УИХ-ын хүсэлтийн дагуу Цэцийн хуралдааныг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2019.09.06-нд нийтлэгдсэн

УИХ-ын хүсэлтийн дагуу Цэцийн хуралдааныг хойшлуулав

УИХ-ын хүсэлтийн дагуу Цэцийн хуралдааныг хойшлуулав

НЭМЭЛТ

Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг болон Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоосон, мөн зардлын хэмжээг баталсан Улсын Их Хурлын 2019 оны 22, 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Их суудлын хуралдааныг Улсын Их Хурлын хүсэлтийн дагуу хойшлуулаа.
Уг хүсэлтэд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэж дуусах хүртэл уг хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн байна. Иймд Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх хуралдааны товыг дараа зарлахаар шийдвэрлэв гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.


УИХ-ын хамгийн залуу гишүүн өөрийн хүсэлтээр гишүүнээсээ татгалзсанаас хойш жил гаруй хугацаа өнгөрч буй. Энэ хугацаанд Хэнтий аймгийн 42-р тойргийн 12 мянган сонгогч өнөөдрийг хүртэл УИХ-д төлөөлөлгүй явж буй. Өнгөрсөн хугацаанд 42-р тойргийн нөхөн сонгуулийг зохион байгуулахыг хүссэн нэг хэсэг байхад хүссэн дүр эсгэж, нөхөн сонгууль зохион байгуулахыг хэсэг бүлэг ч байв. Нөхөн сонгууль зохион байгуулах ажил эхлэх бүрт Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж, нөхөн сонгуулийг хойшлуулсаар өдийг хүрсэн. Хамгийн сүүлд Цэц өнгөрсөн зургадугаар сард нөхөн сонгууль зохион байгуулахаар Сонгуулийн ерөнхий хороо ажилдаа орсон ч УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн, нөхөн сонгууль товлосон УИХ-ын тогтоолууд Үндсэн хууль зөрчсөн гэх маргааныг дөрвөн иргэн гаргасан юм.

Цэцийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн “ Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол, 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоол нь  Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчөөгүй гэж үзсэн байна. Харин УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох УИХ-ын 22-р тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм.

Гэвч Цэцийн уг шийдвэрийг УИХ хүлээж аваагүй. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, УИХ-ын  сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 22 дугаар тогтоол, мөн тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх дүгнэлтийг УИХ хэлэлцээд, хүлээн зөвшөөрөх боломжгүй  гэсэн.  Тиймээс Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх их суудлын хуралдааныг товложээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж