ХҮҮХДҮҮД: Томчууд бидний дуу хоолойг сонсдоггүй

Хуучирсан мэдээ: 2019.09.23-нд нийтлэгдсэн

ХҮҮХДҮҮД: Томчууд бидний дуу хоолойг сонсдоггүй

ХҮҮХДҮҮД: Томчууд бидний дуу хоолойг сонсдоггүй

Монголчууд хүүхдийн эрхийн тухай жилд ганц удаа л санадаг. Тэр бол эх үрсийн баяр. Жил бүрийн зургадугаар сарын 1-нд эрх баригчид, төрийн байгууллагууд, уран бүтээлчид гээд хүн бүр “Хүүхдийн төлөө за гэж хэлье”, “Бид хүүхдэдээ хайртай”, “Тэдний эрхийг хамгаална” гэхчлэн хоосон худал уриа ярьсаар өдгөө энэ үг улиг болсон гэхэд хилсдэхгүй. Гэтэл хүүхдийн эрх өдөр бүр зөрчигдөж байдаг. Гэр, сургууль, нийтийн тээвэр үйлчилгээний байгууллага гэх мэт бүхий л орчинд эрхийн асуудал яригдаж буй.

Тэдэнд ухаалаг утас, брэндийн хувцас, амттанаас илүү үзэл бодлыг нь сонсч, хүсэл зоригийг нь ойлгох, томчуудын тусламж дэмжлэг чухал. Хүүхдийг бие хүн биш хүүхэд л гэж хардаг ташаа ойлголтоос болж Монголын ирээдүй болсон залуу үеийн дуу хоолой боогдмол байна. Хүүхдийн эрх хаана, ямар орчинд илүүтэй хөндөгдөж буй талаар тэдний байр суурийг сонирхлоо.

ЭЦЭГ ЭХТЭЙГЭЭ НЭЭЛТТЭЙ ХАРИЛЦАЖ ЧАДДАГГҮЙ

Ахлах ангийн сурагч Б.ЭНХ-АМГАЛАН: 

-Манай улсад хүүхдийн эрхийг хамгаалах асуудал тийм ч хангалттай бус. Хэдийгээр эцэг эхчүүд маань бидэнтэй ярилцдаг ч заримдаа завгүй гэх шалтгаанаар бидний дуу хоолойг сонсдоггүй. Эцэг эхээс гадна нийгмийн хандлага маш буруу санагддаг. Хүүхэд гэхээр л юу ч хийж, шийдэж чадахгүй юм шиг ханддаг. Тийм болохоор ирээдүй үе болсон бид энэ хандлагыг өөрчилж чадна.

Ахлах ангийн сурагч Г.ЛХАМ: 

-Эцэг эхтэйгээ ярилцдаг ч мэргэжил сонголт, найзуудтайгаа уулзах асуудал дээр үл ойлголцдог. Миний сонирхож буй зүйл, хүсэл, мөрөөдөл, сонирхлын тухай сонссоныхоо дараа зөвлөж ярилцдаг. Гэхдээ эцэг эхтэйгээ илэн далангүй ярилцдаггүй. Яагаад гэвэл тэд дараа нь хэлсэн үг, сонирхлыг минь сөргүүлэн загнах хандлага гаргадаг. Монголд хүүхдийн эрхийг тийм ч их дээдэлдэггүй. Нийгмээрээ л хүүхэд гэхээр л шийдвэр гаргаж чадахгүй, жаахан учраас юу ч мэддэггүй гэж хараад дээрэлхэх хандлага гардаг. Ялангуяа үйлчилгээний байгууллагуудад хүүхэд гэхээр л хулхидаж болох юм шигээр л хандаж байна. Энэ бүхэнд л хүүхдүүд бидний эрх зөрчигддөг. Гэтэл Монголоос бусад орнуудад хүүхдийн хүсэл сонирхлыг сонсч дээдэлдэг, эрхийг нь илүү хамгаалдаг л санагддаг.

Ахлах ангийн сурагч О.НОМИНТЭНГИС: 

-Эцэг эхтэйгээ ярилцдаг, тэд миний үгийг сайн сонсдог болохоор харилцаанд ямар ч асуудал үүсдэггүй. Зарим тохиолдолд ярилцмаар санагдсан үед завгүй байна гээд үл ойшоодог. Багш нар болохоор дараа нь хэл гэж хойшлуулдаг. Ер нь томчууд бидний дуу хоолойг сонсдоггүй, үл ойшоох хандлага гаргана.

Ахлах ангийн сурагч Г.БУЯНХИШИГ: 

-Хүүхдийн эрх нийтийн тээвэрт хамгийн их зөрчигддөг. Ахмад настнууд болон ахимаг насны хүмүүс залуу үетэйгээ харилцахдаа өөрсдөө үлгэр дууриалал үзүүлдэггүй, маш дээрэлхүү ханддаг. Заримдаа өөрийнх нь хүүхэд надаас илүү юм шиг  аашилдаг нь таалагддаггүй. Автобус хүчтэй тоормослоход санамсаргүй хүүхдэд нь хүрэх төдийд л элдвээр загнаж, дээрэлхэх хүмүүс их байдаг болохоор би нийтийн тээврээр үйлчлүүлдэггүй, гэр сургууль руугаа алхдаг болсон. Бид автобусаар үйлчлүүлэхдээ сууж болохгүй юм байна бас зогсоод ч явж болохгүй бололтой. Бас зарим багш нар хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж харьцдаг нь таалагддаггүй. Амьдралын боломж тааруу хүүхдэд бүр ч анхаарлаа хандуулахгүй тоохгүй орхих ч тал бий. Бас орон сууцны хорооллууд дунд тоглоомын талбай байдаггүй. Энэ мэтээр хүүхдүүд бидний эрхийг эцэг эхчүүдээс илүү нийгэм нь илүү зөрчдөг л санагддаг. Тийм болохоор монголд амьдрах их хэцүү. Гэхдээ би Монгол Улсын ирээдүй учраас энэ бүх гажуудлыг засна гэж боддог.

Хүүхдийн эрхийг хамгаалах бүлгэмийн гишүүн Г.МЯГМАРСҮРЭН:  

-Би хүүхдийн эрхийг хамгаалагч төлөөлөгчдийн бүлгэмээ төлөөлөн олон улсын хуралд оролцсон. Хурлаар Монголд хүүхдийн эрхийг хамгаалагч хүүхдүүдэд тулгамдсан асуудал дэлхийн нийтийн хэмжээнд ч бас тулгамдсан асуудал байдгийг олж анзаарсан. Дэлхийн хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал монгол хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал нь ижилхэн. Манай улсаас ялгаатай нь Засгийн газраас нь хүний эрхийг хамгаалагч хүүхдүүдээ хамгаалаад дэмждэг. Франц, Турк, Гвиней улсуудын жишээг сонсоод атаархах сэтгэгдэл төрсөн.

Монголд хүүхдийн эрх хамгаалагдаж чаддаггүй. Хүний эрхийн хамгаалагч хүүхдүүдэд томчуудаас дарамт шахалт ирж амьдрахад хэцүү болж байсан тохиолдол их бий. Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцд нэгдсэнээрээ хүүхдийн эрхийг хамгаална гэсэн амлалтыг дэлхий нийтэд өгдөг. Энэ үүргээ биелүүлж буй хамгийн том үүрэг нь хүүхдийн эрхийг хамгаалагчдыг хамгаалах юм. Хүүхдийн эрхийг хамгаалагчдын тогтолцоо нь сул болохоор өөрийгөө өмөөрч хамгаалж хэлэх үг үзэл бодлоо илэрхийлэх асуудал маш эмзэг байдаг.

Эцэг эхтэйгээ санал нийлэхгүй, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх гэхэд л том хүний өөдөөс үг хэллээ гэх хандлага гаргадаг нь хүүхдүүд бидний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчсөн асуудал. Яагаад гэвэл, хүүхэд гэхээр л шийдвэр гаргаж чадахгүй хүмүүс гэж боддог. Хүүхэд өөрөөсөө өөр хэний ч өмнө үүрэг хүлээхгүй. Тийм болохоор хүүхдэд өгөх хүний эрхийн мэдээлэл ямар дутмаг байгаа нь харагдаж байгаа юм гэлээ.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ дуу хоолой, үзэл бодлыг сонсч чаддаг эсэх талаар эцэг эхчүүдийн төлөөллөөс сэтгэгдлийг нь сонсов.

ХҮҮХДЭЭ БУСДААС ӨМӨӨРДӨГ АТЛАА ТЭДНИЙГЭЭ СОНСОХГҮЙ, ГАНЦААРДУУЛЖ БАЙНА

Иргэн Р.ГЭРЭЛМАА: 

-Би ганц хүүтэй. Тиймээс хүүтэйгээ ярилцдаг.  Одоо хүү маань эхнэртэй болсон. Бага байхаасаа одоог хүртэл бид хоёр ярилцдаг. Сүүлийн үед хүүхдийн эрх зөрчигдөж байх шиг санагддаг. Тээж төрүүлсэн хүүхдээ хаяж байгаа нь эцэг эхийн хариуцлагаас гадна хүүхдийн эрхийг зөрчиж байгаа л асуудал шүү дээ. Монголд хүүхдийн эрх зөрчигдөж буй нь тэдний эрхийг хамгаалах байгууллагуудаас гадна эцэг эхчүүдийн боловсролоос шууд шалтгаалж байна. Архидан согтуурч хүүхдээ гудамжинд хаяж байгаа нь хувь хүний ухамсраас шалтгаалж байна  гэж боддог.

Иргэн н.УНДРАХ:

-Би багш мэргэжилтэй болохоор хүүхэдтэйгээ цаг үргэлж ярилцдаг. Надад хүүхдээ сонсоход цаг зав гарахгүй гэх шалтгаан байхгүй. Манай ууган хүүхэд Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх анги. Өсвөр насны хүүхэд болохоор бие организмын шалтгаанаас болж зарим үед ууртай байдаг. Зарим үед эмоцио барьж чаддаггүй.  Бие хүн болж төлөвшихдөө тархи нь хойноосоо урагш хөгжиж байгаа үед сэтгэл хөдлөлөө барьж дийлдэггүй. Үүнийг физиологийн асуудалтай нь холбож ойлгодог болохоор аль болох хүүхдээ ойлгож, дэмжихийг боддог.

Би хүүхдээ үргэлж сонсдог. Хичээлийнх нь тухай, юуг сонирхож байна гэдгийг нь асууж, хүүхдийнхээ сонсч буй дуу, сонирхол бүхнийг нь бас сонирхохыг л хичээдэг. Учир нь пионерын үеийн биднээс шал өөр залуу үеийнхэн ирсэн байна шүү дээ. Багш хүний зүгээс харахад эцэг эхчүүд хүүхдийнхээ дуу хоолойг сонсох тал дээр нийтээрээ хов жив сонсдог болчихож.

Сургуулийн тухай ярихад багш нарыгаа муулах, хүүхдээ өмөөрөх зэрэг хүүхдийн хүмүүжилд маш буруу үлгэр дууриалал үзүүлж байна. Хүүхдээ их өмөөрдөг атал тэднийгээ ойлгодоггүй үл ойлголцдог, хүүхдүүдийг харахад их ганцаардсан санагдах юм. Гэтэл хүүхдүүдтэй, оюутнуудтай ярилцахад асуудал үүсдэггүй, маш хурдан ойлголцдог. Ялангуяа багш нар өсвөр үеийн сэтгэлзүйчтэй хамтран ажиллах хэрэгтэй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж