь 120 метрт хүрээд байна. Одоо жилдээ 3.8 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ажиллаж байна.
Цаашдаа 2016-2020 онд хүчин чадлаа 10.0 сая тонн-д хүргэж өргөтгөхийн тулд 399 тэрбум төгрөгийн төсөл боловсруулаад байгаа ажээ. Энэ төслийн хүрээнд мөн уулын тээвэр олборлолтыг хөдөлгөөнт дамжуулан ачих эксковаторын системд шилжүүлэх бөгөөд шаардлагатай санхүүжилтийн 85 хувийг Польш, Германы банк гаргахаар болсон гэнэ.
Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажил ердөө 22 хувьтай байгаа ажээ. Үүнийг тус компанийн захирал М.Отгонбаяр олон хүчин зүйлтэй холбон тайлбарлав. Юуны өмнө оны эхний байдлаар ДЦС-ууд 61.8 мянган тонн нүүрс дутуу авсан. Ирэх 8-9 дүгээр саруудад бас багасгах санал тавиад байгаа. Тэгсэн мөртөө өвлийн ид ачааллын үед нөхөж авна гээд байдаг. Гэтэл тэр их хэмжээнийн нүүрсийг тээвэрлэхэд нэмж 900 вагон хэрэгтэй болно. Ийм их ачааллыг УБТЗ даахгүй. Дээр нь нүүрсний өртгөөс болж 6.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, ДЦС-уудын өр төлбөрөөс болж 18.0 тэрбум төгрөгийн авлагатай болоод байна. Дээр нь өвөлжилтийн бэлтгэлийг хангахын тулд 18.1 тэрбум төгрөг, үүнээс нэн яаралтай эксковаторын засварт 7.0 тэрбум төгрөг шаардлагатай байдаг. Энэ бүхнийг зохицуулахын тулд шаардлагатай бүх зүйлийг хийж байгаа боловч зарим тохиолдолд хүчин мөхөсдөж байгаа тухайгаа Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр хэлж байлаа.
Нэг тонн нүүрс олборлохын тулд нэг тонн ус шахан гаргаж, 5 шоо метр хөрс шороо хуулж байна. Гэтэл нэг кг нүүрсийг 26 төгрөгөөр борлуулж байхад нэг хайрцаг шүдэнз 50 төгрөгөөр, нэг ширхэг гялгар уутыг 100 төгрөгөөр борлуулж байгаатай харьцуулахад үнэхээр бага үнэ юм. Ингэж тонн тутмаас 2 мянга гаруй төгрөгийн алдагдал хүлээж байгаа нь компанийн эдийн засгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна. Гэтэл дээр нь урт богино хугацааны өр зээл 91.1 тэрбум төгрөгт хүрээд байдаг гээд тулгамдсан олон асуудал Багануур ХК-д хуримтлагджээ.
Гэлээ ч уурхайн хэвийн үйл ажиллагааг хангах, техник технологийн шинэчлэл хийх, эдийн засгийн үр ашигийг дээшлүүэх талаар чамгүй ажлыг хийж байгаа ажээ. Тус компани нь 2012 оноос хойш олборлолотоо 600 мянган тонноор нэмэгдүүлжээ. 2012 онд 9.6 тэрбум төгрөгийн, 2013 онд 6.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол 2015 онд 4.0 тэрбум төгрөг болж бууруулжээ. Түүнчлэн 2012 онд татварт 9.0 тэрбум төгрөг оруулдаг байсан бол 2015 онд 18.0 тэрбум төгрөг болж нэг дахин нэмэгдүүлжээ. Гэсэн ч одоогийн байдлаар татвар, нийгмийн даатгалын шимтгэлд 4.0 тэрбум төгрөгийн өртэй байгаа ажээ. Хамгийн гол нь татварын байгууллагууд хэтэрхий хатуурхаж, аж ахуйн үйл ажиллагаанд саад тээг болж байгаа нь цаг үеийн ажилд сөргөөр нөлөөлж байна гэж холбогдох хүмүүс хэллээ. Тухайлбал өнгөрсөн онд гэхэд л Багануур ТӨХК-ний харилцах дансыг татварын байгууллагуудаас 108 хоног хаажээ. Энэ онд ч гэсэн чамгүй хугацаагаар хаасан байна. Үүнээс болж наад зах цалин нь хөлс тавихаас эхлээд шатах тослох материал авах, техник тоног төхөөрөмжийн засвар тоног төхөөрөмж авах гээд өдөр тутмын ажил саатаж, аж ахуйн орлого тэр хэмжээгээр буурч байгааг анхааралдаа авч шийдвэрлэх талаар туслалцаа үзүүлэхийг Эрчим хүчний сайдаас хүслээ.
Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ “Саяхан УИХ-аас Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталж, Эрчим хүчний тухай болон Сэргээдэх эрчим хүчний тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр эрчим салбарын эрх зүйн орчин боловсронгуй болж, цаашид зах зээлийн зарчимд шилжин ажиллах нөхцөл бүрдэнэ. Өнгөрсөн оноос эхэлж цахилгаан эрчим хүчний үнийг 4 удаа өөрчлөөд байна. Цаашдаа Багануур ТӨХК-ний нүүрсний үнэд өөрчлөлт оруулна. Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлж байгаагаар тарифийн өөрчлөлтөөр танай компанид 4.0 тэрбум төгрөгийн орлого нэмэгдэхээр байна. Цаашдаа Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу төрийн өмчийн хувьцаат компаний оролцоог 51 хувь хүртэл бууруулж, үлдэж байгаа хэсгийг нээлттэй зарахаар болсон. Энэ орлогыг бүхэлд нь компанид нь үлдээхээр шийдвэрлэсэн учраас энэ үүсвэрээр хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэнэ. Цаашдаа энэ удаагийн томилолтоор ажилласан асуудлаар ЭХЯ-наас тодорхой төлөвлөгөө гаргаж, Засгийн газар, Хөгжлийн банкинд хандаж шийдвэр гаргах талаар ажиллана” гэв.
Багануурын дулааны станцын ойд оролцов
Орон нутагт албан томилолтоор ажиллах үеэрээ Эрчим хүчний сайд Д.Зоригт Багануурын дулааны станц ТӨХК-ний 50 жилийн ойд зориулсан баяр наадамд оролцож, баяр хүргэж үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ “Багануурын Дулааны станц” нь Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн галуутайн хөндийд нээгдсэн Багануурын нүүрсний уурхайг дулааны эрчим хүчээр хангах зорилгоор 1980 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Төвийн уурын зуух” нэртэйгээр Багануурын нүүрсний уурхайн харъяанд анх байгуулагдаж байхдаа цагт 25 тн ханасан уур үйлдвэрлэх хүчин чадалтай байжээ. Улмаар шат дараалан өргөтгөл хийгдсэнээр 1989 он гэхэд 300 мянган Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ.
Өнгөрсөн хугацаанд тус станц нь хуулийн этгээдийн хувьд хэд хэдэн удаа өөрчлөгдөж байсан бөгөөд хамгийн сүүлд Төрийн өмчийн хорооны 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаар тогтоолоор Төрийн өмчит хувьцаат компани болсон байна.
“Багануурын Дулааны станц” ТӨХК нь түүхэн хөгжлийнхөө 35 жилийн хугацаанд зөвхөн Багануурын нүүрсний уурхайн хэрэгцээг төдийгүй Багануур дүүргийн нийт хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангаж ирснийг талархан тэмдэглэж байна.
Удахгүй Багануурын уурхайг түшиглэн 700 мвт-ын хүчин чадалтай ДЦС баригдана. Энэ бол Багануурын Дулааны станц ТӨХК-ийн хувьд шинэ дэвшил, шинэ боломжийг авчрах нь тодорхой. Өнөөдөр эрчим хүчний салбарын хөгжил дэвшил нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн түлхүүр, үндэсний аюулгүй байдлын чухал хүчин зүйл болж байна. Саяхан УИХ-аас Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталж, бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр эрчим хүчний салбарын ойрын болон хэтийн зорилтуудыг тодорхой болгож, зах зээлийн зарчимд нийцсэн эрчим хүчний үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох нөхцөл бүрдлээ. Үүний үр дүнг манай салбарын нийт хамт олон удахгүй мэдрэх болно. Эрхэм хүндэт та бүхэнд хэрэглэгчээ дээдэлж, хүний хөгжлийн дэвшилтэт технологид түшиглэн үр ашигтай үйлдвэрлэл явуулж, стандартын шаардлага хангасан дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах эрхэм зорилгоо амжилттай биелүүлэхийг хүсч, баярын мэндчилгээ дахин дэвшүүлж эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэв.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригтыг хөдөө орон нутагт ажиллахад Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Бассайхан, Эрчим хүчний яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн П.Жаргалсайхан, Эрчим хүчний яамны БХЗГ-ын ахлах мэргэжилтэн Н.Ууганчимэг, “Эрдэнэс МГЛ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын ажлын алба хариуцсан захирал Ч.Отгочулуу, “ЦДҮС” ТӨХК-ийн тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Ц.Жаргалсайхан нарын албаны хүмүүс дагалдав.
Г.ЭНХБААТАР