Нийтийн тээврийн цахим карттай холбоотой гомдол, саналыг авч байна. Тухайлбал, “Улаанбаатар смарт компани” дэргэдээ “Иргэдэд үйлчлэх төв”-ийг байгуулсан. Энэ төв Улаанбаатар шилэн банкны гурван давхарт байрлах юм. Иргэдийн хувьд уг төвөөр үйлчлүүлэхээс гадна 78 11 12 89 утсаар холбогдох боломжтой аж. Тус төвд доорх асуулт нийтлэг ирж байна.
-Хөнгөлөлттэй зорчих картыг хаанаас авах вэ?
–Иргэд картыг өөрт ойрхон автобусны буудал дээрх ТҮЦ-ээс авна. Цэгүүдийг https://www.google.com/maps эндээс харна уу.
-Буухдаа картаа уншуулахад нэмж мөнгө хасагдах уу?
-Буухдаа уншуулахад мөнгө хасагдахгүй.
-Буухдаа картаа уншуулах нь ямар учиртай вэ?
-Одоогоор зөвхөн тухайн иргэний автобусанд суусан, буусан цагийг илтгэхийн тулд буухад картыг уншуулж байна. Удахгүй урамшууллын систем нэвтэрч эхэлнэ. Тухайлбал, 30 минутад сэлгэн суухад үнэгүй. Тиймээс иргэд дамжин суухдаа урамшуулал эдлэхийг хүсч байгаа бол буухдаа картаа уншуулах хэрэгтэй юм. Гэхдээ энэ урамшуулал ирэх 15-наас хэрэгжиж эхэлнэ.
-Картаа хаявал яах вэ?
-Халамжийн иргэдийн хувьд хороонд хандаж болно. Харин энгийн иргэдийн хувьд ямар нэг бүртгэлгүй учраас ямар ч боломжгүй. Олсон хүний олз болохоос өөр аргагүй.
Б.ЗАЯА