Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 1

Хуучирсан мэдээ: 2019.09.06-нд нийтлэгдсэн

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 1

Манай сайт өмнө нь Философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Философийн булан”, “Либертари булан”-гуудыг эрхлэн гаргаж байсан билээ. Энэ удаа түүний 15 цуврал өгүүллийг тавих гэж байна. Доктор Б.Батчулуун энэ нийтлэлүүддээ Монгол дахь либертари үзэлд учирч буй саад, бэрхшээлийг философи, нийгмийн психологийн үүднээс задлан шинжилж буй тул өмнө нь эрхлэн гаргаж байсан “Философи” болон “Либертари” булангуудын үргэлжлэл хэмээн ойлгож болно. 7 хоног бүрийн Даваа, Баасан гаригт нийтлэгдэх өгүүллүүдийг таалан соёрхоно уу.


(БИД ФЕТИШИСТҮҮД БУЮУ ТӨРИЙГ ШҮТЭЭНЧИЛДЭГ ҮНДЭСТЭН)

Нэг талаас, төрийг өөртөө үйлчлүүлэхийн тулд өөрөө бий болгосноо мэддэг, нөгөө талаас, төр гэдэг зүйлийг өөрөөсөө хамаагүй дээгүүр оршдог, ер бусын хүчтэй, eminent domain (бүхнийг мэддэг) зүйл хэмээн тахин шүтдэг үндэстнүүдийн төрд хандах хандлага тэс өөр байх аж.

Нэг дэх үндэстэн нь төрийг бидний мөнгөн дээр оршдог, бидний зөвшөөрлөөр гарч ирсэн зүйл, надад байгаагаас илүү эрх төрд байх ёсгүй, төр намайг хамгаалж, надад үйлчлэх ёстой гэж үзэх тул төрөөс эс айх бөгөөд түүнд шаардлага тавьж, хяналтдаа байлгадаг. Харин хоёр дахь үндэстэн төрийг бараг Бурхантай энэ зэрэгцэхүйц, зарим тохиолдолд Бурхнаас ч дээгүүр орших, бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч зүйл хэмээн үзэн айн биширч, түүнд сөгдөн мөргөх байдлаар хандана.

Монголчууд хоёр дахь төрлийн үндэстэн. Ө.х. төрийг шүтэгч, төрд фетишистээр ханддаг үндэстэн. Монгол хүн бүрийн мэддэг, хүлээн зөвшөөрдөг хэлц үг бол “Төрийн сүлд өршөө!”. Уг нь шүтүүлээд буй төр, төрийнхөн, төрийн шүтээд нь дандаа хулгай, луйврын сэтгэхүйтэй, эвдэрсэн зан суртахуунтай юмнууд байдаг, эсвэл төрд очихоороо тийм болчихдог нь хууль. Төрд очсон хэн ч байсан бүгд энэ хуулинд захирагддагыг Я.Буркхард, Лорд Актон, Ф.Бастиа гэх мэт сэтгэгчид мөн ч олон удаа, үнэхээрийн ойлгомжтой хэлсэн байдаг.

АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч А.Линкольнийн баримал. Энд “Бурхан лугаа төр” хэмээн бичжээ.

Чингисийн үеийн абсолют, Манжийн колоничлогч, Богдын теократ, Чойбалсангийн диктатурт, Цэдэнбалын тоталитари, 1990 оноос хойших ардчилсан нэртэй бүх төрийн аль нь ч байсан хамаагүй “Төрийн сүлд өршөө!” гэцгээнэ. Нэгэн гэмгүй жишээ татъя. Нэлээд хэдэн жилийн өмнө юм даа. Өнөөгийн сумогийн их аварга Асашёри Дагвадоржийн аав, заан Долгорсүрэн гуайтай нэгэн сурвалжлагч ярилцлага хийжээ. Тэр үед хүү Дагвадорж нь их аварга болох уу, үгүй юү гэсэн шийдвэрлэх барилдаан хийх гэж байж. Сурвалжлагч асууж байна аа:

  • “Хүүгийнхээ тэр шийдвэрлэх барилдааны өмнө танд юу бодогдож байв аа?”

Мань эр хариулж байх юм:

  • “Ёстой юу ч бодогдоогүй. Би зүгээр л саарал ордноо бодоод Төрийн минь сүлд өршөө! гэж залбираад байлаа” гэж.

Тэр шийдвэрлэх барилдаанд хувь хүний авьяас чадвар, хичээл зүтгэл, бэлтгэл сургуулилт хамгийн гол нөлөө үзүүлсэн юм байгаа биз дээ. Түүнээс биш Японд болж буй барилдаанд хэдэн луйврын сэтгэхүйтэй юмнууд суусан саарал байшин ямар хамаа байнаа. Монголчууд ер нь төрийн ачаар л бороо хур их орж, өвс ногоо сайхан гарч, тариа, ногооны их ургац авч байгаа мэтээр сэтгэдэг.

Ингэж тахиулж шүтүүлсэн төр нь шүтэн бишрэгсдийнхээ бүх зүйлийг мэдэж эхэлнэ. Хэрхэн ажиллаж, амьдрахыг зааж зааварлана. Бараг л хоолоо хэрхэн хийх, өмдөө хэрхэн товчлохыг заана даа. Улмаар иргэд өөрсдийнхөө амьдралыг төрөөс түрээслээд авчихсан аятай болно. Яг айлын хажуу өрөөнд суугаа хүн шиг юу ч хийсэн төрөөс зөвшөөрөл авч байх ёстой болдог.

“Төрийг шүтнэ гэдэг бол хүчирхийллийг шүтнэ гэсэн үг.” 

Людвиг фон Мизэс

Хувь хүнийг яагаад төрөөс дээгүүр буюу төрөөс өмнө тавих ёстой юм бэ гэсэн асуулт гарах юм бол либертари үзэлтнүүд дараах хоёр үндэслэл дэвшүүлдэг: ёс суртахууны болон эдийн засгийн гэсэн хоёр үндэслэл. Ёс суртахууны үндэслэл: төрийнхөн төрдөө очихын тулд хувь хүмүүсийг өдөр шөнөгүй, гэрт гадаагүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гуйж гувшдаг. Ө.х. хувь хүмүүс тэднийг ажилд авсан байх нь. Эдийн засгийн үндэслэл: тэдний өндөр үнэ, зардалтай амьдралын мөнгийг хувь хүмүүс гаргадаг. Гадаад дотоод “зугаалга”, өөрийнх нь болон гэр бүлийнх нь хүмүүсийн эмчилгээ, байр авах мөнгө, утас, унааны хөнгөлөлт, элдэв хүлээн авалт, найр цэнгэлийн зардал гээд.

Монголчуудын зарим нь төрд хандах энэ хандлагаа хүндэтгэл хэмээн нэрийдэх сонстдог. Бид төрийг хүндэлдэг биш, шүтдэг ард түмэн. Хүндэтгэлийн үед хүн хэзээ ч өөрийгөө гаргуунд гаргадаггүй, мартдаггүй. Харин төрд хандах бидний хандлага шүтээнчлэл. Шүтээнчлэл  бол сохор, муйхар, харанхуй хандлага. Шүтээнчилж буй үед иргэн өөрийгөө төрийн өмнө юу ч биш хэмээн үзэж, өөрийгөө золигт гарган төрийг өөрийнхөө хувьд юу ч хийхийг хүлээн зөвшөөрдөг.

Төрийг ингэж шүтээнчилдэг ард түмний хувьд төр нь Бурхантай дүйх зүйл. Зарим хүний хувьд Бурхнаас дээгүүр ч оршдог байх. Бурхны тухай ярих үед “бүхнийг чаддаг” (omnipotent), “бүхнийг мэддэг” (omniscient) гэсэн хоёр атрибут шинжийн тухай ярьдаг. Фетишистүүдийн хувьд төр яг ийм шинжүүдтэй. Сүсэгтэй хүмүүс сүмд очоод гарахад нэг л сайхан болчихдог доо. Бурхандаа хамаг зүйлээ даатгаад, түүнтэй “харьцаж” зовлон жаргалаа тоочсоны дараа сэтгэл нь хөнгөрчихдөг шиг төрдөө хамаг зүйлээ тоочин, ивээл гуйсны дараа горьдлого, найдвар төрдөг шиг байгаа юм.

Тэгэхээр бид түүх, өв уламжлал, өнөөгийн ёс заншлаараа төрд фетишистээр ханддаг ард түмэн тул төрийн үнэн нүүр царайг харуулж, шүүмжилдэг либертари үзлийг нэг л хачин жигтэй үзэл мэтээр үздэг.

Б.БАТЧУЛУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж