МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор Д.Гангабаатартай Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг УИХ-аар хэлэлцүүлэгдэж байна. Ялангуяа шүүхийн хараат бус байдалтай холбоотой заалтууд маргаан дагуулж байна. Хэлэлцүүлгийн явцад шүүхийн хараат бус байдлыг хангах заалтууд унах, хасагдах нөхцөл үүсч байна гэж зарим судлаачид дүгнэж байх шиг байна?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол ард түмэн үнэт зүйлсийг хамгаалах тухай асуудал. Улс төрчдийн эрх ашгийн төлөөх зөвшилцөл, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнөөр шийдэх асуудал биш. Тиймээс шүүхийн хараат бус байдлыг хангахад чиглэсэн чухал заалтыг хасах, унагах улс төрч байхгүй байх гэсэн хүлээлттэй энэ процессыг ажиглаж байна.
-Ялангуяа Ерөнхийлөгч шүүгчийг болон бусад хуулийн байгууллагын удирдлагыг дангаараа шахуу томилдог байдал нь шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангаж чадахгүй байна гэж үзэж, энэ удаад өөрчлөлт оруулж байгаа. Гэвч хэлэлцүүлгийн явцад нөхцөл байдал өөрчлөгдөөд байна уу гэж хараад байна?
-Шүүх институцийн хувьд гүйцэтгэх эрх мэдлээс хараат бус байх нь эрх мэдлийн тэнцвэртэй хуваарилалтын цөм нь байгаа юм. Шүүгчийг албадах, айлган сүрдүүлэх, шагнаж урамшуулах гээд зүй бус нөлөөлөл олон бий. Одоо цагт эрхтэн дархтнууд шүүгчийн амь насанд нь заналхийлж, айлган сүрдүүлэх замаар бус томилох, чөлөөлөх, цалин хасах, алс хязгаар нутагт шилжүүлэн цөлөх зэрэг аргаар шүүгчдийг өөрсдийн эрхшээлд байлгахыг оролдох болсон. Манай шүүхийн тогтолцоо ч ийм гажиг байсан. Гүйцэтгэх эрх мэдэл, бизнесийнхэн, хувь этгээдүүд, улс төрчид болон нийгмийн бусад зүй бус нөлөөллөөс шүүгчийг хамгаалах нь Үндсэн хуулийн үүрэг. Өнгөрсөн цаг үеийн бүх асуудлын бурууг Үндсэн хууль руу чихэж, түүнээсээ улс төрийн хонжоо хайж шинэ Үндсэн хууль гэж ярих хүмүүс байгаа.
Үндсэн хууль батлагдсан цагаас хойших нийгмийн бүх завхрал, улс төрчдийн ёс бус үйлдлийн буруутан нь Үндсэн хууль биш.
Харин шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд улс төрчид нөлөөлөх боломжийг хууль, эрх зүйн хүрээнд хязгаарлах тухай асуудал бол Үндсэн хуулийн асуудал мөн. Тиймээс шүүх эрх мэдэлд, гүйцэтгэх эрх мэдэлд улс төрчдөөс нөлөөлдөг асуудлыг шийдвэрлэх нь энэ нэмэлт, өөрчлөлтийн гол зорилго байх ёстой. Үүнийг хийж чадахгүй бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нэр төдийн зүйл болно.
-Үүнийг энэ удаагийн өөрчлөлтөөр засахын тулд шүүгч нарыг шүүгч нар дотроосоо шүүгчээ томилох, олон нийтийн хяналтыг бий болгох гэсэн чухал заалт байнгын хороогоор бол дэмжигдсэн байгаа?
-Шүүхийн бие даасан байдлыг хангах нэг үндсэн нөхцөл нь шүүгчийн томилгоо юм. Шүүгчийг олж, сонгон шалгаруулдаг Шүүхийн ерөнхий зөвлөл хэт цөөн гишүүнтэй байх нь нөлөөнд автах эрсдэл бий болгосон. Нэг субьект Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилдог байдал нь энэ эрсдэлийг улам нэмэгдүүлсэн. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог 10 болгох, таван гишүүнийг нь шүүгчид дотроосоо сонгох, үлдсэн гишүүдийг нээлттэй нэр дэвшүүлж томилохтой холбоотой заалтууд дэмжигдвэл шүүхийн хараат бус байдлыг тогтооход чухал нэмэр оруулна. Үндсэн хуулийн Цэцийг нэг хүний томилгооноос хараат болгохоос сэргийлэх зорилгоор УИХ, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнд нэр дэвшүүлдэг сайн жишиг манай Үндсэн хуульд байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн дээр иймэрхүү олон талт төлөөллийг хангасан зохицуулалтыг оруулж ирэх шаардлага байна. 1982 оны Шүүхийн бие даасан байдлын доод стандартад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд шүүгчдийн төлөөллийг оруулах, мөн улс төрийн нөлөөллийг багасгах талаар тусгасан. Үндсэн хуулийн эрх зүй дэх сүүлийн үеийн нэг чиг хандлага бол шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүрэг, бүрэлдэхүүн, гишүүдийн томилгооны талаар Үндсэн хуульдаа дэлгэрэнгүй тусгадаг болсон байна. Ингэхдээ бүрэлдэхүүнд нь шүүгчид, хуульчид, хуулийн профессор, энгийн иргэд, төрийн албан хаагчид гээд өргөн төлөөллийг оролцуулж байна.
-Нөгөө талдаа шүүгч нарыг хариуцлагатай байлгахаар шүүхийн сахилгын хороо байгуулах заалт бас бий. Энэ хороог байгуулах нь зөв гэж харж байна уу?
-Шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулах болон шүүгч хариуцлага хүлээдэг байх тухай ойлголтууд бол нэг тэрэгний хоёр дугуй юм. Шүүгчийн хариуцлагын тухай эрх зүйн зохицуулалт шүүхийн бие даасан байдалтай шууд холбоотой. Гаднын нөлөөллөөс ангид байлгах, хараат бус байдлыг нь хуулиар хамгаалахтай зэрэгцээд шүүгч хариуцлага хүлээдэг байх ёстой. Энэ бол авлига авсан, мэргэжлийн ёс зүйг уландаа гишгэсэн шүүгчийг чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын шийтгэл ногдуулах замаар хариуцлага тооцох эрх зүйн боломж юм. Ийм чиг үүрэг бүхий хараат бус хороо байгуулж чадвал энэ нь эргээд шүүхийн бие даасан байдлыг хамгаалах зохицуулалт болох юм.
-Бас нэг шүүмжлэл, маргаан дагуулж байгаа асуудал бол Засгийн газрыг огцруулах буюу нэмэлт өөрчлөлтийн 43.1 дэх заалт байх шиг байна. Энэ заалтыг Засгийн газрын тогтвортой байдлыг хангахын тулд оруулж ирсэн гэж төсөл санаачлагчид тайлбарлаж байсан?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дотор судлаачдын олонх нь санал нэгдсэн нэг зүйл бол гүйцэтгэх эрх мэдэл тогтвортой ажиллах, мөн хариуцлагыг нь нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бүлэг зохицуулалтууд юм. Засгийн газар танхимын зарчмаар ажиллах, Ерөнхий сайд нь Засгийн газраа бүрдүүлж, сайд нартайгаа өөрөө хариуцлага тооцдог байх тухай санаа нь газрын гаваас гэнэт гарч ирээгүй, өмнөх төслүүдэд ч тусгагдаж байсан зохицуулалт. 43.1-т Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавивал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно гэж байгаа. Нэг талаас нийт гишүүний олонхын дэмжлэг авах босго, шинэ Ерөнхий сайдыг томилох саналыг хамтад нь хэлэлцэх зохицуулалт зэрэг нь Засгийн газрыг тогтвортой байдлыг хангахад чиглэсэн зохицуулалт юм. Нөгөө талаас УИХ-ын дөрөвний нэгээс доошгүй нь санал тавих эрхтэй гэсэн нь цөөнхөөс Засгийн газарт хяналт тавих боломж юм.
-Эцэст нь онцлоход эрх баригчдын зүгээс болон хууль тогтоогчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэн нэгний “захиалга, дарамт” шахалтаар хийгээд байна гэдгийг намын гишүүд нь ч олон нийт ч хэлээд байна. Энэ нь өөрөө хууль тогтоох дээд байгууллага, УИХ-ын нэр хүндийг унагах вий. Нөгөө дордуулсан өөрчлөлт болчих вий гэсэн болгоомжлол бас байна. Та юу гэж харж байна?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зөвхөн шударга ёс, үндсэн хуульт ёсны захиалгаар л хийнэ. Улсын тусгаар тогтнол, нийт иргэдийн эрх ашигт үндэслэсэн байх учиртай. Үндсэн хуулийн хяналтыг сайжруулах, Засгийн газрыг тогтвортой, хариуцлагатай болгох, шүүхийн бие даасан байдлыг хангахад чиглэсэн төслийн заалтууд энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн амин сүнс нь юм. Шинжлэх ухаанд necessary cause буюу зайлшгүй нөхцөл sufficient cause хангалттай нөхцөл гэсэн ойлголт байдаг. Шүүхийн бие даасан байдлыг баталгаажуулах, гүйцэтгэх засаглалыг хариуцлагажуулах, Үндсэн хуулийн хяналтыг сайжруулахад чиглэсэн төслийн заалтууд бол төрийн эрх мэдлийн хуваарилалтыг зохистой гольдролд нь оруулах зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шалтгаан мөн. Олон жил хуримтлагдсан гишүүдийн зохисгүй үйл ажиллагааны нөлөөнөөс болж УИХ нэр хүндээ алдсан. Парламентын засаглал, шүүх эрх мэдэл, шударга ёсонд итгэх иргэдийн итгэлийг сэргээх гэж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яригдаж байгаа биз дээ. Хууль тогтоох байгууллагын нэр хүнд цаашид хэрхэх нь энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй мэдээж холбоотой.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ