-АЗИЙН ОРНУУД НҮҮРСНИЙ ЦАХИЛГААН СТАНЦЫН ТООГОО ХУРДТАЙ НЭМЖ БАЙНА-
Монгол Улс өмнөд хөрштэйгөө стратегийн түвшинд харилцах боломж нээгдсэнтэй холбоотойгоор энэ онд нүүрсний экспортын түүхэн дээд үзүүлэлтээ дахин шинэчлэхээр байна. Улсын төсвийн орлогыг зэстэй хоршин бүрдүүлж буй нүүрсний үнэ 2019 онд тогтвортой байхаас гадна ашгаа нэмэгдүүлэх завшаан олгож буй юм.
Хятадын нүүрсний бодлого өөрчлөгдөх хэрээр Монголыг Австралийн зиндаанд авч үзэх болж, Монголоос авах нүүрсний хэмжээгээ өмнөд хөрш 36 сая тонноор хязгаарлахгүй, илүү өсгөх боломжтойгоо мэдэгдсэн билээ.
Манай улс 2019 онд түүхэндээ анх удаа 42 сая тонн нүүрс экспортолж, үүнээс хамгийн багадаа 1.3 их наяд төгрөг олохоор төлөвлөсөн. Оны эхний найман сарын байдлаар 33 сая тонн нүүрс олборлож, 25 сая тонн нүүрс экспортолжээ. Нүүрсний зах зээлийн гол тоглогч Хятадтай манай улс хиллэдэг нь бидэнд бусад улсаас илүү боломж олгож буй юм.
Нүүрснээс ашиг олох хамгийн гол хөшүүрэг нь тээвэрлэлт. Өнөөдрийн байдлаар салбарын мэргэжилтнүүд “Өрсөлдөөнд тээвэрлэлтгүй, нэвтрүүлэх чадваргүй бахь байдгаараа л байна” хэмээн шүүмжилсээр байгаа билээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрсний хэлтсийн дарга Н.Мэндбаярын мэдээлснээр, 2019 онд уул уурхайн салбар улсын төсөвт 17.7 их наяд төгрөгийн татварын орлого оруулсны 14.4 хувь нь нүүрсний салбараас оржээ. Мөн 2019 оны эхний долоон сарын байдлаар улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлснээс 22.2 тэрбум нь алтнаас орж ирсэн байна. Эндээс нүүрс алтнаас ч “үнэ”-тэй байгааг харуулж буй юм.
Нүүрсний салбар нь нийт 13.000 хүнийг тогтвортой ажлын байраар хангаж буй, Монголын төсөвт тэргүүлэгч байр суурьтай салбар билээ.
Уул уурхайн компанийн түүхий нүүрсний гарц энэ оны эхний хагаст 2.2 хувиар өсчээ. MMC компаний нүүрсний олборлолт оны эхний хагас жилийн байдлаар 4.38 сая тонн болсон бол Тавантолгойн Ухаа худаг уурхайгаас 3.97 сая тонн түүхий нүүрс олборлосон үзүүлэлттэй. Баруун Нарангийн нүүрсний уурхайгаас түүхий нүүрсний олборлолт 405 мянган тонн байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 41.9 хувиар буурсан үзүүлэлт юм.
Олон улсын нүүрсний зах зээл дээр сонирхолтой өөрчлөлтүүд бий болсоор байна. “Climate Transparency”-ээс гаргасан тайлангаас харахад, Азийн орнууд нүүрсний цахилгаан станцуудын тоогоо хурдтай нэмж байгаа ажээ. БНХАУ, Япон, БНСУ-ын банк санхүүгийн байгууллагууд нүүрсний цахилгаан станц барих шинэ төсөлд хамгийн их зээл, санхүүжилт олгож байгаа юм байна. Манай урд хөрш БНХАУ болон Энэтхэг, Турк улс нүүрсний хэрэглээгээ нэмэхээр төлөвлөж байгааг шинэ тайланд дурджээ.
Хойд хөрш ОХУ-ын хувьд дулааны нүүрсний үйлдвэрлэл 2035 онд 550 сая тонн болж нэмэгдэх төлөвтэй байгаа аж. 2035 онд ОХУ-ын эрчим хүчний нүүрсний үйлдвэрлэл 100 сая тонноор нэмэгдэж, одоогийн байдлаар ОХУ-ын жилийн нүүрсний олборлолтын хэмжээ 440 сая тонноос давсан нь 2030 оны үйлдвэрлэлийн төлөвлөсөн хэмжээнээс бараг 10 хувь илүү байх нь.
БНХАУ-ын зах зээлд өрсөлдөж буй ОХУ нүүрсний зах зээлээ тэлэхээр зорьж, 2025 он гэхэд нүүрсний олборлолт, тээврийн дэд бүтцээ сайжруулахаар 22.4 тэрбум ам.доллар зарцуулахаар болжээ. Ингэснээр одоогийн олборлолтын хэмжээгээ 2035 он гэхэд жилийн 550-670 сая тонн болгож, хоёр дахин өсгөхөөр тооцоолж буй юм байна.
Австрали БНХАУ-тай он дамнан сунжирсан 5G тэргүүтэй технологийн маргаанаа эцэслэх, улмаар нүүрсний саармагжсан худалдаагаа дахин сэргээхээр шамдаж байгаа ажээ. Сүүлийн хоёр сарын хугацаанд далайн боомтоор Хятад руу тээвэрлэх Австралийн нүүрсний экспортод сэргэлт ажиглагдаж, нүүрсний биет хэмжээ нэмэгдсэн байна. Энэ нь өмнөд хөршийн нүүрсний зах зээлд байр сууриа бэхжүүлэхээр зорьж буй манай улсын хувьд өрсөлдөөн улам ширүүсэх, нүүрсний үнэ уруудах бодит эрсдэлд тооцогдож буй юм.
Далайн боомтоор Хятад руу тээвэрлэх Австралийн нүүрсний экспорт буурч, Монгол болон бусад улс орны экспорт өсөх хандлагатай байгаа ажээ. Энэ байдал тогтвортой хэвээр хадгалагдана гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хятадын эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ 2-3 жилийн дараа огцом буурч болзошгүй бол коксжих нүүрсний эрэлт буурахгүй, тогтвортой байх нь.
Гадны хөрөнгө оруулагчид Монголын коксжих нүүрсний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Бид нүүрснээс илүү их ашиг олохыг хүсвэл уул уурхайн салбартаа тогтвортой бодлого баримтлах зайлшгүй шаардлагатай юм. Мөн Хятад руу транзит төмөр замаа барьж, нүүрсний экспортоо нэмэгдүүлж чадвал Монгол Улсын эдийн засгийн хөгжилд маш том өөрчлөлт авчрахыг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.
Сайн чанарын нүүрс чухал тул нүүрсний чанараа сайжруулахад анхаарч, баяжуулах үйлдвэрүүдээ барих хэрэгтэй. Дээр нь хил гаалийн шуурхай ажиллагааг хангах нь ашиг орлогын "үүд"-ийг улам нээж өгөх юм.
Холбоотой мэдээ