Монгол-Хятадын экспо Улаанцав хотод эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.09.06-нд нийтлэгдсэн

Монгол-Хятадын экспо Улаанцав хотод эхэллээ

Монгол-Хятадын экспо Улаанцав хотод эхэллээ

News агентлагийн сэтгүүлч Э.Уранцэцэг гурав дахь удаагийн Монгол-Хятадын экспо болж буй ӨМӨЗО-ны Улаанцав хотоос мэдээлж байна-

Монгол-Хятадын гурав дахь удаагийн экспо өнөөдөр /2019.09.06/ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотод эхэлж байна. Гурав дахь удаагийн энэхүү арга хэмжээ нь “Хятад-Монгол-Орос гурван улсын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, Зүүн Хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулья” уриалгатайгаар есдүгээр сарын 06-10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хот, Улаанцав, Тунгляо хотод зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн форумд ОХУ, БНСУ, Япон, Израиль зэрэг улс зочноор оролцож байна.

Экспоны үеэр:

• Зүүн Хойд Азийн бүс нутгуудын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулган
• Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулган
• Монгол-Хонгконг-Макао-ӨМӨЗО-ны эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны хурал
• Монгол-Хятадын стандартчилалын форум
• Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн салбар дахь хууль зүйн үйлчилгээний хамтын ажиллагааны форум
• Монгол-Хятадын хамтарсан технологи дамжуулалт ба инновацийн хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн форум
• Монгол-Хятад-Оросын боловсролын үзэсгэлэн
• Ноолуурын салбарын хөгжлийн өндөр түвшний олон улсын форум
• Олон улсын монгол эм, эмнэлгийн салбарын хөгжил
• Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа
• Монгол-Хятадын олон улсын соёлын солилцооны долоо хоног зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

УЛААНЦАВ ХОТ НЬ ХЯТАД, МОНГОЛ, ОРОС ГУРВАН УЛСЫН ЛОГИСТИКИЙН ТӨВ БОЛОХ БОЛОМЖТОЙ

ӨМӨЗО-ны Улаанцав хот нь Монгол, ОХУ, БНХАУ гурван улсыг холбох тээврийн логистикийн төв гэж хэлж болохоор юм. Учир нь, энэ нутагт “Улаанбаатар – Улаанцав – Улаан-үд хотын хамтын ажиллагаа” гэсэн хэлбэрээр гурван хотын хамтын ажиллагаа идэвхжиж байна. Энэ хүрээнд гурван хотын дарга нарын уулзалт, гурван хотын эдийн засаг, хамтын ажиллагааны бизнес форум, гурван улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээ зохион байгууллагддаг бөгөөд энэ удаагийн Монгол – Хятадын экспо нь тус хотын хувьд хоёр улсын Засгийн газар хоорондын анхны томоохон арга хэмжээ болж байгаа ажээ.

Мөн тус хотын гэр ахуйн хэрэгслийн бүтээгдэхүүний хүрээлэн нь ОХУ-аас мод, модон бүтээгдэхүүнээ импортлохдоо Монгол болон Манжуурын нутаг дэвсгэрээр дамжуулан авч, гэр ахуйн тавилга үйлдвэрлэж, түүнийгээ Монгол Улс, ОХУ болон Зүүн Европын улс орнуудад экспортолж байна.
Үүний зэрэгцээ, Улаанцав хотод Хятад – Европын олон улсын галт тэрэгийн ачаа тээврийн компани нь 2017 онд гурван замыг нээжээ.

Тухайлбал, төв зам нь Улаанцаваас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин Москва хүрнэ, баруун зам нь Бээжингээс Улаанцаваар дамжин Зүүн Европын нутаг дэвсгэр хүрэх, зүүн зам нь ОХУ-аас Манжуурын нутаг дэвсгэрээр дамжин Улаанцавт хүрнэ. Харин буцах зам нь Эрхүүгээс Улаанбаатараас дамжин Улаанцав ордог гэдэг утгаараа Хятад, Монгол, Орос гурван улсын логистикийн төв болгон хөгжүүлэх боломжтой гэж үзэн, хөгжүүлж байна.

Улаанцав хот нь БНХАУ-ынхаа хувьд зуслангийн төв болсон газар аж. Учир нь тус хот нь Бээжинтэй хамгийн ой тал нутаг ажээ. Иймээс их хотын шуугианаас түр амсхийх гэсэн хүмүүс энэхүү хотыг зорин ирдэг гэнэ. Үүний тулд энэ ондоо багтаан хурдны галт тэргийг ашиглалтад оруулах ажээ. Тодруулбал, Улаанцав хотын Жинин дүүрэг Бээжингээс 320 км, Хөх хотоос 130 км, Эрээнээс 350 км, Датун хотоос 100 км зайтай бөгөөд Тяньжин зэрэг далайн хэд хэдэн чухал боомтыг холбосон төмөр зам, автомашины зангилаа аж. Хөх хот Улаанцавыг холбосон 126 км хурдны төмөр зам ашиглалтад орсноор 40 минутын дотор нэгнээс нөгөөд нь зорчих боломж нээгдэх ажээ. Энэ төмөр зам нь энэ 2019 ондоо багтаад ашиглалтад орох ажээ.

БНХАУ-ын Засгийн газраас Улаанцав хотыг олон улсын худалдааны төв болгох зорилтын хүрээнд Бээжинд үйл ажиллагаа явуулдаг байсан Яабаолу төвийг 2016 оны сүүлээр тус хотод шилжүүлжээ. Мөн тус хотыг “Big Data” чиглэлийн хөрөнгө оруулахад хамгийн тохиромжтой хот гэж үзэж байгаа бөгөөд Хятадын Huawei компани нь Улаанцавд дата төвөө байгуулжээ. Мөн Apple компани өөрийн дата төвийг байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Үүний зэрэгцээ, тус хотын хүн ам газар тариалан эрхэлж, улаан буудай, юймэй гурил, чихэрт төмс, ургамлын тос ихээр үйлдвэрлэдэг юм байна. Тодруулбал, Улаанцав хот нь БНХАУ-д үйл ажиллагаа явуулж буй KFC түргэн хоолны газрын төмсийг хангадаг ажээ. Мал аж ахуй сайн хөгжсөн тул арьс шир, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд олонтой бөгөөд БНХАУ-ын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, экспортлох чухал нутаг гэж үздэг юм байна.

Сонирхуулахад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хот нь хойд талаараа Монгол Улстай 190.81 км газраар, зүүн хойгуураа Шилийн гол, өмнө хэсгээрээ Хөбэй муж, Шаньши мужтай, баруун талаараа Бугат, Хөх хот, Ордос хоттой хиллэдэг. Нийт 54.5 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, далайн түвшнөөс 2000 метрт өргөгдсөн, сэрүүн уур амьсгалтай хур тунадас ихтэй.
Тус хот нь нийт 2.8 сая хүн амтай бөгөөд үүний 63 мянган нь монгол үндэстэн оршин сууж байна. 2018 онд хотын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 20 мянга 501 юаньд хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.6 хувиар өсчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж