Хонгконгчуудын тэмцэл үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.06-нд нийтлэгдсэн

Хонгконгчуудын тэмцэл үргэлжилнэ

Хонгконгчуудын тэмцэл үргэлжилнэ

Анх эх газрын Хятад руу хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцэн жагсч эхэлсэн хонгконгчуудын тэмцэл гурван сар үргэлжилж байна. Энэ хугацаанд маш олон хүнд хэцүү сорилтуудтай тулгарсан ч тэд бууж өгсөнгүй. Тэдний тууштай тэмцэл үр үнгээ өгч Хонгконгийн удирдагч Керри Лам маргаан дагуулсан хуулийн төслөө эргүүлэн татаж байгаагаа зарлав. Гэвч энэ шийдвэр тэмцэгчдийн уур хилэнг дарж чадсангүй бололтой.  Учир нь Хятад руу хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийг буцаах нь тэдний тавьсан үндсэн таван шаардлагын нэг нь юм.

Тэмцэгчид Керри Ламын шийдвэрийг дэндүү хожимдсон бас хангалтгүй гэж дүгнээд бүх шаардалагыг биелүүлтэл жагсаал цуглаан цаашид үргэлжлэх болно гэдгийг мэдэгдэв.

ТЭДНИЙ ТАВЬСАН ТАВАН ҮНДСЭН ШААРДЛАГА:

  • Жагсаал цуглааны үеэр жагсагчдад хүч хэрэглэсэн цагдаагийн ажилтнуудад эрүү үүсгэн шалгах
  • Баривчлагдсан жагсагчдыг суллах
  • Эсэргүүцлийн жагсаал цуглааныг “үймээн самуун” гэсэн ангилалд хамруулахаа болих
  • Хятад руу хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийг эргүүлэн татах
  • Бүх нийтийн сонгууль явуулахыг хүлээн зөвшөөрөх

-БНХАУ-ын засгийн газар Керри Ламын шийдвэрийг ойлгон, хүндэтгэж, дэмжсэн гэв-

Харин Хонгконгийн эрх баригчид эдгээр таван үндсэн шаардлагын дөнгөж нэгийг нь л биелүүлээд байгаа юм. Хонгконгийн удирдагч Керри Лам  хуулийн төслөө эргүүлэн татах болсноо мэдэгдэхдээ Хятадын талаас түүний шийдвэрийг үйлгож, хүндэтгэсэн гэсэн утгатай зйүлс ярьжээ.

Тэрбээр “Хуулийн төслийг эргүүлэн татах асуудлыг нэг мөр шийдвэрлэх үйл явцад БНХАУ-ын Ардын төв засгийн газраас миний шийдвэрийг бүрэн ойлгож, хүндэтгэн, бүхий л талаар дэмжсэн. Бид цаашид нийгэмд амгалан тайван байдлыг авчрах шийдлийг олохын төлөө ажиллах болно” хэмээн хэлсэн байна.

Хонгконгод болж буй эсэргүүцлийн давалгааны гол шалтгаан болсон, БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөнд сэжиглэгдэж буй этгээд болон эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг Хонгконгоос эх газрын Хятад руу шилжүүлэх тухай хуулийн төслийг өмнө нь олон нийтийн шахалтын улмаас хэлэлцүүлэхээ зогсоогоод байв.

Энэ хуулийг батлавал Хонгконгийн хүний эрхийн төлөөх тэмцэгчид эх газрын Хятадад очин дарамт шахалтан дор ял эдлэн, хүний эрх эрх чөлөөг боогдуулсан явдал газар авна гэж үзсэн хонгконгчууд гурван сарын туршид эсэргүүцлээ илэрхийлэн, улмаар энэ ажиллагаа нь сүүлийн үед эмх замбараагүй байдалд шилжих болсон юм.

-Тэмцэгчид Ангела Меркелээс тусламж хүсэв-

Германы Канцлер Ангела Меркель БНХАУ-д айлчилж байна. Түүний энэхүү гурван өдрийн айлчлал магадгүй хамгийн хүнд хэцүү айчлалуудан нэг байх болов уу. Худалдааны дайн, Хонгконгчуудын эсэргүүцэл тэмцэл гээд Хятад улс маш эмзэг байхад тэрбээр айлчилж байна. Ангела Меркель бол Хонгконгийн эсэргүүцлийн жагсаал цуглаан эхэлснээс хойш тус улсад айлчилж буй барууны хамгийн нөлөөтэй удирдагч болж байна. Тиймээс Хонгконгийн тэмцлийн удирдагч Жошуа Вонг Ангела Меркельд захидал илгээн тусламж хүссэн байна. Тус захидалд Ангела Меркелийг бага ч гэсэн цаг гаргаж, Хонгконгийн жагсагчидтай уулзан тэдний дуу хоолойг сонсохыг хүссэн байна. Харин Меркелийн төлөөлөгч жагсагчидтай уулзахын тулд айлчлалын хөтөлбөрийг өөрчлөх боломжгүйг мэдэгджээ.

Ангела Меркелийн хэлснээр Герман бол Хятадтай стратегийн түнш болохоос, өрсөлдөгчид биш. Германы хувьд Хятад улс бол Франц, АНУ-ын дараа орох гурав дахь том зах зээл. 2018 оны байдлаар хоёр улсын худалдаан эргэлт 200 тэрбум орчим евротой тэнцсэн. Тиймээс Ангела Меркель Хонгконг болон Хятадын эрх баригчдын хооронд үүсээд буй дотоод асуудалд оролцож худалдааны гол түнштэйгээ муудалцахыг бодохгүй  байх гэж ажиглагчид дүгнэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж